Баян- Өлгий аймгийн Алтанцөгц сумын Дөрөвдүгээр багийн иргэн Хабдырашын Богдахан орон нутагт зөгий үржүүлэх ажлыг амжилттай эхлүүлжээ.
Тэрээр Сэлэнгэ аймгийн Техник Мэргэжлийн Сургуульд зөгийчин бэлтгэх ангийн багшаар ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан өнгөрсөн хавраас орон нутагтаа зөгий үржүүлэх ажлын суурийг тавьсан байна. Анх Сэлэнгэ аймгаас Карпат үүлдрийн таван зөгийн бүлийг авч ирэн нутагшуулсан гэнэ. Зөгийнүүд ч орон нутгийн уур амьсгалд амархан дасч, нэг бүлээс сард 30 кг хүртэл бал авсанаар анхны үр шимийг үзсэн байна. Түүнээс хойш хураасан зөгийн балаа зориулалтын саванд савлаж, сум болон аймгийн төвийг ард иргэдэд борлуулах болжээ.
Х.Богдаханаас зөгийн аж ахуйн талаар тодруулахад: "Сард 150 кг зөгийн бал, 5-6 кг цэцгийн тоос авдаг. Энэ нь манай сумын иргэдийн хэрэгцээнээс давахгүй байгаа. Өвлийг өнтэй давчихвал ирэх жилээс зөгийн тоог өсгөж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна. Гэвч хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чадаагүй. Энэ салбарт орон нутгийн болон төрийн дэмжлэг шаардлагатай байна" гэлээ.
Түүний ярьснаар аймгийн төвийн иргэд ч зөгийн бал авахаар урьдчилан захиалга өгдөг болсон бөгөөд кг тутмыг нь 35000 төгрөгөөр зарж байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )