”Бүргэдийн баяр”-т дэлхий 20 орноос жуулчин иржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын Бүргэдчдийн Холбооноос Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Бугат сумын Саят толгой хэмээх газарт "Бүргэдийн баяр"-ыг 18 дахь удаагаа  зохион байгууллаа. Казах түмний уламжилалт "Бүргэдийн баяр"-т тус аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцжээ.

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлон ажиллаж байгаа аж. Энэ удаагийн арга хэмжээний ач холбогдлыг аймгийн Засаг дарга А.Гылымхан: "Баян-Өлгийчүүд "Бүргэдийн баяр"-ыг 1999 оноос аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ арга хэмжээ өргөжин тэлсээр өнөөдөр хөрш зэргэлдээ аймгууд, Улаанбаатар хот болон дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж сонирхдог томоохон баяр болсон байна. Казахын ард түмний энэхүү нандин уламжлалыг Монголын төр засаг үргэлж дэмжиж, 2010 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм. Мөн 2016 онд БОАЖЯ-наас шилдэг эвент арга хэмжээгээр шалгарууллаа. Тус баяр нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, түүнийг даган үйлчилгээ, гар урлал, бэлэг дурсгал, хатгамал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж байгаа" хэмээн онцоллоо.

Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орноос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнольд тэргүүтэй 1200 орчим жуулчин ирж сонирхжээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top