Зам дагасан ”үхэл”

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

Монголчууд зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Нээрээ ч тийм. Төмөр  замыг дагаж  хот суурин, төмөр замчдын өртөө, зөрлөг байгуулагдаж хөгжил ирсэн. Өдгөө аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбож, үүнийг дагаад хөгжил айсуй нь үнэн. Эдийн засаг талаасаа гэхэд шатахуун, тосны зардал хэмнэх, техникийн эвдрэл гэмтэл багасах гээд “хэмнэлттэй” зүйл байдаг л байх. Сайн зүйлийг заавал сөрөг зүйл дагадаг гээд орхиж болохгүй зүйл нь  орон нутгийн зам дээр гарч байгаа авто тээврийн осол, түүнийг дагасан хүний алтан амь насны асуудал. Зам дагаж үхэл ирж байна. Замын цагдаагийн албаны хүний хэлсэнээр “ Хот суурин ялангуяа Улаанбаатар хотод зам тээврийн ослын 80-90 хувь нь  гардаг. Арваад хувийн осол орон нутгийн замд.Гэтэл эсрэгээрээ авто тээврийн ослоор нас барагсдын 80-90 хувийг орон нутгийн замд гарсан ослууд эзэлдэг” гэсэн нь нэгийг бодогдуулна.  

Монгол Улсын хадгаламж эзэмшигчдийн 98 хувь нь 2 хүрэхгүй хувийг эзэмшдэг, 2 хувь нь нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшдэг гэдэгтэй адил сонсогдоно.  Нэг үеийг бодоход аймгуудын төвүүдийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимжиж, зам харгуй сайжрахын хэрээр жолооч нарын анхаарал болгоомжгүй байдал улам бүр нэмэгдсэн. Хотын ачаалал ихтэй замаас гарч  “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэгчээр  хурд  хэтрүүлж эсвэл  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсанаар олон хүний амь насыг эрсдэлд оруулна. 2017 он гарсаар авто тээврийн ослын улмаас 165 хүний амь нас хохирчээ. Дайн самуунтай улс орнуудад ч хагас жилийн дотор  ийм олон хүн энддэггүй гэж бид ярьдаг ч байдал улам дордох шинжтэй.

Сэлэнгэ, Төв, Дундговь, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл зэрэг  аймгийн нутаг дэвгэрийн хатуу хучилттай авто замуудад гарсан осол  дийлэнх хувийг эзэлжээ. Ингэж л өөрсдийнхөө хариуцлага, болгоомжгүйгээс болж  хөгжил авчирах замыг үхэл тээх зам болгоод байна.

Замын цагдаагийн албанаас босоо , хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замуудын осол аваар их гардаг цэгүүдийг тэмдэглэн, байнгын хяналт, шалтгалт тавьж байгаа ажээ. Гэвч иргэдийн ухамсар чухал. Сайхан зам гэж  давхиад байх нь сайн зүйл дагуулахгүй нь үнэн. 

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.3.87) 2017 оны 08 сарын 24

Орон нутагийн бүх замуудад камер байршуулаа.Бас хурд хэтрүүлж болохгүй гэж тэмдэг тэмпэглэгээ олноор хийж өгөө.Цагдаа нар постноосоо гадна орон нутгийн замуудад хяналт тавьж 100 km тутамд шалгалт гаргаа.Хурд хэмжигчүүд тавь.Аюулгүй явах баталгаа алга байна шүү.

0  |  0
Top