Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан цөөнгүй үйл явдал өрнөлөө. Багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяж, энэ зуурт нь эмч нар 2018 оноос цалингаа 50 хувиар нэмүүлэхээр болов. Мянгат малчдын төлөөллүүд Хэвлэлийн бага хурал хийж, орон нутагт 10000 ажлын байр бий болгохоо зарлалаа. Засгийн газар нь “Үүрэг гүйцэтгэгч” болсныг дагаад хотын парламент буюу НИТХ-ын хурал даргагүй болов. Долоо хоногт өрнөсөн үйл явцаас тоймлон хүргэж байна.
Нийслэлчүүд номоор цэнгэлээ
Жил бүрийн есдүгээр сарын гуравдахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Номын баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Гэр бүлийн уншлагыг дэмжье" уриан дор Сүхбаатарын талбайд Үндэсний номын баярын өдрийг тэмдэглэлээ. Зохиолч, бүтээгчид, уншигчдын уулзалт болж, зохиогчийн гарын үсэгтэй ном, хямдралтай үнээр борлуулах, худалдан авах боломжийг олгодог. Гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, "Эх хэл, өв соёлоо дээдлэхүй" зөвлөгөө, -Насных нь тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн гарлаа. Номын зохиогчид, уншигчид, номын хорхойтнууд хоёр өдрийн турш Д.Сүхбаатарын талбай дээр ном, шүлэг, найргаар цэнгэлээ. Хүүхэд, залуучуудын ном сонирхох, унших нь илт нэмэгдсэнийг “Номын баяр”-т оролцогсод хэлж байв.
Ц.Сандуй руу оймс шидэв
Д.Сүхбаатарын талбай дээр иргэд Номоор цэнгэж байхад талбайн хажууханд сүндэрлэх Хангарьд ордонд НИТХ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ц.Сандуйг Хурлын танхимаас оймсоор шидэн хөөх шахсан үйл явц өрнөв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан есдүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордны 14 давхрын Хурлын танхимд болсон. Хуралдаан эхлээгүй байхад гаднаас танхимд гэнэт орж ирж, НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шидсэн этгээд нь МАХН-ын Бага хурлын товчооны гишүүн Б.Жагар гэгч ажээ. НИТХ-ын 44 төлөөлөгчийн 36 нь дэмжсэнээр 81.82 хувийн саналаар Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Харин эсрэг санал өгсөн хоёр , огт санал өгөөгүй зургаан төлөөлөгч байсан юм.
Мянгат малчид 10 мянган ажлын байр бий болгоно
Харин тэмцэл, эсэргүүцэл үргэлжилж байх зуурт нэгэн сонирхолтой үйл явц өрнөсөн нь Мянгат малчдын мэдэгдэл, амлалтын тухай байлаа. Эгэл жирийн малчид хөдөө орон нутагт 10 мянган ажлын байр бий болгох хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.
Монгол Улсын хэмжээнд 8200 мянгат малчин бий. 10,000 ажлын байр бий болгох хөдөлгөөнийг эхлүүлсэнээр ажилгүй иргэдийг цалинжуулж, 3-5 жилийн хугацаанд мал маллах ухаанд сургаж, амьдрах гэр, хоол хүнсээр хангаж, малжуулах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой тухай мянгат малчдын төлөөлөл ярилаа. Алс хэтдээ хэн нэгний улстөрийн ашиг сонирхол болчихгүй бол орон нутагт 10 мянган хүнийг ажлын байртай болгож, амьдралыг сайжруулах тухай гэгээтэй мэдээлэл байв.
Хөвсгөл аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийслэл Улаанбаатар хотын хоёр дүүргийн гурван цэгт шүлхий өвчний голомттой байгаа. Орон нутагт ч халдварт өвчин гарч хорио цээр тогтоож байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн малчин М-ийн гурван тугал халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Дээж авч лабораторид шинжлүүлэхэд "Боом" өвчин болох нь тогтоогдсон учир Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Боом өвчний голомтод таван айлын 11 хүн, мянга гаруй мал байгаагаас 200 гаруйг нь вакцинжуулсан байна. Үүнтэй зэрэгцэн Улсын онцгой комиссын ажлын хэсгийнхэн долоон аймгийн 10 суманд ажиллаж эхэлжээ.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )