Танин мэдэхүй: Ургамлын ертөнц дэх паян

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

 "Мээмтэй мод" 

Алив амтны хөх дэлэнгээс сүү гардаг. Гэтэл модноос гардаг нь хачирхалтай. Бразили дахь Ама-Зонк орчимд маш шигүү модтой тул мал бэлчих газар байхгүй, тэгээд ч сүү сааль ашиглах боломжгүй аж. Харин байгаль дэлхий энэ дутагдлаа залруулж мээм гэж нэрлэдэг нэгэн сонин мод энэ нутагт заяажээ. Тэр модноос сүү шиг цагаан шүүс гарна. Эхний удаад мээм модноос гарах шүүс буюу сүү нь гашуувтар амттай боловч бага зэрэг ус холиход сүүнээс ямарч ялгаагүй, тослог чанартай жирийн сүү мэт болдог байна. Үнээний оронд саадаг тэр мод нэг удаадаа 2-4 литр сүү өгдөг тул мээм модыг тус нутагт үржүүлдэг болжээ.


"Өндөр настай царс"

Хус мод 200, гацуур 300, хар мод 400 жил насалдаг. Харин царс мод 1000 жил хүртэл насална. Үүгээрээ царс урт настны тоонд багтана. Оросын Калиниград мужид нэгэн аварга царс ургадаг бөгөөд зургаан алд өргөн, 40 метр өндөр, 600 хавтгай дөрвөлжин метр газрыг салаа мөчир, навчсаараа бүрхдэг энэ аварга мод эдүгээ 800 жилийн настай хэмээн ургамал судлаачид тодорхойлжээ. Тэдний үзэж байгаагаар энэ мод дахиад 200-300 жил амьдрах чадвартай гэнэ. Иймэрхүү царс Литвийн нутгаар элбэг тохиолдоно. Сурьенка голын хавиар зургаан метр өргөн, 900 настай царс модод ургадаг юм байна.


"Өгөөжтэй алимны мод"

Хоёр зууны турш ургацаа өгч байгаа нэгэн өглөгч буянтай алимны мод Эстони нутагт ургаж байна. Арван найман метр өндөр, дөрвөн метр гаруй бүдүүн алимны энэ модны нийт мөчир тойргийн урт тавин метр агаад маш арвин ургац өгдөг байна. Түүнээс дутуугүй өөр нэг өглөгч баян мод Узбекстанаас олдсон байна. Алим жимсний энэ мод эрдэмтдийн анхаарлыг гойд татсан гэнэ. Зургаан зуун бут бүхий тэр мод ганцхан үндснээс салаалан ургасан нь ер бусын явдал юм. Түүний бутнуудын жимс нь  нэг өнгөтэй, ижил хэмжээтэй байдаг аж. Ихээхэн ургацтай энэ модыг хамгаалалтдаа авсан байна. Тэр модыг хүн тариагүй, байгаль өөрөө  бүтээжээ.


"Лаа орлодог хожуул"

Ургамлын ертөнц санаанд оромгүй зүйлээр нэн арвин. Лааны оронд ашиглаж болдог нэгэн мод Панамын суваг хавьд ургадаг юм байна. Түүний хожууланд жирийн лааных шиг тос байдаг. Нутгийнхан тэр хожуулын дотор гол хийж лааны оронд хэрэглэдэг. Ийм лааны нэг ширхэг нь 3-5 цаг асдаг бөгөөд шатаад дуусахад түүнээс ямар ч үлдэгдэл үнс тоос гардаггүй нь сонин. Байгалиас заяасан энэ бэлэн лааг нутгийнхан өргөн ашигласаар олон жил болсон гэнэ. Гэрэл байнга унтардаг нийслэлийн гэр хорооллынхны хашаанд ийм мод ургадаг бол мөн сайхан аа.


Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top