Хүүхэд харах үйлчилгээний 700 мянган төгрөгийн төсөв хүрэлцдэггүй гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

 Монгол Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг 2015 оны 7-р сард батлан хэрэгжүүлж эхэлсэн нь төрийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэрээрээ байгаа хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах боломж олгосон явдал болж эцэг, эхчүүдийн таашаалд нийцсэн ажил болсон юм.
Хуульд зааснаар энэхүү үйлчилгээнд хоёроос дээш насны хүүхдүүдийг хамруулж,  нэг ангид 15 хүүхэд, гурван багштай байх юм.
 
 Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 30 иргэний 12 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж, 134 хүүхдэд үйлчилгээ аваад байна. Эл үйлчилгээг тус аймгийн Алтанбулаг, Мандал, Сүхбаатар, Сайхан, Ерөө, Зүүнбүрэн, Сант, Баруунбүрэн сумдад үзүүлж байгаа. Шинэ хичээлийн жилээс Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нийт хүүхдүүдийн үндсэн мэдээллийг туршиж үзэх программтай болж байгаа хэмээн аймгийн ХГБЗХХ-ийн дарга П.Оюун мэдээллээ. Одоогоор үүнийг хангах судалгаа бүртгэл мэдээллийн ажлаа эхлүүлээд явж байгаа аж.
 
 Аймгийн төв Сүхбаатар хотод улсын цэцэрлэг олон байдаг учраас энэ үйлчилгээг ганц “Бамбархан” төв үзүүлж байна. Тус төв 2016 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2-5 насны 15 хүүхэд, гурван багштай ажилаж байгаа аж. Тус төвд нэг сард улсаас нэг хүүхдийн 113 мянган төгрөг буюу нэг сая 700 гаруй мянган төгрөгийн төсөв өгдөг байна. Үүнийгээ байрны түрээс, хүүхдүүдийн хоол, ариун цэвэр болон бусад хэрэгсэл, гурван багшийн цалинд зарцуулдаг гэнэ. Гэвч энэ зардал үйл ажиллагаандаа хүрэлцдэггүй гэдгийг эдний хамт олон ярилаа. 
Хүүхэд харах үйлчилгээний хуульд тухайн хүүхдийн эцэг эхчүүд хүүхдэд ноогдох мөнгөний 60 хувьтай тэнцэх мөнгийг өгөхөөр заасан байдаг хэдий ч энэ мөнгийг өгч чаддаггүй байна.  
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top