Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 01

Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ.

Урьдчилсан төлвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Харин хур тунадас Увс, Завханы  хойд хэсгээр, Хөвсгөл, Архангайн хойд, Булганы баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр, Хэнтийн баруун хойд, Сүхбаатарын баруун хэсгээр, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу орохоор байна.


Баруун зүгийн нутаг 

 
Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор  5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увс, Завханы  хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр  зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


Төвийн нутаг 

 
Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.      



    

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд, Булганы баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


 Зүүн зүгийн нутаг


Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хэнтийн баруун хойд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. 

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


 Говийн нутаг


Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад хэсгээр 4-9 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Энэ сард Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эцсээр бүх нутгаар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top