Монголын Үндэсний бөхийн холбооны Дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.
-Улсын цолтой бөхчүүдэд зориулсан шинэ журам батлаад мөрдөж эхэлсэн. Журмыг ямар зорилгоор гаргасан бэ?
-Үндэсний бөх мэргэжлийн хэмжээнд хөгжиж, бөхчүүд байнга бэлтгэл хийдэг боллоо. Тиймээс бөхчүүд байнга барилдах замаар л амжилтаа ахиулах, орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талаас бөхчүүд үзэгчдэдээ барилдаанаа үзүүлж тэднийгээ баясгах үүрэгтэй. Үзэгчид ч улсын цолтой бөхчүүдээ хүндэлж хайрладгийнхаа хариуд тэднээсээ барилдахыг шаардах эрхтэй. Энэ хоёрын уялдааг хангах зорилгоор шинэ журам баталсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хэмжээнд бэлтгэлтэй болсон бөхчүүддээ мэргэжлийн төвшний шаардлага тавих цаг болсон тул МҮБХ ийм журам гаргажээ гэж ойлгож болно. “Хүн хичнээн сайн ч хэлэхээс наашгүй” гэж үг бий шүү дээ.
-Шинэ журамд улсын цолтой бөхчүүдийг насаар ангилсан тухай тодруулна уу?
-МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн хурлын “03” тоот тогтоолоор “Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам”-ыг баталсан. Бөхчүүдийг насаар хувааж, барилдаанд оролцох хувийг заалаа. 35-аас дээш настай бөхчүүд Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан барилдаануудад өөрийн тааллаар ирж барилдана. 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь буюу 10 барилдаанд, 29-өөс доош насны бөхчүүд хуваарьт барилдааны 70 хувь буюу 14 барилдаанд заавал оролцох ёстой болно.
- Журамд урамшууллын тухай заасан байсан. Энэ тухайд?
-Журамд урамшууллыг эхэнд заасан нь учиртай. Урамшууллаа дагаад тооцох хариуцлагын тухай дараах хэсэгт заасан бий. Хөдөлмөрлөөд, үзэгчдээ хүндлээд байгаа бөхчүүд, үүргээ ухамсарлахгүй, барилдахгүй байгаа бөхчүүд адилхан үнэлэмжтэй байж болохгүй.
Бөхчүүдийг намар, хаврын барилдааны үе бүрийн дунд, мөн сүүлд нийтдээ 4 удаа тусгайлан урамшуулах юм. Тухайлбал улсын аварга, арслан, гарьд цолтноос барилдаанд оролцсон тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхийг, улсын заан, харцага, начин цолтнуудаас барилдсан тоо, амжилтаараа тэргүүлсэн 8 бөхийг тусгайлан урамшуулна. Бүтэн жилийн барилдааных нь тоо, амжилтаар дээд гурван цолтноос нэг бөхийг шалгаруулан “Үзэгчдээ дээдэлсэн бөх” цом, 10 сая төгрөгөөр, улсын заан, харцага, начин цолтнуудаас барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхийг “Үзэгчээ дээдэлсэн бөх” цом, 5 сая төгрөгөөр тус тус наадмын өмнө шагнах юм. Өөрөөр хэлбэл наадмаас наадмын хоорондох барилдаанд оролцсон тоо, амжилтаараа 14 бөх тусгай шагнал хүртэнэ гэсэн үг л дээ. Үүнээс гадна барилдаанд оролцсон улсын аварга цолтонд 330 мянган төгрөг, улсын арслан цолтонд 220 мянган төгрөг, улсын гарьд цолтонд 110 мянган төгрөгийг байн дээр нь нэмж олгох юм.
-Урамшуулал, шагнал дэм болдог зүйл. Мөнгө, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Мэдээж санхүүгийн тухайд хүндрэлтэй зүйл бий. Гэвч менежментийн аятай шийдэл олох бололцоотой.
- Хуваарьт барилдаанд оролцоогүй улсын цолтой бөхчүүд ямар хариуцлага хүлээх вэ?
-Жилийн хугацаанд болдог барилдаануудыг есдүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас улсын наадам хүртэл гэж хоёр үед хуваасан. Намрын улирлын барилдаанаас цагаан сар хүртэлх 10 барилдаанд тухайн бөх наснаасаа хамаарч 5-7 барилдаанд барилдах ёстой. Эхний үеийн дунд хэсэгт буюу 11 дүгээр сард энэ шаардлагыг ханган барилдаагүй яваа бөхчүүдэд үеийн сүүлийн хагаст дутуугаа нөхөн барилдахыг албан ёсоор сануулна. Олон нийтийн зүгээс ч шаардаж таарна. Ингээд байхад тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй. Цагаан сараас улсын наадам хүртэлх үеийн дунд хэсэгт мөн дутуу барилдаанаа нөхөн барилдахыг сануулна. Ингээд наадмын өмнө нийт дүнг гаргахад зохих тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдийг улсын наадамд барилдуулахгүй.
- Зарим бөхийг хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд яах вэ?
- Ар гэрийн гачигдалтай, бэртэж, гэмтсэн, өвдсөн тухайд албан ёсны баримттай бол барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй гэдгийг журамд тодорхой заасан.
-Журмыг бөхчүүд хэрхэн хүлээж авч байна ?
-Баянзүрх хайрханы хишиг барилдаанаас мөрдөж эхэлсэн. Ид барилдаж буй улсын цолтой 60 гаруй бөх байна. Тэдэнтэйгээ уулзаад, журмаа танилцуулж, тайлбарлах ажлыг хийж байна. Өөрсдийнх нь төлөө ажил учраас бөхчүүд дэмжиж байна аа.
-Журам улсын цолтой бөхчүүдэд хэт хатуудсан юм биш үү?
- Хатуудаагүй, харин ч зөөлөн журам. Хуваарьт барилдаанд бүгдэд нь оролц гээгүй байна шүү дээ. Бөхчүүдийг маань дэмждэг, бай шагнал өгдөг, цалинжуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Үүнийх нь хариуд бөхчүүд тэр байгууллагын бөх гэж дуудуулдаг. Тэдгээр иргэн, байгууллагууд өөрийн бөхөө барилдуулж, байгууллагынхаа нэрээр дуудуулахыг хүснэ. Үзэгчид улсын цолтой бөхчүүдийг барилдаасай гэж хүснэ. Бөхчүүд аль болох олон барилдаанд оролцохын тулд бэлтгэлээ чамбайруулах нь, барилдаанд амжилттай барилдах нь цолоо баталж, ахиулах үндсэн нөхцөл болно. Энэ бүхний цогц зөв шийдэл бол энэ журам юм. Бөхчүүд маань энэ журмын учир утга нь эцсийн эцэст бидний төлөө юм шүү гэдгийг ойлгож хүлээж авч байна.
-Хуваарьт барилдаандаа тогтмол барилддаг бөхчүүд байдаг шүү дээ?
-Бэлтгэлээ тогтмол хийсэн байтлаа хуваарьт барилдаанд оролцохгүй тохиолдол байна. Зарим нь бэлтгэлээ ч тааруухан хийгээд барилдаандаа ч алдаг оногхон оролцоод явдаг тал байна. Харин хуваарьт барилдаандаа байнга оролцдог бөхчүүд ч байна. Тухайлбал улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Бадарч нарын олон бөхийг нэрлэж болох юм. Эдгээр бөхчүүдэд МҮБХ ч, үзэгчид ч талархах учиртай. Шинэ журам гаргаснаар чухамхүү ийм бөхчүүдээ урамшуулж байх эрх зүйн орчинтой боллоо гэсэн үг юм шүү дээ.
-Шинэ журмыг хэрхэн хүлээж авч байна вэ гэж асуусны учир бол хүмүүст шинэлэг зүйлд шүүмжлэлтэй ханддаг тал байдагтай холбоотой юм л даа. 2002 онд бөхийн дүрэмд шинэчлэл оруулахад эхэндээ шүүмжлэлтэй хандсан байх аа?
-Энэ удаагийнх бол Тэргүүлэгчдээрээ хэлэлцээд, эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан үйл ажиллагааны журам. Харин 2002 оных бол Үндэсний бөхөд хийсэн шинэчлэл. Аливаа шинэчлэл, шинэ ажил талархал ч хүлээнэ, эсэргүүцэлтэй ч учирна. 2002 онд үндэсний бөхөд гурван том шинэчлэл хийсэн юм. Эхнийх нь Улсын наадмын зургаа, наймын давааг тусгай цолтой болгосон. Удаах нь бөхчүүдийг цол авсан оноор нь биш наадамд барилдаж үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлдэг болгосон. Гутгаар нь “Начны найраа” гээчийг багасгах зорилгоор наадмын дөрвийн давааг оноодог болгосон.
-Монгол бөхийн уламжлалыг алдагдуулаагүй гэж ойлгогдсон?
-Цол олгох, эрэмбэлэх, оноох гэдэг бол Монгол үндэсний бөхөд уламжлагдаж ирсэн зүйл. Бид бөхийн хөдөлмөрийг зөв үнэлэх, шударга ёсыг хангах нийгмийн шаардлагад нийцүүлэн уламжлалт ойлголт, зарчмыг өргөтгөн хэрэглэсэн болохоос үндэсний бөхийнхөө уламжллыг алдагдуулаагүй. Өөрөөр хэлбэл монгол бөхөд байдаггүй харийн зүйлийг хүчээр оруулж ирээгүй. Үүнийг хүмүүс сайн ойлгосон.
-Барьц сонгохыг хүмүүс шүүмжлэх юм?
-Удааширсан барилдааныг дуусгахын тулд барьц сонгодог болсон. Бөхчүүд, хүмүүс янз янзаар л хүлээж авсан. Үзэгчдийг уйдаахгүй, барилдааныг түргэвчлэх гэсэн зорилготой. Шүүмжилдэг хүмүүст хандан “Үүнээс илүү хувилбар гаргаад ирвэл хэрэглээд үзье” гэсээр өнөөг хүрлээ. Оновчтой ямар ч хувилбарыг хэн ч санал болгоогүй байна. Тэгэхээр энэнээс илүү хувилбар алга гэсэн үг болов уу?
-Шинэчлэлийг МҮБХ-ны тэргүүлэгч хэдхэн хүн шийдээгүй болов уу?
-2002 оны шинэчлэлийг МҮБХ-ны Тэргүүлэгчид шийдээгүй. Санаачлагч нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж. Иргэд, спортын сэтгүүлчид, судлаач, эрдэмтэд, бөхчүүдийн дунд хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Бүр социалогийн судалгаа хүртэл хийлгэсэн юм шүү дээ. Эцэст нь Цэцдийн зөвлөл барилдааны дүрэмд оруулан баталсан.
-Ярилцлагынхаа төгсгөлд ганцхан зүйл тодруулъя. Ирэх онд бөхчүүдийн ээлжит Их Эе хуралдах тухайд?
-МҮБХ-ны Цэцдийн зөвлөл 2017 оны 6 дугаар сард Үндэсний бөхийн ээлжит Их Эеийг 2018 оны оны гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд хуралдуулахаар товлосон.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Гараа дэвээ шаваа байхгүй болсон Гадныхан түүнийг их үздэг байлаа Үзэгч бүсгүйчүүд их нэмэгднэ шүү
Uzegchdee deedleegui buhiig 10 say tugruguur torgo