НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар: Гарын үсгийг хүчээр зуруулна гэж юу байх вэ

2017 оны 08 сарын 23

Эрх баригч МАН-д дотоод асуудлаас үүдэлтэй ихээхэн үйл явдал өрнөж байна. Нийслэлийн Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид нэгдэж, хариуцлага тооцох асуудал дээр гарын үсэг цуглуулж байгаа. Тэгвэл намдаа өөрчлөлт хийх цаг болсон гэдэг итгэл үнэмшлээр гарын үсгээ зурсан НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатартай ярилцлаа.

-Монгол Ардын нам дотооддоо хөдөлгөөн ихтэй байна. Зарим нь ерэн жилийн түүхт МАН шинэчлэгдэх цаг боллоо гэж ярьцгаах боллоо. Намын гишүүний хувьд энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Танай нам шинэчлэгдэж чадах уу?

-МАН дотор шинэчлэлийн салхи сэвэлзэж байна гэж ярьж байна. Зарим нь намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ бол аль намын дүрмэнд сууж өгсөн асуудал юм. Дөрвөн жилийн сонгуулийн үр дүнгээр ард түмэн тухайн намд шинэчлэл хийгдэх ёстой юу, үгүй юу гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Манай намын хувьд УИХ-д олонх боллоо, Нийслэлд ч мөн олонх болж чадлаа. Энэ бол ард түмний итгэл юм. Гэвч энэ итгэлийг Ерөнхийлөгчийн сонгуулиар алдчихлаа. Тийм учраас МАН-ын үндсэн дүрмээрээ өөрчлөлт, шинэчлэлтийг хийх ёстой цаг үе ирчихээд байна. Шинэчлэл, өөрчлөлтийг ярьж байгаа хүмүүс дунд зөв, зүйтэй зүйлсийг ярьж байгаа хүмүүс байна. Мөн буруу ташаа зүйлс ярьж, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдаж байгаа хүмүүс байгаа юм. Тэд нэн яаралтай уучлалт хүсэх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл буруу үйлдэлдээ гэмшиж, уучлалт хүссэн хүн алга.

Үнэндээ нэг хүнээс болж улс төрийн ууган хүчин нийгэмд буруугаар ойлгогдох хэмжээнд хүрчихлээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шүү дээ. 60 тэрбум гэх үг, энэ хэлбэр дүрснээс болж манай нам нийгэмд харагдахаа больж эхлээд байна. Тиймээс намынхаа нэр хүндийг өргөх, ард түмний өгсөн итгэлийг хариулахын тулд хариуцлагатай байж, дор бүрнээ ухамсарлаж, алдаагаа хүлээн зөвшөөрч, шинэчлэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Миний хувьд нийслэлийн иргэдийнхээ төлөөлөл учраас нийслэлд хийх, зохицуулах маш олон ажил байна. Тэдгээрийн нэг нь өөрчлөлт, шинэчлэлтийн асуудал юм. Намынхаа нэр хүндийг унагаж байгаа хүмүүс өөрсдөө санаачлагаараа хариуцлага хүлээдэг байх учиртай. Тиймээс нэн тэргүүнд хурлаа хуралдуулж уг асуудлыг хэлэлцэхийн тулд НИТХ-ын ихэнх төлөөлөгчид гарын үсгээ цуглуулж, нэгдмэл байр сууриа илэрхийлсэн байгаа.

-Хэчнээн төлөөлөгчийн гарын үсэг цугларсан бэ. Мөн хэдэн төлөөлөгч нэгдэж байж, асуудал хэлэлцэх эрх нээгдэж, НИТХ-ыг хуралдуулах ёстой байдаг вэ?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас 34 төлөөлөгч бий. Миний мэдэж байгаагаар 16 төлөөлөгч гарын үсэг зурж, дүрмийнхээ дагуу хурлаа хуралдуулж, асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Ер нь 5 төлөөлөгч санал гаргасан ч иргэдийн хурал хуралдах ёстой байдаг. Тиймээс энэ асуудлыг хойшлуулалгүйгээр хэлэлцэх зайлшгүй шаардлага тулгараад байна л даа. Гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тоо 16 гээд зогсчихоогүй. Нэмэгдэж байгаа гэж дуулсан. Хэрвээ 30 төлөөлөгч гарын үсгээ зурсан бол тэргүүлэгчдийн хурлыг хүлээлгүйгээр шууд хуралддаг дүрэмтэй. Гарын үсгээ зурахаа илэрхийлсэн, мөн зурж байгаа гээд төлөөлөгчдийн тоо 27-д хүрээд байна. Тэгэхээр асуудлыг ээлжит бусаар хэлэлцсэн ч болохоор нөхцөл үүссэн. Харин ямар шийдвэр гарах вэ гэдгийг олонх шийднэ. Ийм л асуудал нийслэл даяар өрнөж байна. Энэ бол хэдхэн төлөөлөгч гарын үсэг зурсан төдий асуудал биш юм. Энэ бол сонгогч түмний хүсэл шаардлага, өөрчлөлт, шинэчлэл хийж, нэн яаралтай ажилдаа ороочээ гэсэн үүрэг даалгавар юм.

-Танай бүлгээс төлөөлөгчид өөрийн санал, хүсэлтээр гарын үсгээ зурцгааж байна гэлээ. Үүн дээр АН-ын төлөөлөгчид нэмэгдвэл асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болохоор харагдаад байгаа юм. Ер нь АН-ын төлөөлөгчид ямар байр суурьтай байна вэ. Гарын үсгээ зурсан төлөөлөгчид тэдэнтэй уулзаж, ярилцсан болов уу?

-Миний хувьд АН-ын нэг ч төлөөлөгчтэй уулзаагүй. Энэ асуудлыг болж өгвөл дотооддоо хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Дотооддоо намын бүлэг дотроо асуудлаа шийдвэрлэх бүрэн боломж, бололцоог иргэд, сонгогчид бидэнд олгосон. Тиймээс АН-аас дэмжлэг хүсэх шаардлагагүй гэж хувийн зүгээс бодож байна. Мэдээж тэд ч бас иргэдийн төлөөлөл. Тиймээс аливаа асуудлыг яаралтай шийдвэрлэж, үндсэн ажилдаа орохыг хүсч л байгаа байлгүй дээ. Гэхдээ бид 34-лээ сууж байгаа асуудлаа ярья гэсэн. Бүлгээ хуралдуулья, бүлэг дотроо асуудлаа шийдье. Тэгээд нэг шийдэлд хүрье. Хүрсэн шийдвэртээ үнэнч ажиллая гэж байгаа юм. Ийм боломж бололцоо бидэнд байна шүү дээ. Ийм үзэл бодолтойгоор гарын үсгээ зурж, шаардлагаа хүргүүлсэн.

-Иргэд сонгогчид танай намаас шинэчлэл, өөрчлөлтийг хүсч байна. Та бүгдийн гарын үсэг зурсан явдал ч үүнтэй холбоотой болов уу. Таны хувьд намынхаа шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд энэ өөрчлөлтийн хөдөлгөөнийг шинэ зүйл гэж харахгүй байгаа. Намын үндсэн дүрмийн хүрээнд өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх ёстой. Сайн бол сайшаан магтаж, муу бол муугаа ярьж, хариуцлага хүлээдэг байх учиртай. Энэ л зам дээр манай нам ирчихээд байна.

Олон нийтэд манай нам доторх асуудал их хурц шинжтэй харагдаж байгаа байх. Тиймэрхүү үйл явц ч бас байгааг үгүйсгэхгүй. Нам дотоод асуудлаа хэлэлцэж байна. Их бага хурал хуралдана. Энд дотоод асуудлаа хэлэлцэнэ. Даруу шийдэх ёстой л доо. Нийслэл ч бас дотоод асуудлаа дотооддоо л шийдвэрлэх шаардлагатай. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, үндсэн ажилдаа орохгүй сэрүү орчихлоо, өвлийн улирал хаяанд ирчихлээ.

-Гарын үсэг зурсан зарим төлөөлөгчид байр суурьнаасаа буцаж байгаа зүйл харагдсан. Зарим нь хүчээр гарын үсэг зуруулсан гэж мэдэгдэл хийгээд явсан. Ер нь та бүгдийг гарын үсгээ зур гэж тулгаж шаардсан зүйл байгаа юу?

-Гарын үсгийг хүчээр зуруулна гэж юу байх вэ. Үүнийг би ойлгохгүй байна. Хэрвээ өөрөө хүсээгүй байж хүчинд автаж гарын үсэг зурсан бол их л тааруу толгойтой нөхөр байж таарах нь. Хүн чинь өөрөө өөрийгөө мэддэг юм байгаа биз дээ. Тэгээд ч олон хүний итгэлийг хүлээж, сонгогдсон төлөөлөгч хүн ийм өөрийн бодол, итгэл үнэмшилгүй, хүний хүчинд автаад гарын үсэг зурчихлаа гэж ярьж явж болохгүй. Энэ нийгэмд хүнийг хүчээр гарын үсэг зуруулдаг үзэгдэл байхгүй байх. Үүнд би итгэхгүй байгаа. Цуу яриа байлгүй дээ.

- 60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах тухай бичлэг тарснаас үүдэж, МАН-ын нэр хүнд нэлээд уналаа. Ер нь албан тушаалыг худалдаж авч болох уу?

- 60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах тухай яригдсан тэр бичлэгийг албан ёсных мөн гэж баталсан зүйл алга. Гэхдээ нийгэм даяар энэ асуудлыг ярьж байна. Тиймээс цаана нь асуудал байна л гэсэн. Хэрвээ асуудал байгаа бол ажлаа өгдөг л байх хэрэгтэй. Энэ хариуцлагагүй явдал. Зарим алдсан бол түүнийхээ хариуцлагыг хүлээдэг л байх ёстой шүү дээ. Намын дүрэмдээ ч энэ тухай тусгасан байгаа.

Албан тушаалыг наймаалцаж болохгүй. Үүний эсрэг явдаг. Тухайн нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд боловсон хүчнээрээ дамжуулж үйл ажиллагаагаа явуулдаг. Нам олонхоороо хэлэлцэж байж тухайн албан тушаалд боловсон хүчнээ томилдог. Тэгэхээр албан тушаалыг наймаалцаад байх боломжгүй гэж харагдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.46) 2017 оны 08 сарын 31

Ямар эвгүй харцтай хүн бэ арьсаа татуулаад давхраа хийлгэцэн юм уу хаашаа юм

0  |  0
Иргэн(122.201.31.109) 2017 оны 08 сарын 23

ЭНЭ ТӨМӨРБААТАР БОЛ МАН-ын доторхи хамгийн аюул агуулсан ЛУЙВАРЧИН шүү... Цэвэр хүн биш шүү.... САНДУЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ....

0  |  0
МАН ичээсэй(122.201.31.213) 2017 оны 08 сарын 23

Наймаалцсаныг чинь ард түмэн мэдэхгүй гэж бодоод байгаа юм уу одоо тэр 60 тэрбумынханыг өмөөрөөд байгаа нөхдүүд чинь мөнгө төлөөд ажил авчихсан Сундуйг өөрчлөгдвөл тэр ажлаа алдчих гээд үхэн хатан хамгаалаад байгаа шүү дээ. МАН бол тэр 90 жилийн түүхтэй нам биш Монголын Авилгалчдын Нам болсон

0  |  0
Top