Гадаадын этгээдүүдийн захиалгаар банкны нэр хүндэд халдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов эрүүгийн хэрэгт татагдан, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс оргон зайлснаас хойш тус банктай холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарал татах болсон.

Түүнийг хувь нийлүүлэгч Армин Виедеркертэй холбоотой байх магадлалтай хэмээн хардаж байсан. Армин Виедеркер нь "Инфрастракчер" ББСБ ХХК-д хөрөнгө оруулан, "Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тухай" гэрээ байгуулж, 2006 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцаа эзэмшигч болсон нэгэн юм.

Мөн сүүлийн үед тус банкийг тойрсон янз бүрийн мэдээлэл гарах болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг нууцаар явуулж, тэдний эрх ашгийг хөндөж байна, удахгүй дампуурна гэх мэдээлэл ч цацагдаад байсан.

Харин үүнд тус банкны ТУЗ-ын дарга Д.Энхтайван "Эдгээр мэдээллийг тарааж, олон нийтийн дунд банкны нэр хүнд унагаахаар ажиллаж буй "Оюуны Ундраа" ХХК-ийн хөлсний ажилтан Р.Батрагчаа нь гадаадын этгээдүүдийн захиалгаар Тээвэр хөгжлийн банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарын банкинд итгэх итгэлийг бууруулж, банкны хувьцааг хууль бусаар эзэмшихийг санаархаж, хууль бус үйлдлүүдээ халхавчлах зорилгоор үнэнд үл нийцэх, худап мэдээлэл цацаж, банкны болон хувьцаа эзэмшигч нарын нэр төр, ажил хэргийг нэр хүндэд бүдүүлгээр халдах ажлыг зориуд зохион байгуулж байна. Түүний ярьсан зүйл нь төлөөлөх эрхгүй этгээдийн албан ёсны бус дүгнэлт гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top