“Эрдэнэт үйлдвэр” ХХК Орхон аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 100 сая төгрөгийн өртөг бүхий хэт авиан бүх төрлийн дүрс оношилгооны эхо аппарат, өвчтөний монитор, амьсгалын аппарат, гурван үйлдэлт өнгөт хэвлэгч зэрэг тоног төхөөрөмжүүд өглөө.
Эдгээр тоног төхөөрөмжийг худалдан авахаар тендер зарлахад “Чоно гол” ХХК шалгарснаар нийлүүлсэн аж. Тус компани нь эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлэгч таван компанийн нэгд тооцогддог аж. Тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, Эдийн засаг хариуцсан орлогч Ж.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцож, хоёр талын хамтын ажиллагаа нь Орхончуудын эрүүл мэнд, боловсрол гээд хүний хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэг үр дүн өгч буйг энэ үеэр тэмдэглэв.
Энэ онд Эрдэнэт үйлдвэрийнхэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоёр дахь удаагийн бэлгээ илгээж буй бөгөөд эхнийх нь нярайн тасагт чухал шаардлагатай дуслын шахуурга аппарат өгч байсан юм.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )