А.Дашням: Иргэд бухимдалтай байгаа ч хорио цээрийн дэглэмийг хугацаанаас нь өмнө цуцлах боломжгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14


Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн  шуурхай удирдлагын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа А.Дашнямтай ярилцлаа.

-Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан шүлхий өвчний өнөөгийн  нөхцөл  байдал ямар байна вэ?

-2017 он гарснаас хойш нийслэлийн хоёр  дүүрэгт  зургаан удаа шүлхий өвчин илэрч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчим,   12  дугаар хороо Биокомбинатын орчим, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 3,61 дүгээр гармын   орчим  шүлхий өвчин илэрч лабораторийн шинжилгээгээр батлагдсанаар  хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Хорио цээрийн голомтод   хоёр дүүргийн нийт 757 өрх , 2500 иргэн , 3500 орчим мал, тэжээвэр амьтан   хөл хорионд орсон.  

Бид хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч  ажилласны дүнд  дахин өвчний  голомт нэмэгдээгүй мэргэжлийн байгууллагуудийн  чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна

Голомтод  өвчний шинж тэмдэг илэрсэн  23  малыг  устгаж бусад малыг вакцинжуулсан. Вакцинжуулалт явагдаж байгаа хугацаанд далд  байсан өвчний вирус илэрхийг үгүйсгэхгүй  хэрвээ илэрсэн нөхцөлд зааврын дагуу устгалын ажлыг зохион байгуулж хорио цээрийн хоног уртсах нөхцөл бүрдэнэ

 

-28 хоногийн хорио цээрийн  дэглэм хоногоо дуустал үргэлжлэх үү?

-ҮХАА-н сайдын 2014 оны  А/93 дугаар тушаалаар батлагдсан мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх  зааврыг мөрдөж ажиллаж  байна. Энэхүү заавраар шүлхийгээр өвчилсөн мал илэрснээс хойш 28 хоног эсвэл сүүлчийн вакцинжуулалтыг хийснээс 14 хоногийн дараа эцсийн  ариутгал халдваргүйтгэл хийсний дараа холбогдох хууль тогтоомжийн дагуу  хорио цээрийн дэглэмийг цуцлах ёстой гэж заасан. Энэ зааврыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашдаа өвчний шинж тэмдэг  илрээд байвал энэ хэмжээгээрээ хорио цээрийн дэглэмийн хоног уртсах нөхцөл бүрдэнэ.

 Хорио цээрийн бүсэд  тухайн орон нутгийн засаг захиргаа , Онцгой байдлын газар Мал эмнэлгийн газар, мэргэжлийн хяналт ,цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг буюу хээрийн штабт нийт 151 албан хаагч 50 гаруй автомашин техниктэйгээр 24 цагийн турш  томилогдон  өвчтэй мал амьтныг устгах , вакцинжуулах , хөл хорио тогтоох ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна

Иргэдийн дунд  хорио цээрийн дэглэм хугацаанаасаа өмнө цуцлана гэсэн яриа гарсан байна лээ. Бид зааврыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй  хугацаанаас өмнө хорио цээрийн дэглэмийг цуцлах боломжгүй.

Иргэдийн хувьд нэлээдгүй бухимдалтай, бидэнд маш их санал гомдол ирдэг. Үүссэн   нөхцөл байдлыг хорио цээрийн дэглэм тогтоож байж таслан зогсоохоос өөр арга байхгүй. Нийслэл ,дүүргийн онцгой комисс хамгийн байж болох боломжит хувилбаруудыг сонгон хэрэгжүүлж байна

Иргэд маань  хүлээцтэй хандаж мэргэжлийн байгууллагуудын гаргасан зөвлөмж зааврыг хэрэгжүүлж  хууль дүрмээ хүндэтгээсэй.  

-Голомтод байгаа малыг  вакцинжуулалтад бүрэн хамруулсан байсан гэж нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдлага мэдэгдсэн. Юунаас болоод шүлхий  гарав?

-Шүлхий өвчин  олон улсын А зэрэглэлд багтдаг богино хугацаанд  өргөн уудам нутгийг хамран  тархдаг малын гоц халдварт  өвчин гэж  тодорхойлогддог. Бид уг өвчнөөс урьдчилан сэргийлж нийслэлийн Засаг даргын захирамжаар  нийслэл орчмын 450000 малыг хоёр удаа вакцинжуулалтад хамруулсан.Гэтэл хөдөө орон нутгаас вакцинжуулалтад хамрагдаагүй мал бүхий иргэд дур зоргоороо нүүн ирж суурьшсаны улмаас шүлхий өвчний дэгдэлт тархсан гэж таамаглаж байна. Одоогоор албан ёсны дүгнэлт нь гараагүй байна хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа.  

-Шүлхий өвчний тухайд ийм байж.Тарваган тахлын аюул байсаар байна. Нийслэлийн ойр орчимд Хяналтын  цэгүүд байнга ажиллаж байгаа юу?

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 594 дүгээр захирамжаар  тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

Нийслэлийн эргэн тойронд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагынхан хамтарсан хяналтын есөн цэг 24 цагаар ажиллуулж байгаа.

 Манайхны хэлдгээр хулгайн замуудаар хөдөлгөөнт хяналт шалгалтын ажлын хэсгүүдийг ажиллуулж эхэлсэн.

-Тарваганы түүхий  мах, эд, эрхтэн оруулахыг завдсан зөрчил гарсан тухай дуулдах юм?

- Баруун аймгуудаас ирж байгаа  тээврийн хэрэгсэлүүдээс тарвага  түүхий мах, эд, эрхтэн оруулахыг завдсан зөрчил их гардаг. Өнөөдрийн байдлаар  70 гаруй тарваганы түүхий мах оруулахыг завдсан зөрчлүүдийг илрүүлээд байна.

-Илрүүлсэн тарваганы түүхий мах, эд, эрхтнийг шууд устгалд оруулдаг уу?

-Тарваганы мах, эд, эрхтэн илэрсэн тохиолдолд Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, шинжилгээ хийлгэж дараа нь устгалд оруулдаг.

Бид зөвхөн тарваганы мах илрүүлэх биш тарвага болон тарваганы  түүхий эдтэй харьцсан өндөр  хэмээр халуурсан иргэдийг  тандаж нийслэлд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг.

-Зөрчил гаргасан иргэнтэй шууд хариуцлага тооцож болдог уу?

-Бид аюул осол, гамшгаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тарваганы түүхий махыг  Улаанбаатар хот руу  оруулахыг завдсан зөрчил гаргасан иргэдийг харъяаллаар нь цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Тэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.

-Улаанбаатар хотод тарваган тахлын шинжтэй дуудлага, тохиолдол илэрсэн үү? 

- Нийслэлд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн  байж болзошгүй гэсэн дөрвөн дуудлага гарсан байдаг. Үзлэг, шинжилгээгээр  тарваган тахлын  онош  батлагдаагүй  

Иргэд  мэдээлэлтэй байж, тарваган тахлын аюулаас   сэргийлэх ёстой. Хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотод тарваган тахлын аюул нөмөрвөл  ямар их хохирол, эрсдэл учруулах вэ гэдгийг хүн бүр бодож мэргэжлийн байгууллагаас гаргаж буй заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө, гэр бүлээ,  найз нөхдөө хамгаалж чадна. 

                                                                                                                                                                   сэтгүүлч Д.Дорж

Эх сурвалж: www.zindaa.mn

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвчингүүдээ(103.9.90.130) 2017 оны 09 сарын 18

Нийслэлийн оршин суугч нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломжгүй гэж хуулинд оруулж өгөх цаг нь болсон

0  |  0
Zochin(99.203.15.28) 2017 оны 09 сарын 15

Buzar yumaa.uls orondoo ezen baigaachei.busdad taalagdah geed delhiin doog mongolchuud bolj baigaad haramsaj bna.

0  |  0
Зочин(139.5.219.248) 2017 оны 09 сарын 14

Малын, тэр дундаа үхрийн шүлхий өвчин Нийслэл хотод гарч хорио цээр тогтоогоод шаардлагатай арга хэмжээ авч байгаа нь зөв зүйтэй байна. Харин үхрийн шүлхий хүнд халдах, хүн үхрийн шүлхийг дамжуулан хүнд болон үхэрт халдвар тараасан тухай длхийд бүртгэгдээгүй. Иймд үхрийн шүлхийгийн голомтонд хорио цээр тогтоохдоо хүнд /оршин суугчдад/давхар хорио цээр тогтоож тэднийг бухимдуулах, улмаар их хэмжээний үргүй зардал гаргаж байгааг анхааран үзэх, улмаар хорио цээр тогтоох талаар одоо мөрдөж байгаа зарим журам, дүрэмээ эргэн харж мэргэжлийн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй байна.

0  |  0
Top