Домог
Аргалийн уул. Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт буй. Сумын төвөөсөө 70 км зайтай. Одоо тэнд чимээгүй аюул нүүрлээд байгааг чимээтэй болгож сонордуулж буй нь нутгийн иргэд, малчид. Тэнд газрын баялгийн олзны төлөө дажин эхэлсэн. Ужиграх шатандаа оржээ. Өргөн сумын хүн ам 2000 орчим мал сүргийн тоо 96000 гэсэн тооцоолол бий. Аймгийн төвөөсөө 60 км энэ нутагт яагаад асуудал үүсэв. Бас нэгэн түүхийг нэхэн санавал, 1945 онд Монгол Улсын баатар С.Лхагвадорж цасан шуурганд уруудсан 70 мянга орчим адууг Аргалийн уулын бэлд гурван өдөр, гурван шөнө тогтоосон гэдэг. Домог мэт яриа ч бодит үнэн. Эл ууланд 400 гаруй аргаль буй гэх
Аргалийн уул “Эгшиглэнт уул” компанийнх болох уу
Өргөн сумын Аргалийн уул орчимд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг Сингапур-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эгшиглэнт уул” компани 2008 онд авчээ. Мэдээж хэрэг хуулийн дагуу гэнэ. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн “Хуулийн дагуу зөвшөөрөл авсан. Гурван жил тутам төлбөрөө төлөөд тусгай зөвшөөрлөө сунгуулаад явдаг” гэв. Асуудал энд байна. Аргалийн уул Эгшиглэнт компанийнх болох уу. Хуулийн дагуу яваа гэх компани, нутаг, усаа хамгаалсан, харамласан малчид. Яах вэ?
Уул, амьтнаа харамлах малчид
Аргалийн уул. Нутаг сэлгэсэн нүүдэлчин өгөөгүй нэр гэж Дорноговьчууд ярьдаг. Аргаль хонины сүүлийн нутаг Аргалийн уул гэх нь бий. Энэ ууланд дэлхийд ховордсон 400 гаруй аргаль хонь бий. Бас бус ховор ан амьтад, могой ичих агуй гээд тоочвол их урт жагсаалт болно. Тус компанийн өрөмдлөг хийж байгаа дуу чимээнээс аргаль тэргүүтэй зэрлэг амьтад дүрвэн одох магадлал их байгааг нутгийн иргэд л мэднэ. Бас хэлж байна. Харин тус компанийн геологич Н.Халтархүү “Манай компани хуулийн дагуу ажиллаж байгаа. Энэ нутгийн иргэд л эсэргүүцээд байгаа” гэжээ. Дорноговийн Өргөн сумын иргэдийн нутгийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэд хамгаалах уу. Сонин тайлбар шүү. “Эгшиглэнт уул” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн 22 мянган га талбайгаас 10 мянган га талбай нь Аргалийн ууланд хамаардаг ажээ.
Ус, уулаа хамгаалах шалтгаан
Дорноговь аймгийн Өргөн сумын малчид Аргалийн уулаа харамлаж байна. Харамлахаас аргагүй Хайрхан юм билээ. Энэ ууланд 400 гаруй аргаль, угалз, өч төчнөөн ан амьтад бий. Цаг хүндэрч цас зуд нүүрлэх цагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас малчид ирж өвөлждөг өнтэй ХАНГАЙ. Энэ утгаараа уг нутгийн малчид ч Аргалийн уулыг хамт харамлаж байгаа юм билээ. Аргагүй шалтгаан. Ховор ан амьтнаар зогсохгүй эртний түүх дурсгал бүхий 130 гаруй хиргисүүр, хөшөө, дурсгал энэ ууланд байдаг. Бас говийн малчдын чандмана эрдэнэ болсон ус бүхий 10 гаруй худагтай. Аргалийн уулаа тойрсон хорвоог харах хүний мэлмий мэт чандмань эрдэнээ хэрээнд нүдээ ухуулах мэт алдахыг нутгийн малчид хүсэхгүй нь зөв. “Эгшиглэнт уул” компани хоногт тэр орчмын нэг худгаас зургаан тонн ус авч байгааг нутгийн иргэд халаглан ярьж байна. Халаглаад суухгүй худгаа харамлаж байна. Аргагүй. Аргаль хоньтой уулынхаа араас ам чийглэх устай худгаа алдах уу. Аргалийн уулын гуниг ард түмний минь зовлонтой ижилхэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Энэ төр засаг яана даа
Egshiglent uuliinhan yavaarai. Hellee shuu
энэ ч эмгэнэлтэй шүү