Тус аймагт хуш модны самар энэ жил гаралт багатай байгаа ч иргэд хуулийн хугацаанаас өмнө түүсээр байгаа гэнэ. Аймгийн Төв зах дээр самрыг 1000-2500 төгрөгөөр граммлан зарж байгаа аж. Харин наймдугаар сарын 30-ны өдрийн А-243 дугаар тушаалаар самар түүх хугацаа есдүгээр сарын 15-наас эхэлнэ хэмээн тогтоосон.
Энэ талаарх мэдээллийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Ганхуягаас тодруулахад “Самрын ид цэцэглэлтийн үе буюу наймдугаар сард урьдчилсан судалгаа хийхэд Бат-Өлзий, Хархорин, Зүүнбаян-Улаан, Уянга сумдад өнгөрсөн жилийн хэмжээнд ургах төлөвтэй байсан. Гэвч долоон сард хэт халалттай, хуурайшилт ихтэйн улмаас ургалтынхаа үед хатаж, эрс багассан.
Гэхдээ Зүүнбаян-Улаан, Хужирт, Уянга суманд тодорхой хэмжээний ургасан учраас үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж түүх боломжтой. Хэдийгээр хугацаанаас өмнө түүж байгаа ч өнгөрсөн жилийнх шиг мод гэмтээх, хууль бус үйлдэл гаргах нь харьцангүй бага байна” гэв.
Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх үйл ажиллагаа хуулийн хугацаанд эхэлж, ойн ангиуд, сумдын байгаль орчны байцаагчид хариуцан ажиллах юм байна.
Г.Хан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )