Дундговь аймгийн төв Сайнцагаан 130 гаруй хүүхэдтэй сумын 1- р цэцэрлэгт үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл тулгараад байгаа юм. Тус цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан тул үйл ажиллагаа явуулахыг хориглосон актыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар гаргасан байна .Одоогоор цэцэрлэгийн багш нар бусад цэцэрлэгийн анги танхимыг илүүчлэн хүүхдүүдээ хуваарилан авч, таран байршсан байдалтай ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан эцэг эхчүүд аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлээд байгаа юм.
Өнгөрсөн жилийн намар цэцэрлэгийн барилга таазнаасаа нурж, хоёр давхарын нь шал доош цөмөрснөөс аймгийн Мэргэжлийн хяналтын газар уг барилгад үйл ажиллагаа явуулахыг зогсоож байсан юм. Учир нь, тус цэцэрлэгийн барилга 1958 онд ашиглалтад орсон, Мандалговь хотын анхны барилгуудын нэг. Барилга ашиглалтын нормативаар тооцоход цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дуусаад 19 жил болсон байна. Барилгын ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглаж болохгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газар хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн жилийн долдугаар сард мөн ийм дүгнэлт гаргасан байдаг. Харин үүний дараахан буюу аравдугаар сарын эхээр цэцэрлэгт ийнхүү нуралт үүссэн билээ.
Тухайн үед цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоож, хэвийн ажиллах нөхцөлгүйгээр багагүй хугацаа өнгөрүүлсэний эцэст барилгын таазыг бэхэлж, засварлан хичээлийн жилийг дуустал үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх шийдвэрийг Боловсрол, соёл урлагийн газар гаргаж, арав гаруй сая төгрөгөөр засвар хийлгэсэн.
Энэ маягаар түр зуур аргацаан үйл ажиллагаа явуулаад байхыг Мэргэжлийн хяналтын газар ийнхүү хориглож, дахин акт гаргажээ.
Үүнтэй холбогдуулан эцэг эхчүүд аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн нь энэ бөгөөд цэцэрлэгийн барилгад удаа дараа акт гарч байхад шаардлагатай арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрсэн, эцэг эхчүүдэд ямар ч мэдээлэл өгөлгүйгээр хүүхдүүдээ бүртгэчихээд хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдийг бусад цэцэрлэгт ингэж тараан хуваарилсан нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна хэмээн уг шаардлагад дурьджээ.
Тиймээс одоо ашиглалтгүй байгаа барилгуудыг судалж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглах боломжийг эрэлхийлэн, 1- р цэцэрлэгийн багш, хүүхдүүдийг нэг дор хэвийн ажиллах нөхцлийг яаралтай бүрдүүлж өгөхийг хүсчээ.
Шаардлагыг хүлээн авч, аймгийн Засаг дарга захирамж гарган Сайнцагаан сумын Засаг дарга Р. Мөнхтогтохоор ахлуулсан ажлын хэсгийг томилсон байна. 1- р цэцэрлэгийг хэвийн ажиллах нөхцлийг зохистойгоор хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг шуурхай судалж, шийдэх үүргийг ажлын хэсэг хүлээжээ. Энэ талаархи мэдээллийг үргэлжлүүлж хүргэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )