Үндэсний үйлдвэрлэгчид тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

 

 МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр  хамтран  орон нутагт үйлдвэр үйлчилгээ эрхэлж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг үндэсний үйлдвэрүүдтэй танилцуулах “CHAMBER BUS” бизнес аялалыг анх удаа амжилттай зохион байгууллаа.
  Аяллын хүрээнд  “Баясах трейд ХХК”-ний Багро үйлдвэр, Сүү компани, жимс жимсгэний “Эко эрдэнэ” компани,  ноосон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хонин холбоо компани, “Хөсөг”, “Ноосон зангилаа” дундын хоршооны хамт олон, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл компани, “Жанжин-25” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 Мөн орон нутгийн үйлдвэрлэгчид МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нартай уулзаж орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тулгамдаж буй асуудлууд, цаашид төр хувийн хэвшил хамтран авч хэрэгжүүлэх арга замын талаар харилцан ярилцлаа.

 Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг учраас орон нутгийн чанартай брэндүүдийг бий болгох шаардлагатай боловч гол нь сав баглаа боодлын үйлдвэр нэн шаардлагатай байна гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байв. Ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээс туршлага судалж шинэ санаа, шинэ мэдээллээр аяны богцоо дүүргэсэн хоймор нутгийн үйлдвэрлэгчид сум бүртээ шинэ брэндийг бүтээх эрхэм зорилт дэвшүүлснээр анхны аялал өндөрлөлөө.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top