Сагсайнхан рапс хураана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

 Энэ оны хавар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Улаан дээлийн услалтын системд 240 га газарт Монгол Улсын "Азат", Хятадын "Иш Минг" компаниуд хамтран рапс ургамал тариалсан бөгөөд туршилт амжилттай болжээ.

Саяхан аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар ажлын явцтай танилцсан байна. Сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд орон нутгийн 50 орчим хүн ажлын байртай болжээ. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд комбайн болон шаардагдах бусад техник хэрэгслүүдийг оруулж ирэн ургац хураалтын ажлыг эхлүүлжээ.

Тус талбайгаас энэ жил 150 тн ургац хураан авах төлөвлөгөөтэй байгаа аж. Рапсыг Хятадад экспортод гаргаж  кг-ыг тутмыг дөрвөн юаниар борлуулах боломжтой. Гэвч энэ жил анхны тариалалт хийгдэж, ургацын хэмжээ бага байгаа учраас Улаанбаатар хотод борлуулахаар болжээ.  Цаашид тариалалт хийх талбайгаа 2500 га-д хүргэн өргөжүүлж царгас, малын тэжээл, төмс, хүнсний ногоо нэмж тариалах боломжтой гэнэ.

Түүнчлэн компаниудын үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаар ажилласнаар ус, хайрга, газар ашигласны төлбөр, татвар гэх мэтээр орон нутгийн төсөвт жилд 2-3 сая төгрөг оруулах боломжтой хэмээн сумын удирдлага үзэж байна. 

Г.Хан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top