БОАЖЯ-ныхан 150 гаруй улиас мод тарилаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээрээ 16 дах удаагаа мод тарих өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд БОАЖЯ-ны ажилчид Баянгол Агропарк ОНӨТҮГ-ын цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй Улиас модыг тарьж суулгалаа. Ойн тухай хуулийн 31.1, 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлиг гарснаас хойш 15 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 1,4 сая иргэн, 52,8 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10,5 сая мод тарьж, ургуулж байжээ.


Агаар мандал дах хүлэмжийн хий болон тоосонцрын агууламж, түүнчлэн нарны цацраг болон газрын бүрхэвчинд гарч буй өөрчлөлтүүд нь уур амьсгалын системийн энергийн тэнцлийг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацааны туршид байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгалын өөрчлөлт үүсдэг байна . Уур амьсгалын өөрчлөлт хэмээх энэхүү үзэгдэл хүн төрөлхтний өмнө томоохон сорилт болоод байгаа бөгөөд түүнийг даван туулах шийдлийн нэг нь мод тарих,  ойжуулах юм.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас энэ сарын 13-14-ний өдрүүдэд мод тарих иргэддээ зориулан стандартын тарьц суулгац үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан.  Үзэсгэлэнд давхардсан тоогоор 30 гаруй аж ахуйн нэгж оролцож 20 гаруй төрөл зүйлийн модлог ургамлын тарьц суулгацыг иргэдэд худалдаалжээ.



 

Аливаа суурьшлын бүсэд төвлөрсөн байршилд иргэдийн мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах нь экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой бөгөөд ийнхүү төвлөрүүлэн мод тарих талбайн загвар төлөвлөлтийг аймаг, нийслэлд хүргүүлсэн юм. Энэ загвар төлөвлөлтийг цаашид мод тарих талбайн зураг төсөл болгох, ландшафт төлөвлөлтийн зураг төслийн бүрдлийн загвар болгон тогтмол ашиглах боломжтой.  Мөн Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан Хашаандаа мод таръя сургалтыг энэ сарын 13, 14-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт зохион байгууллаа.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top