Энэ сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Спорт цогцолборт Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит 1024 бөхийн барилдаанд тав давж, улсын начин цол хүртсэн Батчулууны Баатарцолын цолны мялаалга наадам боллоо.
Тэрээр 2016 оны наадмын барилдаанаар улсын харцага Ө.Даваабаатарыг өвдөг шороодуулж, тус аймгаас 34 жилийн дараа төрөн гарсан улсын цолтой бөх болсон юм. Тухайн үед аймгийн Засаг даргын захирамжаар шинэ начны цолыг мялаах наадмыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан ч малын халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтсоноос төлөвлөгдсөн ажлууд хойшлогдсон аж. Харин аймгийн удирдлагын зүгээс Б.Баатарцол начинд хүндэтгэл үзүүлж, 2 өрөө байраар шагнаж байжээ.
Нутгийн зон олон "булган сүүлтэй" хэмэн хүндэтгэдэг Б.Баатарцолын цолны мялаалга наадамд хүчит 64 бөх зодоглож, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Н.Батсайхан түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Б.Ганзориг үзүүрлэв. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулан, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат аймгийн заан Г.Ариунболд нар шалгарлаа.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )