С.Эрдэнэбат:Шинэ Засгийн газар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой

2017 оны 10 сарын 04

МҮЭ-ийн холбоо Засгийн газартай хамтын маргаан үүсгэж шаардлагатай тохиолдолд ажил хаялт хийхээ мэдэгдээд байсан тэгвэл хамтын маргааны явц 2018 оны төсөвт яаж тусгахаар байгаа талаар тодруулгыг МҮЭХолбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас авлаа.

-Улс орны эдийн засаг төсөв санхүү хэцүү байгаа энэ үед цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг багш нараас эхлэн одоо бусад төрийн албан хаагч шил даран тавьж эхлээд байна боломж ямар байгаа вэ гэдэг дээр тооцоо  гаргасан уу ?
-Цалин нэмэх асуудлыг жил бүр л тавьж байгаа. Аль хавраас эхэлсэн асуудал. Төрийн албан хаагчдын цалин ялангуяа ачаалал өндөр багш, эмч нарын цалин хөлсийг 2014 онд нэмснээс хойш дахиж нэмээгүй. Уг нь 2015, 2016 онд нэмэх ёстой байсан ч Шийдлийн засгийн газар нэмээгүй. МҮЭХолбоо тэмцэл хийж 90 тэрбум суулгасан ч тэр нь явсаар сонгуультай золгоод алга болсон. 2017 онд ч нэмээгүй. Уг нь жил бүр бага багаар нэмээд байсан бол асуудал хуримтлагдахгүй байсан.
– Шинэ Засгийн  газарт   багш, эмч нарын  цалин нэмэх боломжтой гэж харж байна уу?
-Гурван Засгийн газар дараалан цалин нэмэхгүй байна гэдэг байж болшгүй зүйл. Шинэ засгийн газар цалин  нэмэх ёстой. Гэхдээ 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсвийн төсөлд цалин нэмэх талаар хөрөнгө нэмэлтээр тавиагүй байна. Тэтгэвэр тэтгэмж харин 150 орчим тэрбум нэмж суулгасан байна. Ямар ч байсан Шинэ засгийн газар боломжоо гаргаж нэн түрүүнд цалин нэмэх хэрэгтэй. Өмнөх засгийн газрын өргөн барьсан төсвийг буцааж дахин авч үзэх ёстой.

-Цалин нэмэхээр бусад салбарууд чирэгдэх үнэ тариф өсөх сөрөг дагавар гарна биздээ?
-Сүүлийн 3 жил цалин улсын дунджаар өсч байгаа аж ахуйн тооцоотой үйлдвэр аж ахуй нэгж, хувийн хэвшилд цалин өсөөгүй биш өссөн. Цалин нэмэхээр эдийн засаг унана сүйрнэ гэдэг худлаа. Харин цалин хөлс өсөхгүй худалдан авах чадвар уналттай үед эдийн засаг дагаад унаад байна. Цалин өсөхөөр хэрэглээ нэмэгдэж ААН ийн орлого өсдөг юм байгаа биздээ.

-Багш нар ажил хаялт зарлаад эхэлсэн. Энэ сард багтаан хугацаагүй ажил хаялт хийхээ мэдэгдсэн. Үнэхээр боломж байхгүй бол яах вэ ?
-Хуулийн дагуу хамтын маргаан үүсгэсэн байгаа. Зөвхөн багш нар биш бусад олон салбар байгаа. Шаардлагын хувьд дан ганц цалин биш 5 сард МҮЭХолбооны шаардлага болох тэтгэврийн насыг нэмсэн, татвар НДШ нэмсэн асуудлыг дахин хуулинд өөрчлөлт оруулж шийдэх ёстой. Тохиролцоонд хүрэхгүй бол ажил хаялт гэдэг зүйл рүү орох л болно. Энэ бол ЗГ ыг шудрага ажил хэрэгч ажиллаачээ гэсэн ажилчдад байдаг цорын ганц эрх шүү дээ. Түүнээс биш зүгээр гэнэт ажил хаях хүсэл хэнд ч байхгүй. Засгийн газрууд огт мөнгө байхгүй гэсэн мөртлөө төсвөөс гадуур баахан зээл тавиад бараг улсын нийт төсөвөөс илүү концесс хийсэн байсан. Тэгэхээр боломж байгаа биз. Бүтээн байгуулалт хийхийг буруу гээд байгаа юм биш. Гол нь ядаж цалин орлого тэтгэвэр тэтгэмжээ дорвитой нэмээд дараа жил нь томоохон хөрөнгө оруулалтаа хийж болох байсан.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top