УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үүрэг хариуцлага, итгэл үнэмшлээрээ Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан нь төр засгийг тогтворгүй байлгах, хэн нэгэн албан тушаалд горилж байна гэх асуудал байхгүй. Төр тогтвортой байна гэдэг бүх хүмүүс албан тушаал дээрээ байхыг хэлэхгүй. Төрийн бодлого тогтвортой байх учиртай. Тогтвортой байлгана гээд хэн нэгэн субъектийн ашиг сонирхлыг хангаж ажиллах ёсгүй.
Ажлаа хийж чаддаг нь хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд төрийн бодлого алдагдаж амласан хөтөлбөрүүд нь хэрэгжихгүй, шийдэмгий бус олон асуудал гарсан. Иргэдтэй уулзаад явж байхад хүртэл ийм байр суурийг илэрхийлж байсан. Төрийн бодлогыг тогтвортой авч явахын тулд Засгийн газарт хариуцлага тооцох санаачилга гарлаа гэж ойлгож байгаа учраас дэмжиж гарын үсэг зурлаа.
Засгийн газрыг огцруулах хууль зүйн үндэслэлүүдийг албан бичигтээ тодорхой тусгасан. Бид төрийн бодлогыг тогтвортой авч явах гэж ард иргэдийн саналыг авч талархлыг хүлээсэн учраас сонгогчдынхоо үгийг сонсох ёстой. Иргэдтэй уулзаад явж байхад сэтгэл дундуур байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа учраас Засгийн газрын шийдвэрээсээ буцдаг, үр дүнгүй байдлыг зогсоохын төлөө нэгдсэн. Энэ асуудал хуулийнхаа дагуу шийдэгдээд явах байх.
-Та намаа шинэчлэхийн төлөө байгаа юу. Залуу хүний хувьд намаа хэрхэн шинэчлэгдээсэй гэж хүсэж байна вэ?
-Аливаа юм нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж шинэчлэгддэг. Өнөөдөр тийм хэрэгцээ шаардлага үүссэн гэж харж байгаа. Ардын нам УИХ-д суугаа 65 хүн биш намын 220,000 гишүүний итгэж дэмждэг нам. Олон зуун мянган гишүүд, дэмжигч, холбоо, төрийн бус байгууллагууд намаа шинэчлэх санаачилга гаргаж байна гэдэг бол яах аргагүй хэрэгцээ шаардлага үүсжээ гэсэн үг.
Бид цаг үеэ мэдрэх ёстой. Өнөөдер 18, 30 настай залуус юу хүсч байна. Эмэгтэйчүүд, ахмадуудад юу хэрэгтэй байна гэдгийг мэдэрч тэдгээрт нийцсэн бодлого гаргах ёстой.Түүнээс бодлогоо тулгажболохгүй. Ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдвэр гаргахын тулд нам амьд байх ёстой. Хүн бүрдүүлж байгаа болохоос нам өөрөө хоосон орон зай.
Мэргэжлийн Засгийн газар байгууллаа гэхэд тухайн хүн нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Ингэж байж мэргэжлийн байж чадна. МАН-ыг цаашид илүү их шинжлэх ухаанчаар, эрүүлээр зөв шинэчлэх ёстой. Дарга нар солигдох нь шинэчлэл биш. Намынхаа бодлогыг шинэчилж ахмад, дунд, залуу үеийн холбоог илүү сайжруулах хэрэгтэй. Энэ гурван үеийн хэлхээг бүх түвшний томилгоо дээр харж дадлага туршлага дээр залуу хүмүүсийн эрч хүчийг нэмж байж хамтарч явна. Тиймээс намаа шинэчлэхийн төлөө явна.
-Бүлгийн хурал дээр ямар асуудал ярив. Байр сууриа нэгтгэж чадав уу?
-Гишүүд үзэл бодлоо илэрхийллээ. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан үндэслэлээ тайлбарлаж байна. Чөлөөтэй ярилцсан нээлттэй хурал боллоо. Бүлэг дотооддоо ярилцаж улс төрийн шийдвэрээ гаргана.
-Бүлгийн хурал дээр гарын үсгээсээ буцсан гишүүд байгаа юу?
-Гарын үсгээсээ буцсан гишүүн байхгүй. Гишүүдийн хувьд эргэж буцдаг, сэтгэл хөдлөлөөр гарын үсэг зурдаг зүйл байх ёсгүй.
-Концессын гэрээ Засгийн газрыг огцруулах үндсэн гурван шалтгааны нэг. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газрын тогтоол гарсан байхад дахиад компаниудад концесс өгнө гэдэг хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс цуцлах хэрэгтэй. Ер нь цөөхөн хэдэн хүний эрх ашгийн төлөө явах ёсгүй. Тэр тусмаа янз бүрээр нэгнээ харлуулах биш хэн хэнээ хүндэтгэх ёстой. Хэн ч юу ч гэж дарамталсан би итгэл үнэмшлээсээ буцахгүй. Шударга ёсны төлөө ажиллах болно.
-Багш нар цалин нэмүүлэх асуудлаар жагсаж байна. Цалин нэмэх асуудлаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Багш нар шаардлага тавьж байгаа нь зөв. Багш нарын цалинг нэмэх ёстой. Энэ утгаараа цалин нэмэх жагсаалд би оролцоно. Ийм бага цалин өгчхөөд шаардах эрхгүй болсон.Нийгмийн баталгаагаар хангах хуулийг нь боловсрууллаа. Мөн Төрийн албаны хуульд багшийн албыг үйлчилгээнийхээс тэргүүлэх үйлчилгээний алба болгох ёстой. Том төслүүдээ хөдөлгөөд багш нарынхаа цалинг нэмэх шаардлагатай.
-Цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн. 1.6 сая төгрөг болгож нэмэх бололцоо хэр байна вэ?
-Багш нар шаардлага тавьж болно. Гэхдээ олон түмний хүүхдийг хохироож болохгүй учраас ажил хаялт зарлах нь буруу. Ажил хаях асуудалд ёс суртахуунтай хандаж хамтдаа ярилцаж зөвшилцөөд шийдэх хэрэгтэй. Багш нарын хамгийн өндөр цалин нь 610 мянган төгрөг орчим байна. Цалингаа нэмүүлэх гэж шаардаж байгаа дүн нь нэлээд өндөр учраас шууд тийм хэмжээгээр нэмнэ гэдэг хүндрэлтэй. Төрийн үйлчилгээний албаны статусыг өөрчлөхгүйгээр шууд цалин нэмнэ гэдэг хэцүү. Мужаан, үйлчлэгчээсээ ялгаагүй болчхоод байгаа учраас Төрийн албаны хуульд багш нарыг тэргүүлэх үйлчилгээ зэргээр тусгах хэрэгтэй.
Багш нар төрийн жинхэнэ албан хаагч болъё гэж байсан. Уулзалт хийгээд явахаар төрийн жинхэнэ алба болчихоор хүсэж байгаа хэмжээний цалингаа авч чадахгүй. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагч гэхээсээ илүү тэргүүлэх алба гэж байж их дээд сургуулийн багш нар шиг хичээлээ заагаад бусад үед нь эрдэм шинжилгээний ажил хийх боломжоор нь хангадаг академик эрх чөлөөг нь олгох ёстой. Түүнээс төрийн жинхэнэ албан хаагч болоод цаг хугацаанд баригдахаар шатлалаар өндөр цалин авахгүй.
-Цалингаас гадна багшийн ажиллах, хүүхдүүдийн cvpax орчин хэр байдаг юм бол?
-Cvpax орчин гэхээс илүү гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлж болгох ёстой. Мөн ачаалалтай байгаа сургуулиудад туслах багшийн орон тоог нэмж өгөхгүй бол зургаан настай 50 хүүхэд суулгачхаад ярина гэдэг ямар билээ. Үүнийг өөрчлөхийн тулд туслах багш болон Багш хөгжлийн төвүүдийг сургуулиуд дээр заавал байгуулах шаардлагатай.
Багш хөгжлийн төвд интернетэд орж хичээл, хөтөлбөрүүдээ бэлтгэдэг байдал руу шилжүүлэх хэрэгтэй. Мөн боловсролын салбарт стандарт хэрэгтэй. Их дээд сургууль байгуулах гэж байгаа бол спорт заал, соёлын төв, номын сантай байх ёстой гэдгийг тогтоохгүй бол өнөөдөр нэгдүгээр давхарт сургууль нээчхээд хоёр, гуравдугаар давхарт орон сууц байлгаад байж болохгүй. Дунд, дээд сургууль ямар стандарт байх ёстойгоо барих л хэрэгтэй. Ингэж байж хүүхдүүд сурч боловсрох орчин нөхцөл бүрдэнэ.
-Багш нарын цалинг нэмэхээр эмч, цагдаа нар барьцана гэх шүүмжлэл байна. Мөн ахмад багш нарын асуудлыг Багшийн хөгжлийн хуулиар хэрхэн зохицуулж байна вэ?
- Эмч, багш нар төрийн тусгай албан хаагчдыг бодоход хамаагүй бага цалинтай. Тэр жишигт хүргэх шаардлагатай байгаа болохоос өөрсдийнх нь хүссэн шиг өндөр түвшинд хүргэнэ гэдэг бэрхшээлтэй.
Ахмад багш нар тэтгэвэрт гарсныхаа дараа ихэвчлэн хувийн сургуулиудад багшилдаг. Тиймээс тэтгэврээс гадна орлоготой болгохын тулд хөдөлмөрийн бирж маягаар ажиллуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлье гэсэн саналыг оруулж байсан. Сургуулиуд зөвлөх маягийн биржтэй байж болно. Боловсрол,соёл шинжлэх ухаан, спортын яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хоорондын уялдаа маш чухал.
Зах зээлд математик, Монгол хэлний багш шаардлагатай юм гэдгийг зарлаад түүнд нь тохирсон квот олгох хэрэгтэй. Улсын сургуулиуд энэ квотын дагуу элсэлтээ авах ёстой. Бүгд хуульч, эдийн засагч болчихоор төгсөж гарч ирээд ажилгүй байна.
-Засгийн газраас байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээр болсон. Үүнийг цаашид хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?
-Засгийн газрын шийдвэрээр байгууллагуудын дэргэд цэцэрлэгтэй байхаар боллоо.Санаачилгууд гарч байна. Ер нь цэцэрлэгт өндөрт стандарт тавих хэцүү. Цэцэрлэг байгууллаа гэхэд ашигтай байна уу гэвэл, үгүй. Улсаас олгодог хувьсах зардлыг нь өгөхгүй болчих юм бол Монгол Улс хувийн цэцэрлэггүй болно. Хоолных нь мөнгийг өгнө гэдэг хөшүүрэг.
Яам, тамгын газруудад хувьсах зардлыг нь өгөөд хоёр өрөөг нь цэцэрлэг болгоод явах хэрэгтэй. Цэцэрлэгт өндөр стандарт тавихаас илүүтэй багш нарын асуудал, орчинд анхаараад явах ёстой. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа учраас байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжээд өгвөл цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene mangar namiin nereer garsan batsaan Gantulgiinhaa uruusun gutal