Дэлхий дээрх оюун ухааны олон гайхамшгийг монгол хүн бүтээсэн гэж хэлж болно. Түүний томоохон төлөөлөл нь үндэсний уламжлалт наадгай, ёс зүй, зан заншил, өв соёл билээ. Тэр дундаас “Монгол” шагайн харвааны эд хэрэглэл, тоглоомын дүрэм журам бол олон улсын үндэсний тоглоом наадгайгаас өвөрмөц хийгээд дахин давтагдашгүй цор ганц оюуны оньст бүтээл гэж хэлж болно. Энэхүү гайхамшигт зүйлээ олон зуун жилийн тэртээгээс хөсөг тэрэгтэйгээ нүүж ирсэн монгол түмэн мартаагүй, орхиогүй. Тэр бүү хэл шагайн харвааны эд хэрэглэлийг ч бүсэлхийнээс доогуур газарт тавиагүй өдий хүрсэн нь шагай харваачдын хамгийн үнэ цэнэтэй хүндлэл юм. Энэ онд Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ой тохиож түүхэн үйл явдал олон болсон. Тэр дундаас Үлэмж дархан мэргэн М.Нямаагаар ахлуулсан баг “Хийморь далласан алтан зурхай” нэртэй ном бүтээсэн нь Монголд анх удаа шагайн харвааны бүх л онцлог, өнгө аясыг харуулсан бүтээл болж чаджээ. Зарим нэг шагай судлаач, харваачид 1206 он буюу Их эзэн Чингис хааны үеэс Шагайн харвааны наадгай үүссэн гэж ярьдаг бол нөгөө хэсэг нь Хүннү гүрний үеэс үүсэлтэй ч гэх аман яриа түүх хөтөлж өнөөдөрт ирсэн. Монголын шагайн харвааны холбоо ийнхүү түүхэн бодит баримтгүй эх сурвалжуудаа байгаагаар нь хадгалж, хойч үедээ хэрхэн зөв наадах, ёс дэгийн журамыг өнөөдөр шинэчлэн сайжируулж уламжлалт олон арга барилыг хэвээр нь хадгалж яваа нь Дэлхийн өвд бүртгэгдэх том шалтгааны нэг байсан байж болох. “Хийморь далласан алтан зурхай” номыг бүтээхэд Монголын Шагайн харвааны холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Энхбат, нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаатар, Хөдөлмөрийн баатар Г.Сампил гээд олон хүний сэтгэл зүтгэл шингэсэнийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн М.Нямаа номын нээлтийн үеэр цохон хэлж байсан нь ирээдүйд хүрэх шагайн харвааны үнэн түүх билээ. Тус номын багт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч В.Нэргүй, С.Ууганбаяр, сэтгүүлч Б.Энхтуул, гэрэл зурагчин Н.Энхбаяр, ахмад харваач, шагай судлаач Ц.Дашзэвэг, зөвлөх Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү нар ажилласан. Шагайн харвааны өнө эртний түүх, үүсэл гарлаас эхлээд өнөө цагийн хөгжилд түүчээлсэн он цагийн харгуйд монгол түмний шагайн харваа ямархан замнал туулсаныг багтаан шингээсэн энэхүү ном нь харваачид төдийгүй цаашид монгол туугатаныг судлан сурвалжилдаг гадаад, дотоодын олон эрдэмтэн мэргэдэд нэвтэрхий толь болохуйц бүтээл болсон гэж олон уншигч ярьж байгаа. Тиймээс ч Шагайн харвааны холбооны Дэд ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн М.Нямаа " Монгол эр хүний жудаг, хийморь дагуулсан энэ наадгай дэлхийн хүн төрлөхтнийг оюуны оньст дүрэм журамаараа татаж олон улсад түгээн дэлгэрэх нь тодорхой. Үүний томоохон баталгаа нь Солонгос, Герман, Белги гэх мэт олон оронд ажиллаж ,амьдардаг монгол түмэн минь үндэсний наадгайгаа тоглож түүнийг нь тухайн орны иргэд сонирхон судалж тоглож эхэлсэн явдал юм” хэмээн хэлж байсан. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэ сайхан наадгай олон сайхан чанарыг өөртөө шингээсэн байдаг билээ. Тиймээс ч “Хийморь далласан алтан зурхай” номын агуулга бүтэц нь сайн болсон биз ээ. Ийнхүү Монгол түмний өв соёлын дээж Монголын Шагайн харвааны холбоо оюуны бүтээлтэй боллоо.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )