Э.Алтан-Очир: Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хамт олондоо дуулгасан

2017 оны 09 сарын 08

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Алтан-Очирыг урьлаа. Тэрээр 2017 оны 08 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелос хотноо болсон Дэлхийн цагдаагийн болон Галын спортын их наадмын дугуйн төрөлд ойрын зайнд уралдан алт, хүрэл хос медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болсон юм. 
Дөрөв дэх жилдээ дугуйн спортоор хичээллэж байгаа тэрээр 20 гаруй улсын болон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө хос медаль хүртэж, Дэлхийн аварга болсон танд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэе…?
-Баярлалаа. Сэтгэгдэл маш их өндөр байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн энэхүү наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдсөн. Миний хувьд “Аврагч” спорт хороогоо төлөөлөн дугуйн спортын төрөлд оролцоод ирлээ. Албаныхаа нэрийн өмнөөс оролцсон болохоор эх орныхоо болоод хүний төлөө гэсэн чин сэтгэл нь ивээсэн байх аа гэж бодож байна. Монгол Улсынхаа иргэн хүний хувьд нөгөө талаас Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төлөөллийн хувиар зорилгодоо хүрсэндээ баяртай байгаа.
-Энэ наадамд өмнө нь Онцгой байдлын албанаас тамирчин оролцож байгаагүй юм билээ. Мөн дугуйн спортын төрөлд Монгол Улсаас оролцсон анхны эрэгтэй тамирчин нь та боллоо. Анхны алтан медалийг хүртлээ. Энэ бүгд таныг илэрхийлэх тодотгол боллоо..?
-Миний хувьд дугуйн спортын дөрвөн төрөлд нь оролцох зорилготой явсан юм. Тэмцээний мэдээлллийг хожимдож аваад хоёр төрөлд нь хоцорчихсон. Гэхдээ оролцсон төрлүүддээ амжилт гаргалаа. Хүрэл медалийг нь бөөн гарааны буюу олуулаа уралддаг төрлөөс, харин тойргоор уралддаг төрлөөс онооны нийлбэр дүнгээр алтан медалийг хүртсэн монголын анхны эрэгтэй тамирчин болсон. Анхны эмэгтэй тамирчин нь Ази тивийн аварга Т.Энхжаргал эгч юм. 2015 онд тус олимпоос гурван хос алтан медаль хүртэж байсан юм билээ.
 

-Тамирчин хүнд медаль хүртэх, тэр тусмаа алтан медалийн эзэн болсноо сонсох хамгийн сайхан мэдрэмж. Анх хэнтэй хуваалцсан бэ? Төрийн дууллаа эгшиглүүлж байхад юу бодогдож байв?
 

-Тэгэлгүй яахав. Анх өөрийгөө мөнгөн медаль авлаа гэж бодож байсан. Гэтэл нэг онооны илүүгээр аваргын алтан медалийг хүртсэн байсан. Спортын хүн байхын хамгийн торгон мэдрэмж байх аа. Үгээр зүйрлээд хэлэмгүй тийм л их баяр баяслыг мэдэрсэн. Энэ баярт мэдээгээ хамгийн түрүүнд “Аврагч” спорт хорооны хамт олон болон гэр бүлийнхэндээ дуулгасан даа.

 

-Ингэхэд дугуйн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв? Анхны тэмцээний дурсамж бас сонин байх?

-Би 18-тайгаасаа эхлэн дугуйн спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Анх энэ спортод хөл тавихад тусалж, дэмжсэн хүн бол “Хүч” спорт хорооны дугуйн спортын дасгалжуулагч, цагдаагийн ахмад, ОУХМ Ж.Даваатогтох багш юм. Багштайгаа ШУТИС-д суралцаж байхдаа танилцаж, багшийнхаа саналын дагуу хичээллэх болсон. Үүнээс хойш 20 гаруй улсын болоод олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчаар төгссөн.
Хамгийн анх сонирхогчдын дунд зохион байгуулагддаг тэмцээнээс гараагаа эхэлж байлаа. Сонирхогчдын тэмцээнд 2013, 2014 онд дараалан оролцож, мөнгө, алтан медалийг хүртсэн. Харин 2015 оноос хойш нийслэл болон улсын аваргын тэмцээнүүдэд медаль хүртэж нийт тэмцээний нийлбэр дүнгээр Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангасан байгаа.
 

-Нэг тэмцээнээс ирээд дараагийн бэлтгэлдээ гардаг нь тамирчин хүний онцлог. Таны хамгийн ойрын зорилтыг сонирхож болох уу ?

-Ирэх жилийн нийслэлийн болон улсын аваргын тэмцээнүүдэд оролцож амжилтаа бататгах, ахиулахын төлөө зорьж байгаа. Мөн хоёр жилийн дараа БНХАУ-д дэлхийн цагдаагийн болон галын спортын их наадам болно. Тус тэмцээнд олуулаа болоод олон төрөлд оролцох зорилготой байгаа. Үүнээс гадна олон улсын тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.

-Бэлтгэлээ хаана, яаж хийдэг вэ? Дугуйн спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилт хийхэд зориулалтын замаас эхлээд хүндрэлтэй зүйлүүд ажиглагддаг?

-Гол бэрхшээл бол энэ. Дулааны улиралд бол Өвөрхангай, Биокомбинатын замын аль нэгнийг сонгон бэлтгэлээ хийдэг. Дугуйн дээрээ суурь багтаамж авах, биеийн хүчний бэлтгэлийг хийдэг. Харин өвлийн улиралд зааланд бэлтгэлээ хийдэг болохоор биеийн ерөнхий бэлтгэлийг хийнэ. Биеийн ерөнхий бэлтгэлийг хийхийн тулд штанк өргөх, гүйх, харайх гэх мэт биеийн хөгжлийн дасгалуудыг хийнэ.

-Ингэхэд дугуйн спорт тамирчнаас юуг илүү шаарддаг вэ?

-Дугуйн спорт бол цэвэр тэвчээр, эр зоригийн спорт. Тийм ч учраас оюун санаа болон бие бялдрын тэвчээрийг шаарддаг. Ямар ч тэмцээн байсан ялалт байгуулахын тулд маш олон довтолгоо, арга техникийг тухайн нөхцөлд тохируулан хийх шаардлагатай болдог. Тэмцээний үеэр хурд хүч, авхаалж самбаагаа гарган бүхий л боломжоо дайчилдаг учраас ухаанаараа уралдана шүү дээ.

-Таны хувьд “Аврагчаар” овоглосон “онцгой” тамирчин шүү дээ?

-Тийм шүү. “Аврагч” спорт хо­роонд харьяалагдаж, тамирчин нь бо­лоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Цаашид олон тэмцээнүүдэд хамт олныхоо итгэл, сэтгэлийн туслалцааг авч, түүнийхээ урам дэмээр амжилт гаргахын төлөө хичээх болно оо.

-Зорилгынхоо төлөө хөдөл­мөрлөж чадсан хүнд амжилт ирдэг гэдэг. Таны бодлоор?

-Миний хувьд ч гэсэн том зорилготой байж амжилтанд хүрнэ гэж боддог. Түүнийхээ төлөө бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээнүүдэд оролцдог. Мөн залуучууддаа энэ спортын ач холбогдлыг сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Дугуйн спорт бол багийн спорт. Энэ үүднээсээ хувь хүнд багаар ажиллах чадвараас гадна маш их тэвчээр, хатуужлыг бий болгодог.

– Хамгийн их дэмжиж, урам зориг хайрладаг хүн хэн бэ?

-Гэр бүл, хамт олноосоо л хамгийн их урам зориг, дэмжлэгийг авдаг даа. Тэмцээнд оролцох зардал олдохгүй үе ч олон гардаг. Бүхий л зүйл дээр болохоосоо болохгүйг хүртэл дэмжиж тусалдаг даа.

-Байнгын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны хажуугаар өөртөө цаг зав гаргаж амждаг уу?
-Чөлөөт цаг бараг гараад байдаггүй. Бүхий л цагаа спортдоо зориулдаг. Чөлөөт цаг гарвал гэр бүлийнхэндээ зориулахыг хичээдэг. Энэ дашрамд “Хүч” спорт хорооны дугуйн спортын дасгалжуулагч, цагдаагийн ахмад, ОУХМ Ж.Даваатогтох багш, ОУХМ Т.Төгөлдөр ахдаа болон “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны хамт олондоо баярласнаа илэрхийлмээр байна. Мөн энэхүү тэмцээнд оролцохоор явахад шинэ загварын дугуй бэлэглэсэн “Cannondale Mongolia” дэлгүүрийн захирал О.Ноож ахдаа бас баярлалаа гэдгээ хэлье. Та бүхнийхээ итгэл, урамаар илүү их хичээж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргахын төлөө хөдөлмөрлөх болно оо.

-Залуу хүний хувьд та үе тэнгийнхнийхээ нийгэмд эзлэх байр суурь, боловсрол, биеэ авч яваа байдлыг хараад юу гэж боддог вэ?

-Үеийн залуус маань өөр өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу сурч, хөдөлмөрлөж байгааг хараад бахархдаг. Хөгжих, хүсэл мөрөөдөлдөө хүрэх бүхий л боломж залуус бидэнд бий. Гэхдээ өөрийнхөө сонирхдог спортоор хичээллээрэй л гэж уриалмаар байна. Хүн бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч спортоор хичээллэснээр маш их эрч хүчийг мэдрэх болно шүү.

Тамирчин хүний хүсэл, зорилго, мөрөөдөл бол эх орныхоо нэрийг тив, дэлхий, олимпийн тавцанаа дуурсгах. Монгол төрийнхөө далбааг намируулж, төрийн дууллаа эгшиглүүлэн алдрын тавцанаа зогсох нь тамирчин хүний зорилго биз ээ. Энэхүү бахархлыг бий болгохын төлөө хөдөлмөрлөж, өөрийгөө сорьж олон уралдаан тэмцээнд оролцон амжилтын буухиагаа зузаатгасаар яваа дугуйчиндаа спортын амжилт хүсье.

Б.ЦЭНД

Эх сурвалж: Онцгой байдлын ерөхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.109) 2017 оны 09 сарын 08

Сайн байна , Э . Алтаночирт цаашдын амжилт хусье !

0  |  0
Top