Шилийн гол аймагтай Хэнтий аймаг аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар болж холбогдох албаныхан санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичигт талууд шударга, эрх, тэгш харилцан ашигтай хамтран ажиллах, зарчмын дагуу хил дамнасан аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх талаар тусгажээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн захиргааны ахлагч зөвлөх Лө Хү Зай, Эрээн хотын намын дарга бөгөөд хотын дарга Тянь Юүн тэргүүтэй 20-оод зочид төлөөлөгчид Хэнтий аймагт айлчилсан юм. Ирсэн зочдыг тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун болон газар хэлтсийн дарга нар хүлээн авч уулзсан бөгөөд Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, Шилийн гол аймгийг төлөөлж Аялал жуулчлалын товчооны дарга Уртнасан нар хоёр аймгийн аялал жуулчлалын товчооны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан аж.
Уулзалтын үеэр Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ энэ удаагийн уулзалтаар бидний харилцаа улам өргөжиж, цаашдаа хоёр аймгийн аялал жуулчлалын салбар хөгжихөд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга М.Батбаяр Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх талаар илтгэл тавьж, ирсэн зочдод мэдээлэл хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )