Ж.Хатанбаатар: Малчид малаа зуны дэлгэр цагт өөрийнх, өвлийн хүнд үед төрийнх “болгочихдог” сэтгэлгээнээсээ салмаар байна

2017 оны 09 сарын 02

 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Намрын сар гарчихлаа. Зуншлага танай сумын хувьд ямар байв?

-Манай сум зундаа гандуу байлаа. Нутгийн 80 орчим хувьд хүндэрч мэдэхээр байдал үүсэн учраас хил залгаа Эрдэнэцогт, Галуут сумын нутаг руу малчдын маань зарим нь оторт гарч байгаад сая эргээд нутагтаа орж ирлээ. Сая хоёр удаагийн бороо орж таана бага зэрэг сэрвийж мал таанан тарга авч болохоор байгаа боловч өвөлжилтийн тухайд туйлын хүнд. Тиймээс бид хадлан тэжээл бэлтгэх, отроор нүүх чухал болж байна. Дорнодоос хадлан тэжээл бэлтгэж болох боломжийг судалж үзлээ. Энэ жилийн тухайд газар дээрээ дөрвөн мянган төгрөгөөр гарч байгаа юм байна. Манай аймагт ирэхэд нэг боодол өвс багадаа арав орчим мянган төгрөг байхаар байна. Манай сумын хангай хэсэгт газрын гарц гайгүй боловч хадлан авах боломж хомс. Малчдаа хадлан тэжээл бэлтгэ гэсэн байдлаар чиглэл өгч байгаа ч авах хадлан нь байхгүй зовлонтой байна. Эрдэнэцогтын нутгаар манай сумын 20 орчим өрх зуссан. Тус сумын Засаг дарга Төмөрбаатарт баярласнаа илэрхийлмээр байна. Цаашид Архангайн Булган, Цэнхэр сумд руу нутаг гуйхаар төлөвлөсөн.

-Аймгийн нийт газар нутгийн 95 хувь гандуу. Тэгэхээр танай сум гэлтгүй бусад сумдад ч хүнд тусахаар байна. Тиймээс мал махаа борлуулах тал дээр ямар ажил хийж байна?

-Манай сум хонин толгойгоор нэгт, нийт малаараа тавд ордог. Энэ жил мах авч байгаа газар бага боловч сум өөрөө аймгийн төвтэй ойр болохоор борлуулалт хийж байна. Дээрээс нь шонхор барихаар ирсэн арабууд жижиг мал авч байгаа юм. Зам ангид мах борлуулж байна. Зохион байгуулалттайгаар бэлтгэж мах гаргах ажил хийгдээгүй байгаа учраас энд аймаг, улсаас анхаарал тавивал зүгээр санагдаж байна. Хэрэв энэ ажлыг зохион байгуулаад өгвөл бид тоо судалгаа гаргах боломжтой.

-Гантай жилийн малчдын санаа сэтгэл хэцүү байдаг. Танай сумын малчид хэр байна? 

-Манай сум наймдугаар сарын 1 хүртэл нутаг бэлчээрийг чөлөөлсөн. Өөрийнхөө малчдыг дээд хэсэгтээ шахаж байхад Баацагаан сумын малчид нилээд асуудал үүсгэсэн. Зуны зунд л гарч ирж хэл үг хийдэг, тус сумын удирдлагууд Баян-Овоо сумынхныг энэ асуудлаас болж шүүх, цагдаад өгсөн байсан. Хаа хаанаа л асуудал байгаа учраас нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, ажил, албыг зохистой хийх шаардлагатай. Баацагаан сумын удирдлагууд өөрсдөө наадам хэсч зуны сарыг барьчхаад нэг ч удаа ирж уулзаагүй. Тэгсэн атлаа сүүлд нь бэлчээр чөлөөлсөн нутагт буусан айлуудыг нь нүүлгэх гэхэд цагдаад өгдөг байж болохгүй. Бид эргээд уулзах нүүр, сумынхаа иргэдийн өмнө хүлээсэн үүрэгтэй хүмүүс шүү дээ. Малчид маань энэ гаднын сумын малчдыг явуулахгүй байна, бид намар болгон шалбааг дээр нь ирж өвөлжсөөр байх уу гэдэг асуудлыг тавьж байна. Энэ маргаанаас үүдэж өвөр зуураа гар зөрүүлэх асуудал ч үүссэн.

Манай сумынхан өөрийн нутагтаа 12 сар хүртэл байна. Цаашид отроор бод голдуу малаа явуулна гэж төлөвлөсөн.

-Нэгэнт бэлчээрийн даац хэтрэлттэй байсаар олон жил боллоо. Танай сумын бэлчээрийн даацын хэтрэлт ямар хэмжээтэй байна?

-Социализмын үед байсан малын тоо өнөөдөр хэд дахин өссөн. Малчид бод гэхээсээ илүү бог малыг ихээр өсгөж байна. Тэр дундаа ямааг их өсгөж байна. Өөрийн мал дээрээс хил залгаа сумдын малчдын мал орж ирээд манай сумын газар нутаг жилээс жилд доройтож байна. Газар ч гарахаа байх нь. Говь руугаа ургадаг харгана, дэрс ургахаа больж, хазаар, хялгана, агь гэсэн хэдхэн төрлийн ургамал ургаж байна. Цаашид энд бодлого барих шаардлагатай.Тэр нь малыг гаднын зах зээлд гаргах, мал бэлтгэх ажлыг л эрчимжүүлмээр байна.

-Танай суманд уул уурхайн үйл ажиллагаа их явагддаг. Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

Манай сум 21 лицензтэй. Түүний 11 нь ашиглалтынх. 10 хайгуулын лицензтэй. Ашиглалтын чиглэлд “Баяжмал алт”, “Спэйшиль Майнз”, “Андын тэмүүлэл” гэсэн гурван компани үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхай, мал аж ахуйг нэг дор явуулахад хүндрэлтэй байдаг. Нэгдүгээрт бэлчээрийн асуудлыг хөнддөг. Хоёрдугаарт малчид олон жил байхгүй байсан өвчнийг ухаад гарлаа гэх мэт зүйлсийг ярьдаг. Нөгөө талаар мал эмнэлэг маань энэ асуудлаас үүдэн нормынхоо тариаг цаг тухайд нь хүртээмжтэй хийж байгаа нь бас асуудалтай. 280 мянган толгой малын 150-аад мянгад л хийж байна шүү дээ. Эндээс үүсч өвчин үүсэхэд эргээд уул уурхайтай холбох тал бий. Энэ жилээс уул уурхайгаас орж ирж буй орлогын 30 хувийг сум, 20 хувийг багт олгодог болсон. Энэ мөнгө орж ирдгээрээ орж ирж байгаа. Нэг сэтгэл зовоосон зүйл бол цианит ашиглаж байгаа гурван уурхай Монгол Улсын хэмжээнд байдгийн нэг нь манай суманд бий. Цагаан цахирт байгаа энэ уурхайн үйл ажиллагаа дуусахад бид л үлдэнэ шүү дээ. Тиймээс цианит ашиглаж байгаа газруудад тавих хяналтаа өндөржүүлэх хүсэлтэй байгаа. Бид нарын хувьд мэргэжлийн хүмүүс биш учраас нарийн хяналт тавьж чадахгүй шүү дээ. Дээр нь уул уурхайн ажил эрхлэхдээ малчдаас нь зөвшөөрөл авах хэрэгтэй байна. Тухайн нутаг усны тогтоц, онцлогийг судлахгүйгээс лиценз олгож байна шүү дээ. Байдрагийн голын эх рүү газрыг нь ухаж байгааг харахад харамсмаар байдаг. Манай сумын нэгдүгээр багт газрын гүний ус ашиглаж байгаагаас малчид малын болон амны усгүй болж нутгаа орхиж байна. Усыг авч үлдэх ганц зүйл нь мод. Гэтэл малчид мод тариад байхгүй, уул уурхайнхан тарих тал дээр анхаарал сул байна.

-Уул уурхайг ашиглаж байгаагийн цааш шалтгаан эдийн засагтай холбоотой. Сум орон нутгийн эдийн засагт уул уурхайн компаниуд хэр нэмэр болж байна?

-Том компаниуд тэртэй тэргүй улсад төлөх ёстой татваруудаа төлөөд явчихдаг. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас манайд тодорхой хэмжээний мөнгө орж ирдэг. Тухайлбал орон нутгийн эрхтэй нөхөн сэргээлтийн компаниуд сумандаа татвараа төлөөд явж байна. Өмнө нь гаднын компаниуд орж ирээд өөрийн хийх ёстойгоо хийгээд л явчихдаг байсан. Энэ жил орон нутгийн компаниуд орж ирснээр бид арван хүний ажлын байрыг бий болголоо. Энэ Баяжмал алт ХХК-ын дэмжлэгтэйгээр оёдлын цех байгуулсан маань гэрийн цагаан бүрээс ажлын хувцас, тэр бүү хэл хонины нэхийг боловсруулж, дээлний нэхий, мишок хүртэл хийж байна. Суманд үүсээд байсан өмнөх өрийг тэглэлээ. Нөгөө талаар манай сум Сайн багш аяныг зарласан. Үндсэн цалин дээр нь нэг сая төгрөгийн урамшуулал сард олгож, хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хөрөнгө оруулалтыг Хонгорын хүдэр ХХК хариуцаж байгаа. Манай сум аймгийн төвтэй ойр байдаг учраас бид өөрийн сумын сургалтын чанарыг сайжруулахад анхаарсан ажлын нэг юм. Үнэхээр сайн багш хүрээд ирвэл бид орон байрыг нь хүртэл гаргаж өгөх юм. Хамгийн гол нь гурван жилийн дотор аймагтаа хамгийн шилдэг сурагчдыг бэлтгэнэ. Спэйшиль Майнз ХХК-ийн хувьд суманд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ мөнгийг аахар шаахар зүйлд зориулахаас илүүтэй ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн.

-Таны ярианд шонхрын ав хийхээр ирсэн Арабуудын тухай гарлаа. Шонхор шувууг агнах, барихад ямар нөхцлөөр зөвшөөрдөг юм бэ. Байгалийн тэнцвэр гэдэг нэг төрөл зүйлийн тоо толгойноос нөгөө төрөл зүйл хамаарч байдаг шүү дээ. Үлийн цагаан оготно аймгийн хэмжээнд маш их өслөө. Танай суманд ямар байна вэ?

-Үлийн цагаан оготно үнэхээр их байна. Улсын хэмжээнд хэрэглэдэг арга туршлагыг хэрэглээд ч тоо толгойг нь барьж чадахгүй байгаа. Нөгөө талаар шонхор шувуу манайд элбэг байдаг. Шонхор шувуу оготно барьж иддэг нь үнэн боловч энэ мэрэгчийн тоо толгойг цөөрүүлэх хэмжээнд хүртэл нөлөөлөхгүй л дээ.

Арабын орнуудаас ирж хүмүүс тус шувууг барьж байна. Байгаль, орчны яамнаас олгосон квотын дагуу зөвшөөрлөө аваад ирдэг юм билээ. Манай суманд дөрвөн отог гарсан. 20 орчим шувуу барьчихсан гэж байна. Нэг шувуунаас 6.5 сая төгрөг орон нутгийн дансанд орж ирдэг. Барьсан бүгдийгээ аваад байдаггүй, заримыг нь үзээд тавьчихдаг юм билээ. Энэ шувуу өөрөө Сибир рүү гарч зусаад Хятадад өвөлждөг юм билээ. Манай нутагт начин шонхор гэж төрөл зүйл байдаг, үүнийг барьдаггүй юм билээ. Шонхор өөрөө хулгана ихтэй газрыг дагаж нүүдэллэдэг. Бидний харж байгаагаар арван шонхор бариулахад  14 сая төгрөг орж ирэхээр юм билээ. Тэгэхээр бид хулганыг бактерижуулсан будаагаар устгадаг, энэ нь үнэтэй учраас үүнд тэр мөнгийг зориулах, дээрээс нь нэгэнт хулгана идчихсэн бэлчээрээс хадлан авч, малаа тэвээрэгжүүлж чадахгүй учраас өвс худалдаж авахад нэмэр болно гэж харж байгаа. Манай сум 60 орчим шонхор бариулбал энэ өвлийн өвс тэжээлээ хангалттай бэлтгэчих дүр зураг харагдаж байгаа.

Үлийн цагаан оготно өөрөө нам дор газрыг барьж амьдардаг. Эхлээд өвсний дээд талыг идэж дуусаад дараа нь үндсийг нь ухаж иддэг мэрэгч учраас бэлчээрийг үндсээр нь дуусгадаг. Тийм учраас энэ мэрэгчийг устгахад дан ганц төр гэлтгүй малчид өөрсдөө анхаарч ажилламаар санагддаг. Ойр орчмынхоо таван га-д устгал хийе гээд гарахад таван литр түлшээр л устгачих асуудал шүү дээ. Гэтэл тийм зүйл байхгүй, бэлчээр маань улаанаараа эргэх асуудал үүсч байна. Эндээс харахад манай малчид анхаарах ёстой асуудал байна. Зуны дэлгэр цагт мал нь өөрийнх нь болчихдог, өвөл цаг хатуурахаар төр засгийнх болчихдог. Ийм байдлаасаа салах цаг болсон. Зах зээлийн нийгэмд мал чинь малчин хүний өөрийнх нь л өмч шүү дээ. 2000 оны үед Баацагаан сум 30 орчим мянган толгой малтай үлдэж байсан бол өнөөдөр аймагтаа тэргүүлж байна. Эндээс харахад малчид маань өөрийнхөө төлөө өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. 400 ямаатай хүн 200-г нь борлуулж, элгээр нь үлдсэн 200-г нь онд оруулж байсан жишээ байдаг. 

П.САНААДАГВА

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэмчиг гончиг(202.179.2.250) 2017 оны 09 сарын 05

монголд нүүдлийн мал аж ахуй тохирохоо больжээ өөр гарц хайх хэрэгтэй болж байх шиг байна.

0  |  0
nutag(93.219.154.90) 2017 оны 09 сарын 04

odoo gazar nutgiin baidal, tsöljilt, beltseeriin daatsaa bodvol fermeriin aj ahuid shiljeh ni zöv bolood bna..... gazar nutgiinhaa 20n %g usalgaat tejeeliin aj ahuig bii bolgoh heregtei

0  |  0
ИРГЭН(202.179.31.78) 2017 оны 09 сарын 04

Хүмүүнлэг энрэнгүй ардчилсан нийгэм байгуулснаар мал төрийн мэдэлд шилжив үү? Ажилгүйчүүд. тахир дутуу иргэд,нэн ядуу иргэд хаана очиж амьдрах вэ?Оюу толгой,Таван толгой хоёроос өөр орон нутагт бас орд газрууд зөндөө байна.Даанч дээ урт нэртэй хууль чөдөр тушаа болоод байна.Энэ хуулиа дахин өөрчилж болдоггүй юм уу? Аль эсвэл уг хуулийг санаачлагч нь бурхан юм уу?

0  |  0
иргэн(103.10.23.123) 2017 оны 09 сарын 04

Махны үнийг наймайчин нар хөөрөгдөг болхоос мачид биш Үүнд төр буруутай

0  |  0
Алт(103.10.23.123) 2017 оны 09 сарын 04

Малчид үнэндээ малаа өөрцөдөө маллаж байгаа болхоос төрөөс дэмжээд сүүд болсон юм байхгүй Харин малын бэлчээр нутаг усыг нь булааж сүүтгэж байгаа нь үнэн юм

0  |  0
Зтчин(150.129.142.221) 2017 оны 09 сарын 04

Үнэн шүү зунжин айраг архи ууж зугаалчихаад зуд болохоор миний. мал үхчихлээ чи мөнгө өг гээд сууж бдаг нь үнэн нэг ч боодол өвс хаддаггүй зугаалж бдгаа болих хэрэгтэй иймд улсаа тэтгэмж олгохоо хазаартай байлгах хэрэгтэй

0  |  0
Зтчин(150.129.142.221) 2017 оны 09 сарын 04

Үнэн шүү зунжин айраг архи ууж зугаалчихаад зуд болохоор миний. мал үхчихлээ чи мөнгө өг гээд сууж бдаг нь үнэн нэг ч боодол өвс хаддаггүй зугаалж бдгаа болих хэрэгтэй иймд улсаа тэтгэмж олгохоо хазаартай байлгах хэрэгтэй

0  |  0
Ажилгүй иргэн(202.179.31.78) 2017 оны 09 сарын 04

Иргэдээ үл тоож малаа төрийн мэдэлд байна гээд хуульчиж буй төрийн түшээдтэй юу ярих билээ.

0  |  0
Zob(66.181.177.71) 2017 оны 09 сарын 04

Zob ug hellee dee ene ni ajil hereg bolgooch malchidaa

0  |  0
1(103.206.195.166) 2017 оны 09 сарын 04

Малчид малаа зуны дэлгэр цагт өөрийнх, өвлийн хүнд үед төрийнх “болгочихдог” ЭНЭ ямар үнэн вэ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 09 сарын 04

Буруу юм хэхээгүй л байна даа .махыг үнэгүй аваагүй

0  |  0
иргэн(27.123.214.121) 2017 оны 09 сарын 03

малчид үнэхээр баян байдаг.улсаас ч их харж үздэг.ядуу бидэнд махаа маш үнэтэй өгдөг.хотын бид авсан цалин.тэтгэвэр зэргээ үнэтэй маханд өгч дуусдаг.сүүлийн үёд вакцин хийсэн махаар хотын биднийг.хордуулж байна.сүүгээ өөрсдөө уухгүй биднийг хүүхэдтэй нь хордуулж байна.тэд унага тамганы баяр наадам олон баяраар маш тансаг тэмдэглэдэг.бид хорголоо тоолох гэж байгаа юм шиг л амьдарч байна.малчид вакцин улсаас малын бүх ашигаа зарж байна.төр засаг бидэнд хатуу хандаж.малчлад үнэхээр харж үзлэг.адилхан байх хэрэгтэй шүү.

0  |  0
B(103.10.22.96) 2017 оны 09 сарын 03

Мал төрийн хамгаалалтанд байх тухай Үндсэн хуулийн заалтыг хасах хэрэгтэй

0  |  0
ИРГЭН(202.72.245.194) 2017 оны 09 сарын 03

МАЛЧИД ӨӨРСНӨӨ ТИЙМ БОЛООГҮЙ ЭЭ ЧАМААС АВХУУЛААД УЛС ТӨРЧИД ГЭГДЭГЧИД СОНГОГДОХЫН ТУЛД ТИЙМ БОЛГОЧИХСОН ЮМ ДАА МЭДЭХГҮЙ БОЛ ХЭЛЖ ӨГЬЕ

0  |  0
иргэн(202.179.31.122) 2017 оны 09 сарын 03

Энэ дарганцар ажил зохион байгуулж чаддаггүй нь энэ ярилцлагаас нь тод харагдаж байна. Үглээд л суугаад байдаг. Хийж биш газар нутаг, ан амьтан, малаа гадагш нь зарах л ухаан заяажээ. Энэ зураг хөргөө авахуулсан байдлыг нь хараач.

0  |  0
battogtoh(202.70.43.234) 2017 оны 09 сарын 03

uul uurhain ajlig malchdaas asuuna gej yamar teneg yum yariad bnaa,onoogiin malchid denduu davarsan,arhi uuj mori uralduulahaas oor yum medehee baisan shuu,

0  |  0
0000(103.10.23.123) 2017 оны 09 сарын 03

Усалгаатай хадлангийн талбайтай болох хэрэгтэй

0  |  0
малчин (103.10.23.123) 2017 оны 09 сарын 03

Төр малчадын нутаг ус билчээр өвөлжөө хаваржаа зуслан ан намаржаагнь газарын баялагтай гэсэн шалтгаанаар булаахаа бол Малын даатгалыг өргөжүүль мал эмлэгийг төрийн мэдэлд ав сайн мэргэжлийн хүмүүсээр ханга

0  |  0
Зочин(66.181.187.103) 2017 оны 09 сарын 03

Ардчилсан нийгэмд ороод мал хувийн өмч болсон . Өвөл болохоор л зуд боллоо гээд хотоос дандаа тусламж авна . Ямар нэгдлийн мал маллаж байгаа биш хадлан тэжээлээ сайн авалдаа . Наадам чинь одоо дууссан уу

0  |  0
иргэн(202.179.31.30) 2017 оны 09 сарын 03

Ихээхэн тэнэг засаг дарга байна.

0  |  0
unshigch(202.9.42.66) 2017 оны 09 сарын 03

vnen helsen bn shtee mahii ni hudaldaj abdgiin shte bidnvvs

0  |  0
ккк(103.10.22.19) 2017 оны 09 сарын 02

Малчид хэзээ төрийн түшээдээр малаа хариулуулаад байлаа даа... Махыг нв дуугай л гудар за.Ширээ түшсэн өргүүлийн ”мал” аа...

0  |  0
Top