Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын элчин сайд бараалхав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иржи Бродский өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив. Элчин сайд Иржи Бродский Монгол Улс, БНЧУ эртний уламжлалт найрсаг харилцаатай гээд үүний илэрхийлэл нь чех хэлтэй 50 мянган монгол хүн байдаг, Монголоос олон хүн тус улсад ажиллаж амьдардаг гэлээ. Тэрээр Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, үүний дотор худалдаа, эдийн засгийн харилцааг ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Хоёр орны хооронд худалдааны эргэлт бага байгаа. Монгол Улс Зүүн Азитай ойр хөрш оршдог. Зүүн Ази бол дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн хүн амын тал хувь нь Ази тивд бий. Иймээс Чехийн эдийн засаг, бизнесийг Зүүн Азитай холбоход Монгол Улс дамжин өнгөрөх гүүр болж чадна.

Монгол орон газар дороо төдийгүй газар дээрээ баялагтай. Далан сая толгой малтай тул ноос, ноолуур, мах зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан гаргах боломжтой. Мөн аялал жуулчлал, өвлийн спорт, тэр дотроо Чех Улс хоккейн спортоор дэлхийд алдартай тул мөсний хоккейн төрлөөр хоёр тал хамтран ажиллах боломжтой” гэлээ. Элчин сайд Иржи Бродский эдгээртэй санал нэг байгаагаа илэрхийлээд, ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээсээ танилцуулав. Юуны өмнө нийгмийн хамгааллын салбарт гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүгээр Чех Улсад ажиллаж, амьдарч байсан монголчуудад нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжид хамруулах бололцоо олгохыг зорьж байгаа ажээ. Мөн харилцан визний нөхцөл хөнгөвчлөх төсөл яригдах юм байна.

Элчин сайд мөн бизнесийн зарим санал танилцуулсан юм. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Чехийн олон компани байдгийг Элчин сайд Монголд ирэхийн өмнө судалж, танилцсан гэлээ. Мөн эрчим хүч, ХАА, байгаль орчин, спортын салбарт хамтран ажиллаж, мөсний хоккей хөгжүүлсэн туршлагаасаа Монголд нэвтрүүлэх боломжтойг хэлэв. Эдгээрийг хэрэгжүүлэхэд БНЧУ-ын ЭСЯ Монголын талтай хамтран ажиллахад бэлэн гэдгийг Элчин сайд Иржи Бродский илэрхийлж байлаа.

 

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gan(94.112.120.185) 2017 оны 09 сарын 22

Czech deh Mongol ajilchidiin daatgaliig neg taldaa toozuulah talaar hiigdeh ajiliig end suugaa 7000 orchim ajilchid hvleej b.n

0  |  0
Top