Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төвийн бүсийн буюу нийслэл, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн 200 гаруй мэргэжилтэн сургалтад хамрагдлаа.
ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд салбарын бодлого зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулжээ.
Бүсчилэн зохион байгуулж буй сургалт зөвлөгөөний гол ач холбогдол нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбар яамны бодлого чиглэл, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон талын мэдээллийг нэг дор олгож буйд оршиж байгаа аж.
Сургалт зөвлөгөөний үеэр малын гоц халдварт өвчний үеийн "Хээрийн мал эмнэлэг дэлгэх" үзүүлэх сургуулилт болж, малын гоц халдварт өвчин гарсан үед анхан шатанд ямар арга хэмжээ авах, илрэх шинж тэмдэг, хорио цээр тогтоосон бүс нутагт хэрхэн ажиллах зэргийг Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ууд хамтран үзүүлжээ.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл гардуулан өгсөн нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүдэд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр боллоо гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Г.Нис
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )