Х.Лхасүрэн: Лаост европ эм, эмчилгээг Монгол эмч нар дэлгэрүүлсэн юм шүү дээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

 

 Монгол Улс, БНАЛАУ-тай 1962 оны  есдүгээр сарын 12-нд  дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 онд 55 жилийн ой  тохиож байна. Манай хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай байж, дайны хүнд жилүүдэд Лаос улсад БНМАУ-аас эрүүл мэнд, мал аж ахуйн чиглэлээр тусламж, дэмжлэг үзүүлж байжээ. Энэ талаар тус улсад ажиллаж байсан анхны эмч нарын багийн ахлагч, ахмад эмч Х.Лхасүрэн хэрхэн хүүрнэснийг хүргэж байна.  


-Таныг Лаост эмчээр ажиллаж байсан гэж сонссон. Та аль нутгийн хүн бэ. Хэдэн оны үед ямар зорилгоор явсан  бэ?

-Би Өмнөговь аймагт төрсөн хүн л дээ.1960 онд МУИС-ийн Анагаах ухааны сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгслөө. Нутагтаа 19 жил нүд, чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчээр ажилласан. 1979 онд Лаос-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тус улсад БНМАУ-ын буцалтгүй тусламжаар эмнэлэг барьж өгөхөөр болсон юм. Мөн Монголын эмч мэргэжилтнүүдийг ажиллуулахаар шийдвэрлэж 1980 оноос бэлтгэж эхэлсэн.

Тухайн үеийн Чехсловак Улсын Праг хотод дадлага хийсэн. Намайг нүд, хамар хоолойн хавсарсан мэргэжлээр олон жил ажилласныг харгалзан үзсэн юм болов уу. Тухайн үед Сангийн яаманд Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороо гэж байлаа. Тэндээс гэр бүлийн хоёрыг явуулах хүсэлт тавьсан нь эдийн засгийн хэмнэлтээ бодсон байж. Гэр бүлийн хүнийг нь 80 хувиар цалинжуулсан. Ингээд намайг Өмнөговь аймгаас дуудаж ирүүлсэн, бусад нь хотын эмч нар.

Намайг намын хэсгийн ахлагчаар томилдог юм байна. Биднийг Эрүүлийг хамгаалах яамны мэргэжилтэн Очирбат ахалсан. Эхний багт 18 хүн явсан юм. Хоёр жилийн хугацаанд эмч нараас өвдсөн нь бий. Багийн ахлагч маань хугацаагаа бүрэн дуусгаж чадаагүй өвчний улмаас цааш ажиллах боломжгүй гээд буцсан. Сүүлийн хугацаанд би багийг ахалсан.

Бидний дараа хоёрдугаар ээлжинд дөрөв, гуравдугаар ээлжээр хоёр эмч очсон. Одоогийн Энхийг сахиулагчид илгээдэг шиг л байсан даа. Мэргэжилтнүүдийн тоо цөөрсний шалтгаан гэвэл Монгол эмч нартай ажилласан нутгийн эмч нар тодорхой хэмжээнд дадлага туршлага суусан. Мөн БНМАУ-д Лаосоос эмч бэлтгэж эхний хүмүүс төгсөөд нутагтаа очсонтой холбоотой.

- Монгол эмч нар Лаост европ эмчилгээг дэлгэрүүлсэн гэж ойлгож байна.Та бүхнийг хэрхэн хүлээж авч байв?

-Бид 1984 оны зургадугаар сарын 4-ний бороо цайрсан өдөр Лаос Улсад очсон. Гэхдээ нийслэл биш захын Тонсон хотьг зорилоо. Монголчууд Лаосчуудад 60 ортой, өдөрт 150 хүн үзэх хүчин чадалтай эмнэлэг байгуулж өгсөн. Тэр нутгийн хүмүүс европ эмнэлэг, эмчийг мэдэхгүй, дорно дахины эмчилгээг шүтдэг байсан. Манайхаар ардын уламжлалт эмчилгээ юм даа. Вьетнам, Хятадад сургууль төгссөн цөөн эмчтэй.

Бидний очсон Сиенгхуан мужид эмч байгаагүй. Тухайн үеийн ЗХУ-аас авсан эм бэлдмэлээр хангаж Монголчууд Лаост европын эм, эмнэлэг, эмчилгээг түгээн дэлгэрүүлсэн. Эмнэлгийн барилгаа хүлээж аваад шууд ажилдаа орлоо. Лаосчууд эхлээд ирэхгүй дөлж, цэрвээд "Сэрэлт" кинонд гардаг шиг үйл явдал өрнөдөг байлаа. Сүүлдээ сайн эмч нартай, сайхан эмнэлэг гэдгийг мэдээд олноор ирж үйлчлүүлдэг болсон. Ялангуяа, төрөх, мэс заслын тусламж их үзүүлдэг байлаа.

-Лаост дайны үед очив уу?

-Дайны хор уршиг бүрэн арилаагүй байсан. Тэсрэх бөмбөг, мина хаа сайгүй л булаастай. Зарим айл гар бөмбөг ямар зориулалтаар нь мэдэгдэхгүй хадгалсан байдаг. Түүгээр нь хүүхдүүд тоглож байгаад бөөнөөрөө гэмтэж бэртэх тохиолдол гарна. Хүүхэд аливаа зүйлийг сониучирхан оролдохдоо бөхийж үздэг учраас толгой нь хагарсан, гар, хөл нь тасарч нүд халтирам болсон ирнэ.
Лаос хүүхдүүд хамрын нүх, чих рүүгээ модны үр жимс хийж тоглоод тэр нь гарахаа больсон тохиолдол элбэг. Тэр бүхнийг эмчилнэ. Тухайн үед Лаост зам тээвэр хөгжөөгүй, хаа холоос хүнд өвчтэй, төрөх эмэгтэйчүүдийг дамнуурган дээр тавиад зөөж ирнэ. Халуун орны хумхаа дэгдэнэ. Тархи, мэдрэлд их нөлөөлдөг юм. Мөн бэлчээрт явсан үхэр мал нь минад өртөнө. Түүнээс биш шууд буудалцаад нэг рүүгээ халдаад байсан нь үгүй.

Лаосчууд ууланд дээрэмчид бүгсэн, хотын зах руу орж хоол, хүнсний зүйл дээрэмдлээ гэх зэргээр ярилцана. Манай эмнэлэгтэй Вьетнамын цэргийн анги ойрхон байрладаг байсан. Лаосчууд дунд хувьсгалт үзлийг эсэргүүцсэн бүлэглэл байсан бололтой юм билээ.

-Монгол эмч нарын очсон мужийн уур амьсгал дасан зохицоход амаргүй байсан уу?

-Төв нутгаа бодоход харьцангуй сэрүүвтэр газарт очсон. Жирийн модон амбаарт л байрлана. Халуувтар дулаан уур амьсгалтай. Лаос хоёр улиралтай. Сэрүүний улирал нь бороо тунадас ховор хуурай бөгөөд аравдугаар сараас хоёрдугаар cap хүртэл үргэлжилнэ. Цас орохгүй. Агаарт цасан ширхэг харагдаад "цас орох нь ээ" гэж баярлаж байтал бороо болоод л шивэрнэ. Халууны улиралд бороо хувингаар цутгасан мэт асгарна. Цэлмэг тэнгэрт гэнэт үүл гараад л бороо орно.

-Манайхаас хонины аж ахуй байгуулсан гэж дуулдсан. Та тэр тухай хэр мэдэх вэ?

-Биднээс жаахан зайтай газар хонины аж ахуй байрладаг байсан. Тэнд хоёр Монгол мэргэжилтэн ажиллана. Монголоос гурван төлгөн хуц аваачсан юм билээ. Нэг хуц нь мөргөлдөж байхдаа гэмтээд үхчихсэн, хоёр нь үлдсэн байлаа. Лаосчууд монгол хуцны төл сэргэлэн цовоо, бойжилт түргэнтэй гэлцэнэ. Хонинуудыг эрлийзжүүлж үүлдэр угсааг нь сайжруулж байсан болов уу.

Манай хоёр мэргэжилтэн Монгол хониндоо өгөх тэжээлийг Монгол нутгийнхаа сортыг тусгайлан тариалж бэлтгэж байгаад өвс ургамал нь зохицож эхэлсэн  учраас больсон. Түүнээс биш Вьетнамд аваачсан хонь шиг үс ноос нь зулгараад, туруу нь дэвтсэн нь үгүй. Ноосыг нь хяргадаг байсан. Лаосчууд төл хөнгөлөхийг мэдэхгүй. Эр хонь бүхэн нь хуц. Монгол мэргэжилтнүүд очоод төлийг нь хөнгөлөхөд их гайхсан гэдэг. Түүнээс хойш Лаосчууд төл хөнгөлдөг болсон байсан. Мөн хонины аж ахуйн ойр ЗХУ-ын мэргэжилтнүүд үхрийн аж ахуй ажиллуулж байлаа.

-Лаосчууд хэр зэрэг найрсаг хүмүүс вэ? Дайн дууссан хүнд бэрх жилүүдийн төгсгөл байсан гэсэн?

-Лаосчууд найрсаг. Монгол эмнэлэг байнгын гэрэл цахилгаантай. Харин Лаосын мужийн гэрэл орой үдэшдээ хоёр цаг орчим асаад унтарна. Одоо бодоход манай Монголын зарим сумын төв шиг хязгаарлалттай юм уу даа. Бид шумуулаас хамгаалах тортой орон дээр унтана. Эхэндээ тороо сайн ашиглаж мэдэхгүй, болгоомжгүйгээс болоод манайхаас хоёр мэргэжилтэн халуун орны хумхаагаар өвдсөн ч эмчилж эдгээсэн. Тухайн үед Лаос хөгжиж буй орны тоонд орж байсан. Бидний ажиллаж байсан мужид хүмүүсийн амьдрал ахуй нэлээд доогуур. Үр хүүхэд олонтой. Модон байшин шиг сарайд амьдарна. Дулаан орон учраас хүмүүс нь элбэгхэн өмд, цамцтай байхад болно. Хөл нүцгэн л гүйгээд байх. Хоол хүнсэндээ жимс, ногоо хэрэглэнэ. Америкчууд Лаосын газар нутаг, хот тосгодыг их бөмбөгдсөн юм билээ. Онгоцоор явж байхдаа харахад устай аяга шиг хонхорууд хаа сайгүй. Лаосчууд түүнийг Америкчуудын бөмбөгдсөний ул мөр гэцгээдэг юм.


-Max хэр зэрэг хэрэглэх вэ. Та бүхэн хоол хүнсээ хэрхэн зохицуулж байв?

-Лаосчууд цагаан будаа тариалдаг. "Усны үхэр" гээд бүдүүн урт эвэртэй зузаан арьстай, үсгүй юм шиг үхрээр газар хагална. Тугал байхаас нь сургаж анжис хөллөж байгаад хөгшрөхөөр нь муулж махыг нь иднэ. Айл бүхэн хүнсний ногоо, уулын энгэр, ам бүрт цагаан будаа тариалдаг. Зарим айл ганц хоёр ямаатай. Манайхан шиг олноор сүрэглэх малгүй.

Халуун орны мал өөхгүй байдаг юм билээ. Мөн "улаан үхэр" гээд сэрвээн дээрээ бөхтэй юм шиг үхэр бий. Тэр үхрээ залхуу гэцгээдэг. Хүнсэнд голдуу хэрэглэнэ. Усны үхрийнхээс мах нь арай зөөлөн. Бид захаас нь мах авч хүнсний хэрэгцээгээ хангадаг байв. Монгол эмч нарын ажиллах нөхцөлд Лаосын талаас анхаарал их хандуулсан.
 

-Лаост хоёр жил болоод үүргээ биелүүлээд ирэхэд хэрхэн хүлээж авав?

-Биднийг явахын өмнө Сайд нарын зөвлөлийн орлогч дарга зэрэг албан тушаалтнууд удаа дараалан хүлээн авч уулзсан. Үүрэг даалгавар их өгсөн. Харамсалтай нь, ирснээс хойш дээд удирдах байгууллагаас, үүрэг даалгавар өгөөд байсан хүмүүс биднийг төдийлэн тоож хүлээж аваагүй дээ. Эрүүлийг хамгаалах яамны сайд хүлээн авч ерөнхийд нь танилцаад хамт ажилласан эмч нар маань хуучин ажилдаа орж зам мөрөө хөөцгөөсөн. Эх орныхоо өгсөн үүрэг даалгаврыг Монгол эмч нар сайн биелүүлсэн гэж боддог.

-Лаосчууд үндэсний баяр ёслол хэр тэмдэглэх юм бэ?

-Жилд хоёр удаа баяр тэмдэглэнэ. Арванхоёрдугаар сарын 2-нд Америкийн колончлолоос чөлөөлөгдсөний баяр, манайхаар цагаан cap юм уу түүнийгээ дөрөвдүгээр сард тэмдэглэнэ. Усны баяр нэртэй. Тэр өдөр бие биеэ усаар цацаад норгоод байна. Гудамжинд тааралдсан таних танихгүй хэн бүхнийг усаар цацна. Биднийг гэртээ сууж байхад ус дамнасан Лаосчууд шуугилдан орж ирээд шалба норгоод инээлдэн одоход анхандаа учрыг нь мэдээгүй учраас их гайхсан. Дараа нь жимс, ногоо авчирч дайлж хамт идэж ууцгаадаг.

 Тэндхийн хурим найранд уригдаж байсан. Ерөнхийдөө ядуу тарчигдуухан амьдралтай байсан учраас модон байшин бариад гэр бүл болно. Цагаан будааныхаа ишээр байшингаа дээвэрлэдэг. Цагаан будааныхаа архийг ууна. Эх эцгийнхээ гэрт гэр бүл болж хурим хийхгүй. Гайгүй чинээлэг амьдралтай хэсэг нь залуустаа хөлтэй модон амбаар барьж өгөх жишээтэй. Ихэнх нь газар дээр модон сараалж бариад гэрлэнэ дээ. Эд хогшил тавилга гэх зүйлгүй. Хоол унд хийх сав, аяга тавагхан л байдаг юм.

-Лаост дахин очсон уу. Байдал хэр зэрэг өөрчлөгдсөн байна вэ?

-Хувийн ажлаар очсон. Зардал хөрөнгийн хувьд тус улсын Эрүүлийг хамгаалах яам дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Монголчуудын барьж байгуулж, бэлэглэсэн "Найрамдал" эмнэлэг ажиллаж байна. Бага зэрэг өргөжүүлээд хүүхдийн тасаг нэмж нээжээ. Мөн бидний амьдарч байсан модон байшингууд ч хэвээр, жаахан хуучирсан бололтой харагдсан. Орж үзэх боломж гараагүй. Сэтгэл хөдөлж л явлаа.                              

 

  сэтгүүлч Д.Дорж

Эх сурвалж: www.zindaa.mn

  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Got(217.172.229.74) 2017 оны 09 сарын 26

Hoorhii

0  |  0
Top