Филиппиний Маасин хотын дэргэдэх далайн эргээс хачирхалтай амьтан олдсон тухай дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна. Шинжлэх ухаанд танил бус 10 метр урттай уг амьтны талаар янз бүрийн таамаглалууд өрнөөд байгаа юм. Өмнө нь далайн давлагаанд шидэгдэж үлдсэн, учир битүүлэг амьтдын зураг олон нийтийн сүлжээнд тарж, янз бүрийн таамаглалууд өрнөдөг байв. Гэсэн хэдий боловч тэдгээр амьтдыг чухам ямар амьтан болох талаар баттай баримт байхгүй, таамаг төдий үлджээ. Харин олон нийтийн дунд "Далайн мангас" хэмээн нэрлэгдэх болсон байна.
Техасын нүдгүй араатан, шуурганы дараа үлдэж хоцорсон уг амьтны зургийг мужийн байгаль хамгаалах газраас сошиал сүлжээнд тавьж ямар амьтан болохыг таньж өгөхийг хүсчээ. Судлаачид уг амьтныг могой загасны нэг төрөл гэж таамагласан байдаг. Мөн түүний нүд өчүүхэн жижигхэн учир ердийн хүний нүдэнд харагдах боломжгүй гэж тооцоолж байжээ.
Филиппиний Маасин хотын дэргэдэх далайн эргээс олдоод буй уг амьтныг орон нутгийн Загас агнуур, усан нөөцийн товчооны төлөөлөгч Юлиус Альпино нэг төрлийн халим гэж тооцож байгаа ч түүнийг батлах баримт алга байгаа ажээ.
2012 онд Сан Диего хотын далайн эргээс нохойтой төстэй уг амьтныг оршин суугчид олж байжээ. Толгойн ерөнхий хэлбэр нохойтой ижил мэт боловч биеийн хэлбэр гахайтай тун төстэй аж.
2008 онд Нью-Йоркийн эргээс олдсон энэ хачирхалтай амьтны зургийг мөн л олон нийтийн сүлжээнд байршуулснаас хойш "Далайн мангас" гэж нэрлэх болсон байна. Харин шинжлэх ухааны үүднээс ямар амьтан гэдгийг тайлж чадаагүй юм.
2015 онд ОХУ-ын Алс дорнодод маш хачин амьтаны хүүр олдсон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байв. Эрдэмтдийн үзсэнээр энэ амьтан нь дельфинтэй төстэй харагдах боловч харьцангуй том "мутант" хэмээн томъёолсон байдаг.
2015 оны 1 дүгээр сард загасчид Макаогийн далайн эргээс энэ хачирхалтай амьтныг олжээ. Анх түүнийг энгийн халим гэж бодсон байна. Гэвч дөхөж очоод харахад тэдний хэзээ ч харж байгаагүй хачин амьтан байжээ. Ойролцоогоор 15 метр урт, 50 эгнээ шүдтэй уг амьтныг мөн л шинжлэх ухаан тайлж чадаагүй юм.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
dalain deeremchid sudlaachdad saad hiij bna
Эрдэмтдийн туршилтын талбай болсон шүү дээ далай чинь