УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна?
-Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийн зүгээс Засгийн газарт тавьсан дүнг дагахаас өөр арга байсангүй. Хэрэв Засгийн газар байгуулагдахаасаа эхлээд сонгуулиар амласан шигээ мэргэжлийн байж олон нийтэд үнэлэгдэх хэмжээнд ажиллаж чадсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Засгийн газар маань эдийн засгийн нөхцөл байдал бидний бодож, төсөөлснөөс огт өөр байжээ, үнэхээр дампуурчихсан байсан юм байна гэснээр асуудлаас мултарчихгүй. Тэр тусмаа нэг жил шахуу АН-тайгаа Манантаж хамтарчихаад мэдэхгүй царайлж болохгүй. Мөн Сонгуульд оролцож олон нийтийн саналыг авахдаа ямар ч хүндрэл байсан туулаад гарна л гэсэн. Тэд амлалтаа нэхэх нь зүйн хэрэг. Ямар ч шалтаг тоочоод үүнээс мултрахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол манай намд өгч буй урьдчилсан том сануулга.
Сонгуульд амжилтгүй оролцоход олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ Засгийн газрын ажлын үр дүн бол хамгийн гол хүчин зүйл байдаг. Ажлын үр дүнгээс гадна бодлогын алдаа ч их гаргасан. Наад зах нь ОУВС-гийн хөтөлбөрт яагаад нэг сар хүлээгээд сонгуулийн дараа хамрагдаж болохгүй гэж. Хөтөлбөрийн асуудал бүлгээр яригдахад “Нэг сар хүлээ” гэсэн саналыг би болоод олон гишүүн хэлж байсан. Үүнийг огт тоогоогүй, хүч түрээд л явсан. Одоо болохоор өөрсдөө санал оруулчихаад, “УИХ зөвшөөрсөн шүү дээ” гэсэн юм яриад л сууж байна. Ер нь тэтгэврийн насыг нь татвартай нь хамт нэмчихээд халамжийн мөнгийг нь багасгана гэхээр хэн санал өгөх юм. Үүнд л олон түмэн дүнгээ тавьж, бид түүний дагуу хариуцлага тооцсон. Тодруулбал, 2020 оноо бодож л ийм алхам хийсэн. Үлдэж буй хугацаанд ард түмэнд амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулж, амлалтаа хэрэгжүүлэх ёстой.
-Ард түмэн МАН-ыг хоёр фракц бүлэгт хуваагдаад нам дотроо учраа олж чадахгүй байна гэж харж байгаа. Үнэхээр УИХ дахь МАН-ын гишүүд хоёр тал болоод хуваагдчихсан хэрэг үү?
-Тэгэж бодож огт болохгүй. Жишээ нь, би ямар нэг бүлэглэлд хамрагдаж хэн нэг хүний далбаан доор амьдардаггүй. Одоогийн болоод байгаа үйл явдал бол фракц, бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөх тулаан бус цаашид хэрхэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр гарч буй гишүүдийн байр суурийн ялгаа. Намын бүлгийн гишүүдийн маань нэг хэсэг нь Засгийн газарт зарим нэг өөрчлөлт хийгээд үргэлжлүүлээд зүтгүүлээд үзье гэж байхад, нөгөө нэг хэсэг нь, амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулаад үлдсэн хугацаанд зүтгээд үзье л гэсэн хэрэг шүү дээ. “Дараагийнх нь хоолонд орох” тухай ярьж буй хүмүүс бол өөрсдөө Засгийн ажлыг хоол гэж хардаг хүмүүс л байхгүй юу. Уг нь бол их зүтгэл шаардсан нүсэр ажил, том хариуцлага л байгаа юм.
-Ингэхэд 60 тэрбумын асуудлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Прокурор энэ хэргийг хянаад эвлүүлэг гэж үзэн хэрэгсэхгүй болгочихлоо. Тэгсэн хэрнээ 60 тэрбумыг босгох төлөвлөгөөг боловсруулахад оролцсон НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорчихлоо шүү дээ?
-Энэ асуудал саяын Сонгуулийн ярианы нэг сэдэв байлаа. Иргэдэд тайлбар хийхээр наадах “Засгийн газрын гишүүдээ хар л даа, батлагдаж байгаа биз дээ” гээд хэдэн сайдын нэр дурьдаад унана. Маш зовлонтой байсан. Миний бодлоор тийм яриа болсон юм шиг байгаа юм. Эвлүүлэг ч биш болов уу. Гол нь иргэд, ийм яриа болж байхад М.Энхболд дарга загнаад хөөгөөд гаргах ёстой, түүнээс биш ийм жишиг байна уу гээд сууж байж болохгүй л гэдэг юм билээ. Ер нь энэ асуудлыг нэг мөр цэвэрлэж байж дараагийн сонгуульд орохгүй бол олигтой үр дүн гарахгүй.
-Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн хийх ёстой гэсэн яриа байдаг. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ?
-Яриа бол яриа шүү дээ. Ерөнхий сайдын асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин ямар ч хуулинд тийм заалт байхгүй.
-Улс төрийн намуудын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Эсвэл Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой юу?
-Намын дүрэм хууль биш учраас намын дарга нь заавал Ерөнхий сайд байх албагүй. Харин намынхаа хүрээнд ийм зохицуулалт хийх боломж байна гэсэн үг. Олон улсын практикт Засгийн газрыг тогтвортой байхын нэг үндэс нь парламент дахь олонхийн намын дарга нь гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх явдал гэж үздэг юм билээ. Тэр талаас нь бодолцож манай намууд дүрмийнхээ хүрээнд ийм зохицуулалт хийсэн байдаг.
-Нам үл харгалзан байгуулагдсан эрх мэдэл, албан тушаалын бүлэглэл улс орны хөгжлийг боомилж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлдэг. Энэ бүлэглэлээс чинь болоод мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус баг яамдад очиж салбарын ажлыг унагаж байна. Салбарын ажил унахаар улсын ажил унаж, эдийн засаг хямарч байгаа талаар би байнга ярьдаг. Нааштай ахиц гарахгүй байна. Одоогийн шинээр байгуулагдах Засгийн газарт дахиад л энэ асуудлыг тавина. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр бид хямралаас гарч чадахгүй, олигтой хөгжихгүй.
-МАН-ын нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгааг ил цагаан зарлалаа. Таны хувьд эдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой байна вэ?
-Өнөөдрийг хүртэл намаас албан ёсоор хэн нэгнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүй байна. Хаанаас тийм нэр гараад байгааг би мэдэхгүй. “Чи нэрээ дэвшүүл, дуугүй сууж болохгүй” гэх хүн ч л байх юм. Төрд бэлтгэгдсэн талаасаа ямар ч албыг хашчих л байх. Гэхдээ юманд цаг хугацаа, улс төрийн эрэмбэ гэж бичигдээгүй хууль бас байна аа.
Жишээ нь, өнөөдрийнх шиг улс төр тогтворгүй байгаа үед улс төрийн эрэмбэ, нөлөөтэй байдал талаас нь бодолцож Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зөв байх. Бидний хэсэг нөхөд тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байх болов уу гэж дэмжиж байгаа. Ер нь бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна. У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл.
Даргын ая талд нийцэж ажилладаг, бөөрөнхий зантай хүн Ерөнхий сайд болвол даргын эрх ашиг хангагдаад улс орны, олон түмний нийтлэг эрх ашиг хохирчихдог. Тиймээс Ерөнхий сайд наад зах нь өөрийн бодолтой, шийдвэр гаргах чадвартай, шинэтгэл хийх эрмэлзлэлтэй хүн байх ёстой.
-АТГ-ыг улстөрчдийн захиас даалгавраар ажиллаж байна гэж олон нийт хардах болсон. Та ийм итгэл үнэмшлийн талаар юу хэлэх вэ?
-Наадах асуултад чинь хариулахын тулд хоёулаа ганцхан жишээ татъя. Жишээ нь, С.Баярын байрны асуудал болон Оюу толгой, Дубайн асуудлаар С.Баярцогт, Сайханбилэг нартай илт хариуцлага тооцохгүй байхаар ард түмэн тэгж хардах нь зөв шүү дээ. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч асан маань улс төрийн өрсөлдөгч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараа авилгалын асуудлаар намнасан атлаа тэднээс хэд дахин их олон арван сая доллартай холбогдсон дээрх эрхмүүд лүү хатуу үг хэлэх нь битгий хэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Элчин сайдад дэмжсэн.
-Энэ сарын 25-нд(өнөөдөр) болох МАН-ын Бага хурлаар намын даргыг шинээр сонгох асуудал яригдах байх. Та Бага хурлын гишүүдэд хандаж юу захимаар байна вэ?
-Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин намын Их хурлын товыг тогтоож, зарлана. Дүрмээрээ намын даргыг намын Их хурлаараа сонгодог. Манай нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 2020 онд ялагдаж болохгүй. Тиймээс бүлэглэл, бизнесийн явцуу сонирхолд автаж, намын нэгдмэл эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж болохгүй гэж хэлмээр байна.
-Монгол Улсын эдийн засгийн хямралын нэг үндэс бол Монголбанкны буруутай үйл ажиллагаа, бодлоготой холбоотой гэж та ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Хямралын гол шалтгаан Монголбанкны буруутай үйл ажиллагаа гэсэн миний урьдын байр суурь хэвээрээ байгаа. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор хэдэн их наяд төгрөг хэвлэж, түүгээрээ импортыг дэмжиж валютын нөөцийг шавхаж ханш өсгөсөн нь үнэ өсгөж, амьдралыг үнэтэй болгож, ядуурлыг улам нэмэгдүүлсэн. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хэдэн төгрөг, хуримтлал нь цаас болсон. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй учраас иргэд үнийн өсөлтийг зээл авч нөхсөн. Компаниудын борлуулалт буурч, орлого хумигдан авсан зээлээ төлж чадахгүй болсон. Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2014 онд 241 тэрбум төгрөг байсан бол одоо нэг их наядыг хол давчихлаа. Ийм л эдийн засгийг бий болгосон. Энэ нөхцөл байдалд хүргэсэн Төв банкны өмнөх удирдлагатай заавал хариуцлага тооцох ёстой, ингэж байж дараагийнх нь улс орныхоо төлөө ажилладаг болно.
-Ойрын жилүүдэд эдийн засаг үнэхээр хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна вэ?
-Нэн тэргүүнд Хөгжлийн загвараа тодорхойлох хэрэгтэй. Одоогийнх шиг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт дагасан маягаар амьдарч болохгүй. Үнэ унахаар сөхрөөд, үнэ өсөхөөр түр өндийдөг байдлаар л амьдарч ирлээ. Мөнгө босгож, санхүүжилт хийхэд уул уурхай хэрэгтэй. Харин тэр олсон орлогыг юунд зарцуулж тогтвортой хөгжих вэ гэдэг л гол асуудал. Миний бодлоор хамгийн тогтвортой орлогын эх үүсвэр бий болгох салбар бол бэлчээрийн мал аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм. Энэ чиглэлд газар нутаг, бэлчээрийн мал гээд манайд асар их давуу тал байгаа учраас дэлхийд өрсөлдөх чадвар бий. Тиймээс манай орны хөгжлийн оновчтой загвар бол Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл гэж боддог. Тэгээд энэ бүтцээ урт дунд хугацааны бодлого, төлөвлөлттэй хөгжүүлж, мэргэжлийн Засгийн газраар хэрэгжүүлээд явбал бид хөгжинө. Манайхтай адил гурван сая гаруйхан хүн амтай Уругвай улс Хөдөө аж ахуйг хөгжүүлж дэлхийг тэжээж 50 тэрбум ам.долларын эдийн засагтай болсон байна. Хичнээн хямарч байсан ч хүн идэхээсээ татгалзахгүй. Машин унаа тансаг зүйлээсээ бол татгалзаж чадна. Тиймээс ХАА тогтвортой хөгжлийг бий болгодог. Тогтвортой эдийн засаг бусад салбараа чирээд хөгжүүлээд явчихна. Ялангуяа хүний хөгжил боловсролын асуудал жижиг оронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бид баялаг бүтээж, мөнгө бий болгодог хүний хөгжлийг дэмжиж байж хөгжих бизээ. Одоогийнх шиг бүтээсэн мөнгийг дээрэмддэг ов заль, хулгай луйвраар хол явахгүй. Нэг л өдөр төгсгөл нь ирнэ.
Тиймээс иргэдээ халамжинд сургах бус баялаг бүтээгч байх чиглэлд багаас нь бүх шатны сургалтаар дамжуулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Алмазнаас бусад бүх баялагтай оронд ядуу амьдарч буй нь бидний өөрсдийн арчаагүйнх юм. Иймд дээрээсээ буюу нийтийн эрх ашгийн төлөө явдаг төртэй болохоос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байна.
Хувиа бодсон шуналын сэтгэлээр бус улс орноо гэсэн чин сэтгэлээр, оновчтой бодлого, цэгцтэй төлөвлөлтөөр хандвал өргөн уудам нутагтай, асар их баялагтай, 50 сая малтай, том орны тосгоны хүн амтай Монгол орныг хөгжүүлнэ гэдэг нэг их хүнд асуудал биш юм. Эцэст нь хэлэхэд биднийг өнөөдрийг хүртэл хөгжүүлэхгүй байгаа зүйл бол бүлэглэл, даргын гэсэн явцуу эрх ашгийн төлөө төрөө чиглүүлээд байгаа явдал юм. Ийм шалгуураар төрийн албыг бүрдүүлж байгаа нь төрийн ажлыг нурааж, түмний эрх ашгийг хохироож, улс орноо хямруулж байна.
Эх сурвалж: dnn.mn
Сэтгэгдэл ( 22 )
10%-ийн Даваасүрэн гэгч алдарт авилгалчин гэж энэ хүн шүү дээ
Энэ нөхөр хаана л хагалан бутаргах сэм яриа явагдаж бна, тэнд л байж байдаг, үнэхээр муухай хүн шүү. Хүрэлсүх энэ хачин хүнээс л холхон байгаарай
Энэ нөхөр сайн хүн биш шүү
zarim humuus yu bichij baigaagaa ch oilgohoo bolijdee ardiin namiin ner hundiig buren unahaas ni umnu hyrelsuh terguutei humuus zogsooj gawya baiguulsand talarhaj bna odoo sain ajillaj ner hundee usguurui
Даваасүрэн бол хагалан бутаргагч. Бас урвагч. Нэг л их мэдэмхийрсэн дүр. Сангийн яамны төрийн санг ахалж байгаад л мөнгөжиж томорсон дурчак шүү дээ. Энэ хүнийг нэг их дүгнэж цэгнээд байхдаа яахав дээ. хирээ мэдэж баймаар даа.
davaasuren gej xudlaa gar xor nairuulaad l baix yum xamgiin novsh ni zailval taarna
За даа! Сайхан гэрэлтэй ирээдүйг ойрын хэдэн жилд цогцлоох төр засгийг бүрэлдүүлж чадахгүй дээ! Хар муу юм зөгнөж байгаам биш шүү! Чадварлаг, улс төрийн их соёлтой хүмүүс засагт гарч ирвэл 20-25 жилд улс орноо өөд нь татах ёстой! одоо ч хэтэрхий шалдаа буулаа ш дээ!
Энэ С. Баяр , Баярцогт ,монгол банкны Золжаргал ,Дубайтай холбоотой Сайханбилэг эдгээрт яагаад харицлага тооцдог юм эрх мэдлээ урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан энэ хумуус оноодрийн эдийн засгийн хямралд хурэхэд ч нолоолсон шдэ эдний хууль бусаар олсон тэр хувийн бух хоронго гадна дотно нуучихсан байр эдлэн монго бугдийг хурааж улсын орлого болгож хариуцлага тооцмоор бн
Tanii helsen vgnvvd mash zow odoo ta nar Hvrelsvhiigee demjeed gargaad ir tegwel bvh zvil chin bielelee olnoo
Хүрэлсүх л бид бүгдэд хэрэгтэй хүн шүүдээ. Албан тушаал нэр төр мөнгөнөөс айхгүй Хүрэлсүхийгээ дэмжээрэй
novsh davaasuren duugui baisan deer shuu.avligachin
Улс орныхоо төлөө тууштай тэмцэж чадаж байгаа хүмүүсийн нэг яалт ч үгүй мөн. Улс орноо сэргээе гэвэл ЗГаа шудрага хүмүүсээр л бүрдүүлэх хэрэгтэй
Одоо засаг тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Засгаа шинэчилье, хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ засгийг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй.
Uls turd ugasa busdiig surj chaddag xelex zvilee xelchixdeg xiix zvilee xiichixdeg ni xol ywdag bolson. Xvrelsvx tiim l xvn
Энэ хүн шиг тууштай, итгэлтэй хүн үгүй байх. Намдаа хэт үнэнч туйлбартай байдал нь түүнд цогтой тэмцэгчийн дүр төрхийг бий болгосон. Хүрэлсүх шиг хүн энэ төрийг зөв гольдролд нь оруулж чадна.
Ард иргэд ч бас Хүрэлсүхийг дэмжиж байгаа, МАНАНг арилгах ганц хүч бол Хүрэлсүх
Xurelsux chini nam aa awrax gants xvn shdee. Busad balgasnuudaa archij xayax tsag bolson
Би лав хувьдаа У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа, Залуу хүнийхээ хувьд ч тэр , улс төрд эзлэх байр суурь, зангараг гээд л төрийн хар хүн байх бүх шинжийг агуулсан хүн учраас дэмжиж байга. Тэглээ ч нийгэм түүнийг хүсээд байгаад л бүх учир байгаа юм
tsahim yurtunts niigmiin dund sain hun bolj haragdahin tuld heniig ch yaahad ch belen nuhurduu.
ХҮРЭЛСҮХИЙГ дэмжвэл та сангийн сайд сайд болох тохироо хийгээ юу та тендерийн мөнгөөр баяжсаныг ард түмэн мэднэ шүү төрийн санд байхдаа 10хувиар баяжаа биздээ
Ene muu Davaasuren chini harin neg zuv duugarch baih shiv.
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.