Прокурорын байгууллагын алтан түүхийг бичилцэж, төрийн нэр хүнд, өндөр хариуцлагатай албыг хашилцаж, түүхийн алтан хуудсыг эргүүлцэж явсан ахмад прокуроруудынхаа дурсамжтай ярилцлагуудыг бид цувралаар хүргэсээр байгаа. Энэ удаад Олон улсын ахмадын 25 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан ахмад прокурор Очирын Дорж гуайтай уулзаж, ярилцахаар бид Төв аймгийг зорьсон юм.
Очир овогтой Дорж нь 1929 оны 8-р сарын 14-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 1952 оны 12-р сарын 20-ноос прокурорын байгууллагад тасралтгүй 37 жил, түүнээс 34 жилийг нь Төв аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах ажилд хяналт тавих туслах прокуророор ажилласан хүндтэй буурал билээ. Дорж гуай эдүгээ 88 насыг зооглож байгаа боловч, хархад ануухан ажил, амьдралын дурсамжаа тодхон санаж, бидэнтэй хуваалцсан юмаа.Хэдхэн сарын өмнө цэргээс халагдсан, 4 дүгээр ангийн боловсролтой Доржийг 1952 оны өвлийн нэгэн шөнө аймгийн прокурорын "Зарлан дуудах хуудас"-аар аймгийн төвд дуудан ирүүлснээр, прокурор болох зам нь нээгдсэн байна.
-Та сайхан намаржиж байна уу. Танд удахгүй болох ахмадын баярын мэнд дэвшүүлье?
-Сайхан намаржиж байна. Баярлалаа.
-Та прокурорын байгууллагатай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцана уу
-Прокурорын байгууллагад орж ажилласан маань их сонин түүхтэй. 1952 оны 12-р сард орой гэртээ унтах гээд байж байхад Төв аймгийн прокурорын газрын жолооч ирээд "Аймгийн намын хорооноос дуудаж байна” гээд л үндсэндээ баривчилж аваад явсан. Манай гэрт байсан хөгшин ээж маань уйлаад хоцорч байж билээ. Би юу болсон юм бол гэж айгаад хэлсэн ёсоор нь дагаад л явсан. Ингээд Төв аймагт ирээд аймгийн намын хорооны 2-р нарийн бичгийн дарга н.Дамдин гэдэг хүнтэй уулзах ёстой гээд намайг аваачив. Өрөөнд нь ороход Дамдин дарга "намын гишүүн Дорж чамд намын хариуцлагатай даалгавар өгөх гэж байна, сайн биелүүлнэ шүү" гэлээ. Тэгээд "Аймгийн прокурорт ажиллуулна. Энэ бол намын даалгавар ” гэсэн. Тэгэхээр нь би "Хууль мэдэхгүй, чадахгүй байхаа” гэтэл миний үгийг тоож байгаа ч шинжгүй "ажилла, чадах ёстой”л гэсэн. Ингэж л анх прокурор болох зам маань нээгдсэн юмдаа.
Лүн сумыг хариуцсан хэсгийн байцаагчаар анх томилогдсон. Сумын артелийн складын буланд байрлаж, ажлаа хийдэг байлаа. Нийт 6 сумыг хариуцан ажилладаг байсан. Эдгээр сумуудад өвөл зунгүй морь, тэмээгээр явж ажлаа амжуулдаг байсан.
-Тэр үед ямар хэрэг зонхилж байв. Та анхны шийдсэн хэргүүдээсээ дурсвал...
-Энэ үед өмч ашиглах, иргэдийн өмчийг хулгайлах хэрэг цөөнгүй байсан. Прокурорын байгууллагын гол үүрэг нь социалист өмчийг хамгаалах, бэхжүүлэх, авлага барагдуулах ажил байсан. Юу ч мэдэхгүй шинэхэн байцаагч би сарын дотор л 100-д өргөдөлд дарагдчихсан байсан. Аймгийн прокурор Гажид ирж сумдаар хамт явж, өргөдөл гомдлыг шийдэж барагдуулж билээ. Лүн сумын хэсгийн шүүгч надтай адил Дорж гэж нэртэй хүн байлаа. Түүнээс хувийн журмаар зөвлөгөө авдаг байсан.
- Та тэгвэл хуулийн мэргэжлийг практикаар судалж, прокурор болсон гэсэн үг үү?
-Би Төв аймгийн Лүн сумын бага сургуульд бага боловсрол л эзэмшсэн нэгэн байлаа. Цэрэгт очоод намд элсэж , намын гишүүн болсон минь л хэрэг болсон доо. Намын гишүүн хүн өгсөн даалгаврын нэр хүндтэй, хариуцлагатай биелүүлэх ёстой гэсэн ухамсар л намайг прокурор болгосон гэж би боддог. 1952 онд боловсон хүчин дутагдалтай байсан болоод л намайг шууд авч ажиллуулсан биз. Явцын дунд би Хууль цаазын дунд сургууль төгссөн. Бас МУИС-ийн хуулийн ангийг оройгоор сурч төгссөн. Мөн мэргэжил дээшлүүлэх курст Орос улс руу 2 удаа явсан.
-Та сумдад ажиллаж байх үед албан өрөө ч байдаггүй байсан гэлээ. Тэгээд яаж ажиллаж байсан юм бэ?
-Одооныхтой харьцуулах юм биш. 1954 онд Төв аймгийн Бүрэн суманд томилогдож очиход албан өрөө байгаагүй. Тэгэхээр нь би хэдэн хүмүүстэй нийлж байгаад тэмээн тэргээр уулнаас том том хавтгай чулуу авчирч өрж, шавардаад хоёр өрөөтэй контор 14 хоногийн дотор барьж байлаа. Тэр үед үйлчлэгч, галч гэж байсангүй. Өөрөө галаа түлж, өрөөгөө цэвэрлэдэг байлаа. Би 6 сум хариуцдаг байсан болохоор 30 километрт зундаа мориор, дугуйгаар, өвөлдөө тэмээгээр явж хүрдэг байлаа. Зарим тохиолдолд түүнээс олон километр зам туулах үе зөндөө байсан. Сумдад би яг 7 жил ажилласан юм даа.
Энэ хугацаа надад тэсвэр хатуужил суулгаж , амьдралын ухаанд сургасан.
-Тэмээгээр өвөл явахад бэрхшээл учирч байсан уу?
-Байлгүй яахав. Санаанд тод үлдсэн нэг тохиолдлыг яръя. Магадгүй тэр үед тэмээний буянаар амьд үлдсэн учраас одоо дурсамж хуучлах завшаан ирсэн байж ч мэдэх юм. Нэг удаа өвөл орой Эрдэнэсант сумаас тэмээгээр гарч явтал цасан шуурга боллоо. Гайгүй болчих байх гээд л сумын төвөөс холдоод яваад л байлаа. Тэгсэн чинь нөгөө шуурга улам хүчтэй шуураад явахын аргагүй болсон. Тэгэхээр нь би тэмээгээ хэвтүүлээд нөмөрт нь налж хэвтээд, осгоод үхчихэлгүй шөнийг өнгөрүүлж байлаа. Тэмээ гэдэг чинь их дулаахан, эзэнтэй ээлтэй, ханилгаатай амьтан шүү.
-Та Төв аймгийн прокурорын газарт тасралтгүй 34 жил ажилласан байна?.
Би үндсэндээ тэтгэвэрт гартлаа Төв аймгийн прокурорын газарт Мөрдөн байцаах ажил хариуцсан туслах прокуророор ажилласан. Намайг "мөрдөн" Дорж л гэдэг байсан. Мөрдөн байцаах ажиллагаанд л дагнан хяналт тавьсан. 1981 оноос нэг жил Ерөнхий прокурорын газарт ажиллаж байгаад, 1982,1983 онд Цэргийн прокурорын Мөрдөн байцаах ажил эрхэлсэн орлогч прокуророор 2 жил ажилласан.Тэгээд буцаад өөрийн хүсэлтээр Төв аймагтаа ирсэн дээ. Нэг сонин юм хэлэхэд, намайг прокуророор ажиллах гээд очиход Төв аймгийн прокурорын газрын прокурорууд 2 гэрт байрлаж, ажилладаг байлаа. Тэгээд 2-3 газар дамжин явсаар одоогийн байгаа газарт контортой болсон юм. Төв аймгийн прокурорын газар хоттой ойрхон болоод ч тэр юм уу, социалист хамтын ажиллагааны орнуудын зочид, төлөөлөгчид байнга ирдэг байлаа. Тиймээс манайх хүүхнүүд бүр гоо сайхны өрөөтэй байсан юм шүү. Төлөөлөгчдөд сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй гээд л тэр өрөөндөө нүүр амаа гоёж гооддог байлаа шүү дээ.
-Тэр үед та ямар хэрэг дээр голлон хяналт тавьж ажиллаж байв?
-Тэр үеийн онцлогийг би дээр дурдсан. Социалист өмч шамшигдуулсан болон хүн аминий гэмт хэрэгт хяналт тавьж байлаа. Хянаж байсан хэргүүдээс санаж байгаагаа хэлэхэд: Сээрэн гэдэг Өвөр монгол дагавар хүүхдээ хороосон ноцтой гэмт хэрэг гарч байлаа. Бас Баянчандманьд 37 сая төгрөг шамшигдуулсан гэмт хэрэг гарч байлаа.Тэр үед прокурор, мөрдөн байцаагч заавал криминалистикийн мэдлэгтэй байх шаардлагатай байлаа. Криминалистикийн бага зэрэг мэдлэгээ ашиглан гэрийн босгонд туссан дусал цусаар хүний амь бүрэлгэсэн хүнийг бариулж, засагдсан ганц цифрийн мөрөөр 200-д мянган төгрөгний хэргийн илрүүлж байсан. Шүүхийн гэрэл зурагчнаас янз бүрийн аппарат эзэмшихийг заалгаж, сүүлдээ гэрэл зургийг сайн авдаг болсон шүү.
-Таныг ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлуудаа он оноор бичиж тэмдэглэдэг байсан гэж сонссон. Та тэмдэглэлүүдээ авчирсан байна. Тайлбарлаж өгөхгүй юу?
-Сонин байх болов уу гээд өөрийн олон жил хадгалж байгаа, хийсэн ажлуудаа баримтжуулсан цааснуудаа авчирлаа. Тайлбарлаад яривал их олон цаг ярих хэрэг гарна. Эхний хуудсыг нь тайлбарлахад 1952 онд л гэхэд би 12 материал хүлээн авч, 95,5 мянган төгрөгийн хохирлыг барагдуулж ажилласан байна. Тэр үед бидэнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 95 хувиас доошгүй хувийг барагдуулж ажилла гэсэн шаардлага тавигддаг байсан. Бүр хохирлыг барагдуулсан байдлаар нь байр эзлүүлдэг байлаа. Улсын хэмжээнд ажлын үзүүлэлтийг дүгнэхэд минийх эхний тавд багтдаг байсан.
-Таныг аймгийн прокурорын газарт ажиллаж байхдаа мөрдөн байцаагч эхнэрээ ажлаас нь чөлөөлүүлж байсан гэдэг. Энэ үнэн үү?
-Үнэн. Манай хөгшин Ховд аймгийн Алтай сумын харьяат хүн байдаг. 1962 онд хуулийн дунд сургуульд байхдаа бид хоёр танилцсан. Эхнэр маань залуудаа мөрдөн байцаагч хүн байсан. Эхнэрийнхээ мөрдсөн хэргийг нөхөр нь хянаж болдоггүй болохоор л тухайн үед тийм шийдвэр гаргаж байсан. Хуулийн хүрээнд ажиллана гэсэн зарчим баримтлахын тулд л би ийм алхам хийж байлаа. Эхнэр маань одоо "би ажлаасаа гараагүй бол нилээн сайн мөрдөн байцаагч байх байсан юм" гэдэг юм.
-Та 37 жил прокурорын байгууллагад ажилласан байна. Шавь нарынхаа тухай яриач
-Байлгүй яахав. н.Базаргарьд, н.Жанцан, Ш.Сүхбаатар гээд нэрлэвэл байгаа л даа. н.Жанцан миний шавь ч байсан, дарга ч байсан. Манайх гэдэг айл хоёр охинтой. Охидууд маань хуульч мэргэжлийг сонгоогүй ч зээ охин Үүрийнтуяа маань миний мэргэжлийг өвлөж авсан. Өвлөж аваад зогсохгүй амьдралынхаа ихэнх хугацааг ажиллаж өнгөрүүлсэн Төв аймгийн прокурорын газарт ажиллаж байна. 1992 онд тэтгэвэрт гараад өмгөөлөгчөөр 20 жил ажиллаад 2013 онд больсон. Хууль зүйн албаны тэргүүний ажилтан болсон. Мөн Монгол улсын тэргүүний өмгөөлөгч цол хүртсэн.
-Шагнал гэснээс таны энгэрт гялалзах олон одон медалиуд байна ?
Миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, "Алтан гадас” одон, хөдөлмөрийн болон Улс,хувьсгалын ойн медалиуд, Засгийн газрын Жуух бичиг, Цагдан сэргийлэх, прокурорын байгууллагын хүндэт зэрэг олон шагналаар шагнасанд би төр засагтаа талархаж явдаг юм.
-Ярилцлагын төгсгөлд та прокурорын байгууллагын хамт олондоо хандаж юу хэлмээр байна.
Ажлын ачаалал бага байхаасаа их байх нь илүү ач холбогдолтой байдаг юм. Учир нь их юм сурна. Хариуцлага алдах нь бага байдаг. Зөвхөн ажлынхаа арга барил, зохион байгуулалтыг зөв зохицуулж сурах нь чухал. Шударга л байх хэрэгтэй. Шударга, хуулийн хүрээнд ажиллаж, хүнийг хилс хэрэгт гүтгэхгүй, гомдоохгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Би энэ зарчимаа биелүүлсэн гэж боддог. Гэмт хэрэгтэн ч гэсэн хийсэн хэргийг нь үнэн зөвөөр шийдэж, тохирсон ялыг нь өгөхөөр баярладаг юм шүү гэдгийг л нийт прокурорууддаа хэлье дээ.
-Баярлалаа танд. Урт насалж удаан жаргахыг хүсье.
Сэтгэгдэл ( 4 )
Urt nasalj, udaan jargaarai
Нийт ахмадууддаа урт наслахыг ерөөе, сайн сайхныг хүсье. Одоогийн хуулийн бүх салбарынхан шударга л байгаасай!!!!!!!!
Нийт ахмадууддаа урт наслахыг ерөөе. Та нарын гаргасан мөрөөр хойч үе чинь урагшилж явдаг шүү. Саяхан цэл залуухан явсан, эх орныхоо бүтээн байгуулалтыг залуу насаараа дархлалцсан ахмадууддаа сайн сайхан бүхнийг хүсье.
ОДорж танд эрүүл энх урт насалхыг ерөе.Одоо цагт МУын Ерөнхий поркурорууд нь хүртэл ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ БҮЛЭГЛЭЛД элсэж УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛДАГ болжээ!!!