БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай 3” аяныг өрнүүлжээ. Энэ талаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүүтэй ярилцлаа.
-Баруун зургаан аймагт хэрэгжүүлсэн хавхны эсрэг аяныг өндөрлүүлээд ирсэн байна. Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Хүүхдийн санаачилга, оролцоотойгоор эхэлсэн хавх хураах аян 3 жил үргэлжилж, 1434 хавхыг байгальд тавихаас сэргийллээ. Энэ бол нэг жилд хамгийн багадаа 14340 амьтны амь аврагдаж байна гэсэн үг. Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубийн сурагчдын дунд зохион байгуулагдаж, улмаар Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдсэнээс үүдэн энэхүү аян бүс, улсын хэмжээний аян болон өргөжсөн. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригдахгүй байх нэг хэлбэр болдог. Ийм хавханд нэн ховор амьтад өртөж бэртэх, үхэж үрэгдэх тохиолдол их гарсаар байгааг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас 2015 онд хавхны аян өрнүүлж эхэлсэн.
-Энэ жилийн хувьд ямар үр дүн гарсан бэ?
-Аяны дүнг зөвхөн хурааж авсан хавхны тоогоор нь гаргадаггүй. Байгаль тавихаас сэргийлсэн хавхны тоо болон тухайн аймгийн байгаль орчны газраас явуулсан сургалт сурталчилгааны ажлын дүнг үндэслэдэг. Энэ жилийн аяны 1-р байранд 332 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг, 2-р байранд 229 хавх цуглуулсан Увс аймаг, 3-р байранд 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарч, тус бүр гурван мотоциклиор шагнуулсан. Харин Говь-Алтай аймаг 80, Завхан аймаг 34, Хөвсгөл аймаг 20 хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо. Нийт дүнгээр 792 хавхыг байгальд тавихаас сэргийллээ. Аймгуудын хувьд хавхны эсрэг аянд урьд жилүүдээс илүү идэвхтэй оролцох болсон нь дээрх үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал, хамгийн олон хавх цуглуулсан Баян-Өлгий аймгийн нэг улсын байцаагч тавиас доошгүй цуглуулах зорилт тавьж ажилласан байгаа юм. Мөн 12 сумын иргэдэд сургалт, сурталчилгаа хийж, урамшууллын арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн байна. Харин Хөвсгөл аймгийн тухайд хавхаар ан хийх тохиолдол бусад аймгуудынхаас харьцангуй бага. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт сурталчилгааг түлхүү явуулсан нь харагдсан. Нэг хавхны цаана жилдээ 10 амьтны амь байдаг гэж бодохоор хөвсгөлчүүд 200 амьтныг аюулаас сэргийлж чадлаа.
-Аяны хүрээнд багагүй зөрчил илрүүлж, түүний хэрээр хавхны хор хөнөөлийн талаар сургалт, сурталчилгаа эрчимжсэн. Зөрчил буурах хандлага гарсан уу?
-Хавхны аян өрнүүлснээс хойш 2016 онд 514 хавх хураан авч, 6 сая төгрөгийн торгууль тавьсан байдаг. Мөн Гаалийн ерөнхий газраас гаргадаг хориглосон барааны жагсаалтад хавхыг багтаавал үүнээс илүү үр дүн гарах боломжтой гэдгийг орон нутгийн удирдлагууд тодорхойлох боллоо. Ер нь торгож, шийтгэх бол төрийн байгууллагаас баримталж буй бодлого биш. Хууль тогтоомжийг таниулан сурталчлах замаар урьдчилан сэргийлэх нь илүү дүнтэй болох нь практик дээр батлагдсан. Тиймээс “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт тэр дундаа Амьтны тухай хуулийн анг хавахаар хийх хориглосон заалтын хэрэгжилтийг хангах, хулгайн агнуураас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход орон нутгийн байгууллагууд олон иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид амьтан агнах хориглосон арга хэрэгсэл болох хавхыг монгол орны хэмжээгээр хэрэглэхгүй байх талаар сурталчлах, бусад аймгуудад сайн туршлагыг бий болгох ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )