Хууль бусаар алт холборлогчдод хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал, Бургастай зэрэг газарт нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгж байгууллага, ТББ-уудын үйл ажиллагааг зогсоож, хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Шар зүлэг, Сүмбэр ногоон говь, Бодь мөнх групп, Грийн хоме ланд, Ямагата шоужи, ЧинтАуэр зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд, Дарцад хайрханы хишиг, Болор одон дэлгэрэх, Хөх эрхсийн хяр, Цахир хүзүүвч, Тариалан толь зэрэг ТББ-ууд нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байжээ. Эдгээр байгууллагуудыг аймгийн Цагдаагийн газраас шалгаж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн хариуцлага оногдуулахаар ажиллаж байна.

Аймгийн МХГ-ын байцаагч Л.Баттулгаас энэ талаар торуулахад, “Энэ жил манай аймагт нийтдээ 66 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн ч тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлүүд үүнийг овжиноор ашиглан бууль бусаар алт олборлож байсан нь тогтоогдсон. Хуулийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон тохиолдолд иргэнийг 1 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 10 сая төгрөгөөр торгодог” гэлээ. Мэргэжлийн байгууллагаас хууль бус алт олборлогчдод торгуулийн арга хэмжээ авдаг ч зөрчлөө удаа дараа давтдаг байна. Зарим нь бүр торгуулиа төлөөд алтаа ухнаа гэх зүйлийг ч ярьдаг аж. Энэ нь хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэхэд Монгол Улсын холбогдох хуульд тусгасан хариуцлагын тогтолцоо сул байгааг харуулж байна.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top