Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөнжин” 11-р цэцэрлэгийн багш ажилчид өөрсдийн хүчээр гаднах талбайгаа зүлэгжүүлж, усан оргилуур хийж, тоглоомын талбайгаа шинэчлэн бүтээлч ажил өрнүүлж хүүхдэд ээлтэй эко орчин бүрдүүлжээ.
Аймгийн Засаг дарга Л.Ганболд 11-р цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах үеэрээ “Мөрөнжин” цэцэрлэгээр зочиллоо. Тус цэцэрлэг нь хотын төвөөс зайдуу гэр хороололд байрладаг боловч цэцэрлэгийн эргэн тойронд мод, бут сөөг, цэцэг тарьж хэн бүхэнд таатай сэтгэгдэл төрүүлэх тохижилтыг хийжээ. Мөрөн хотынхоо өнгө үзэмжид анхааран жил бүр амралтын цагаа хүүхдүүддээ ээлтэй орчин бүрдүүлэхэд анхааран ажилладаг тус хамт олонд аймгийн Засаг дарга баяр хүргэлээ.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Л.Мижиддорж: “Цэцэрлэгийн урсгал засвар дуусч хүүхдүүдээ авахад бэлэн болсон. Харин цэцэрлэгийн салхин талд нь халуун ус ажиллаж, нүүрсний утаагаар утаж, тоосонцор их байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Халуун усны барилга нь дулааны шугамд холбогдоогүй, уурын зуух ажиллуулж байгаа нь 11-р цэцэрлэгийн багш, ажилчид, бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа”-г шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Аймгийн Засаг дарга энэ асуудлыг холбогдох байгууллагатай хамтран нэн даруй шийдвэрлэнэ гэдгийг хэлэв.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )