С.Энхтунгалаг: Нум татаад зогсож байгаа эмэгтэй хүн ямар үзэсгэлэнтэй харагддаг юм бэ гэдэг

2017 оны 10 сарын 23

Монгол хүний дархлаа нь үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалаа хэрхэн дээдэлж, түгээн дэлгэрүүлж байгаагаар илэрхийлэгддэг. Тэр ч утгаараа үндэсний өв тээгчдээ бид хайрлаж, хүндлэх учиртай. Бид эрийн гурван наадмаа үзэж, зуны дэлгэр цагт баярлаж цэнгэсээр нэлээд хэдэн жарныг үджээ. Эрийн гурван наадмын сурын төрөл эмэгтэй хүн оролцож болдгоороо ихэд онцлогтой. Үндэснийхээ хувцсаар иж бүрэн гоёсон мэргэчүүд наадмын талбайг чимэх нь цаанаа л нэг сайхан. Нум эвшээж, сум эрчилж, уухайн түрлэг хадаах нь монгол хүн бүрийн омогшил, бахархлыг төрүүлдэг шүү дээ.

Монгол Улсын мэргэн Б.Батбаатарынх гэдэг айл гэр бүлээрээ харваачид гэж сонслоо. Тэр дундаа гурван ч спортын мастертай гэж дуулсан шүү?

Юуны өмнө “Зиндаа” сэтгүүлийн уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. “Цэц магнай” буланд Б.Батбаатарын гэж нэрлэгдэж байгаа боловч Үндэсний сурын хамт олон, гэр бүлээ төлөөлж оролцож байгаа гэдэг утгаараа надад маш их таатай байна. Миний хань Базарын Батбаатар гэж Монгол Улсын мэргэн хүн бий. Ханийн маань аав ээж Буриад удам угсаатай хүмүүс байдаг. Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Хадам аав ээж маань тэнд ажиллаж, амьдарч байсан. Энэ утгаараа бид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуулууд гэж овоглогдож, Үндэсний сурын түүхэнд хосоороо Улсын мэргэн гэж цоллуулж яваа гурав дахь гэр бүл юм. Бидний өмнө УИХ-ын гишүүн асан Дагвасүрэн мэргэн, түүний эхнэр Насангэрэл, мөн Хангай мэргэн, түүний гэргий Лхагвасүрэн гээд энэ сайхан хүмүүсийн араас бид хоёр залгамж болж хосоороо мэргэн болсондоо туйлын их баяртай байдаг.

Манай сурын спорт гэр бүл, найз нөхөд, хамаатан садан гээд ойр тойрны бүхий л хүмүүсээ урвуулж болдог, тэр тусмаа монгол хүмүүст их зохисон, хүн бүрийн цусанд нь байдаг сайхан спорт. Нэг талаараа их гэр бүлсэг. Жишээлбэл, бид Үндэсний сурын спортын гэр бүлийн Улсын аварга шалгаруулаад 10 жил болж байна.

Ихэнх харваач гэрбүлээсээ уламжилж үлдсэн байдаг. Бид хоёрын хувьд уламжилж аваагүй боловч үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээхийг зорьж байна. Хоёр хүү маань сур харвадаг. Мөн цаашдаа ач зээгээ энэ уламжлалт спортдоо сонирхолтой байгаа. Хоёр хүү маань аравдугаар анги төгстлөө их сайн харвадаг байсан. Тэгээд ахлах сургуулиа төгсөөд хоёулаа гадагшаа сургуульд явсан. Ирснээсээ хойш нэлээд цаг зав муутай болсон. Том хүү Б.Төгсжаргал маань Урианхай сурын дэд мастер. Халх сураараа дагнаад, бид хоёрын хэмжээнд бэлтгэл сургуулилт хийвэл амжилт үзүүлэх боломжтой гэж боддог.

 Үндэсний сурын спортын гол онцлог нь юу юм бэ?

 Үндэсний сурын спортоор багаасаа хичээллэж болдог. Зарим спорт насны онцлог хамаардаг, жаахан нас явахаараа карьер нь дуусчихдаг гэмтэй. Манайх бол хэдэн настайгаасаа ч хичээллэж болдгоороо онцлогтой. Өнгөрсөн жилийн наадмаар л гэхэд хоёр ой гарантай хүүхэд харваж байсан. Мөн хойшоо насны хязгааргүй. Үндэсний сураас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Цэвээн гуай 92 хүртлээ харваад, уралдаан, тэмцээнд оролцоод явж байсан. Нум татаж чадаж л байгаа бол энэ спортоор хичээллээд л байна гэсэн үг.

Та хэдэн настайгаасаа сурын спортод хөл тавьсан юм бэ?

Би 1981 онд МУИС-д анх оюутан болж орж байлаа. Тэр жилээ өөрийн багш, Монголын Үндэсний сурын холбооны дэд тэргүүн, бидний өмөг түшиг, Сурын спортын гол ноён нуруу болсон сурын спортын цор ганц доктор, профессор Батхуяг багшийнхаа удирдлаган дор сураар хичээллэж эхэлсэн. Багш маань тэр үед МУИС-ийн Физизийн багш байсан юм. Тэгээд Үндэсний сурын дамжаа хичээллэнэ гэдгийг Сувдаа гэж найз маань хэлээд, хоёулаа очиж байлаа. Ингэж л буянтай сайхан багшийнхаа эрдмийн ухаанаас суралцах үүд хаалга нээгдэж байсан даа.

Арын эгнээнд зүүн гар талаас эхнийх нь Монгол Улсын хошой мэргэн С.Энхтунгалаг бусад мэргэчүүдийн хамт. 1997 он

Тухайн үед Батхуяг багш дамжаанд танаас гадна дөрвөн ч хүүхэд хичээллэж байсан гэдэг?

Тийм, надтай нийлээд таван оюутан хичээллэж байсан. Өвөлжингөө онол заалгуулсан. Нум сум харвахад физикийн талаасаа мэдлэг, оюун ухаан шаарддаг учир бидэнд их нарийн зүйл зааж өгдөг байсан. Хавар нь их сургуулийн нэг, хоёрдугаар байрны голд байрлах том талбайд багш маань бай тавьж өгөөд, тийш нь чиглүүлээд л харваад бай гэж хоёр ширхэг төмөр хавчаахай нум бариулаад зогсоосон. Багш маань зав муутай учир бид хичээлээ тарж ирээд өөрсдөө бэлтгэлээ хийгээд зогсдог байлаа. Тэр хавартаа багш маань бид нарыг Үндэсний сурын тэмцээн болдог талбайд аваачсан. Монгол хүн, монгол нутагтаа амьдарч байж анх удаа тэнд монгол нум сум харвахыг харж байлаа. Тэр үеийн үндэсний сурын ахмадууд, өвгөчүүл маань шинээр орж ирж байгаа залуучуудаа маш элгэмсэг, сайхнаар хүлээж авдаг байсан. Одоогийнх шиг бүх зүйлийг зоосны нүхээр харахгүй л дээ. Өөрийн гэсэн нум сумгүй оччихсон бидэнд нумтай нь нумаа, сумтай нь сумаа өгөөд харвуулдаг байсан. Тэр үед Сувдаа бид хоёр дөнгөж 19 настай жаахан хүүхдүүд байлаа. Анх ирж байгаа хүүхдүүдийг муу гэж хэлэхгүй, гэхдээ энэ нь болж байна, сурмаар юм байна гэж урам хайрладаг байсан. Түүн дээр дөрөөлж л энэ спортод үлдсэн гэж боддог юм.

 Та энэ спортын юунд нь хамгийн их татагдаж, амьдралынхаа талаас илүү жилийг зориулсан юм бэ?

Улсын мэргэн болчихоод долоон жил завсарласны эцэст 1994 онд хотод орж ирж байлаа. Тэгээд ханийнхаа аав ээжтэй хамт зусланд амьдардаг байсан. Манай хадам аав Базар их ухаантай хүн байсан. Хадам ээж Дариймаа их түшигтэй. Бага хүүхдээ гурван настай байхад үлдээгээд л тэмцээнд оролцдог байлаа. Нөхөр маань энэ спортод арай ороогүй байсан үе. Тиймдээ ч хүүхдүүд бага учраас нэг их дэмждэггүй. Харин хадам аав, ээж хоёр маань “Миний охин яв, тэмцээндээ ор. Бид хоёр хүүхдүүдийг чинь харна” гэдэг байсан. Бэлтгэл сайн хийж чаддаггүй байсан л даа. Гэхдээ сайхан нум сумны буян, залуу насны эрч хүч, мөн нэгэнт Улсын мэргэн болчихсон байсан учир буцаад харвахад тийм ч хэцүү байгаагүй. Тэгээд тэр жилээ Үндэсний баяр наадмаар хоёрдугаар байранд орсон. Энэ үйл явдал надаас гадна хадам аав ээжид минь маш их урам хайрласан. Түүнээс хойш тасралтгүй энэ спортоор хичээллэж, улсад зургаан удаа айрагдаж, хоёр удаа түрүүлээд байна. Энэ бол тийм ч бага амжилт биш болов уу гэж боддог юм.

Image result for МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН С.ЭНХТУНГАЛАГ

Б.Батбаатар мэргэнийг сурын спортод нэлээд хойно хөл тавьсан хэдий ч асар богино хугацаанд амжилт гаргасан гэж ярьдаг юм билээ?

Миний хань чинь намайг энд тэндэхийн уралдаан тэмцээнд хүргэж өгдөг, нэгэнт очсон болохоор өдөржингөө биднийг харж суудаг байсан. Харж суунаа гэдэг тэр хүнд их ойр болсон байдаг л даа. Мөн өөрөө их авьяастай, бараг эхний нумаараа л их эвтэйхэн татсан шүү.

Тэгэхээр харвах эхлэлийг нь та анх тавьжээ дээ?

Үгүй, үгүй. Би харвах уу энээ тэрээ гэж ер асуудаггүй байсан. Намайг харва гэж хэлсний зоргоор ч харвах хүн биш. Харин Гарамсүрэн гэж ханийн минь найз, спортын мастер залуу байсан. Тэр маань л сурын спортод татаж оруулсан. Багшийгаа амьд сэрүүн байхад Улсын мэргэн цол хүртсэн дээ.

Ханьтайгаа танилцаж байсан сайхан үеэ эргээд дурсвал?

Спортын минь л буян. Хань маань Гарамсүрэн гээд дээр хэлсэн тэр найзтайгаа уулзах гээд наадмаар сурын талбай дээгүүр очсон юм билээ. Тэр үед намайг анх олж харсан гэдэг. Бороонд норсон борлон шиг хариугүй юм зогсож байхаар нь их өрөвдсөн гэдэг юм. Тухайн үед туранхай, хариугүй эмэгтэй хүн нум татаад зогсож байгаа нь нэг талаараа сонирхолтой санагдсан байлгүй. Алтан шар зурхай минь л биднийг танилцуулж, гэр бүлийг минь босгосон доо. Надад энэ сайхан алдар цолоос гадна амьдралыг минь бий болгосон гэж боддог юм.

Танайх хэдүүлээ вэ. Ач зээ олон биз?

Бид гурван хүүхэдтэй. Хамгийн том нь охин, нөгөө хоёр нь хүү. Одоохондоо охин маань айлд очоогүй. Хөвгүүд маань эхнэр авцгаасан, одоогоор гурван сайхан ач хөвгүүдтэй болоод байна. Эхнээс нь Цэцэнбаатар, Мэргэнбаатар гэж нэрлээд, сурын тухай ярихаар нь өхөөрдөөд, хайр хүрч л сууна.

Үндэснийхээ өвийг үр хүүхэд, залуу үедээ уламжилж үлдээнэ гэдэг сайхан. Та хэдэн шавьтай вэ?

Олон сайхан шавьтай болсон. Ер нь сур эмэгтэйчүүдэд их хатуу спорт. Зуны халуунд нарны өөдөөс өдөржин харж зогсоно. Гэр бүл, үр хүүхдээ хэрхэн зохицуулахаас шалтгаалж хүндрэл гарна. Гэвч энэ бүх шалтгааныг үл тоон охид, бүсгүйчүүд маань орж ирэхэд үнэхээр их баярладаг. Энэ спортоор тууштай яваасай гэж хүсдэг.

Мэдээж би хэзээ нэгэн өдөр зодог тайлна. Харин тэр үед миний залгамж халаа болсон үе үеийн шавь нар маань зурхай дээр байгаасай гэж хүсдэг юм.

Сурын харваа Монголын брэнд спортоос гадна соёл урлаг, хүмүүжил цогцлоосон гайхалтай биет өв. Монгол үндэсний хувцсаа өмсөөд нумаа татаж зогсохыг хараад гадаад дотоодоос ирсэн жуулчид биднийг гайхаж биширдэг.

Монгол дээл хувцастай нум татаад зогсож байгаа эмэгтэй хүн ямар үзэсгэлэнтэй харагддаг юм бэ гэх нь ч бий. Энэ үгэнд би хүртэл хамрагдаж байгаа гэж бодохоор үнэхээр сайхан санагддаг. Тиймээс сурын спортод эмэгтэйчүүд маань улам илүү ороосой. Монголын ёс заншил, өв соёлоо жинхэнэ утгаар нь авч үлдээсэй гэж хүсч байна.


2015 онд үндэсний сурын харваанд гэр бүлээрээ түрүүлсэн. Тэр үед юу мэдэрч юу бодогдож байсан бэ?

Хань маань 2013, 2014 оны баяр наадмаар Монгол Улсын гоц мэргэн Л.Отгонбаяр, хошой мэргэн Ц.Баасанхүү нартай тунаж үлдээд, хоёр, гуравдугаар байранд орж байсан. Тэр үед харамссан хүмүүс их байсан л даа. Тиймээс 2015 оны баяр наадмаар түрүүлнэ гэж ер бодоогүй. Харин хүмүүс Батбаатар ах аа, та хичээгээрэй гэж урам хайрлаж байсан.

Тэгээд ханийгаа түрүүлэхийг хараад үгээр илэрхийлэхийн аргагүй их баярласан. Би өөрөө анх түрүүлэхдээ ч тэгж баярлаж байсан эсэхээ мэдэхгүй байна.

Миний хажууд сууж байсан Улсын мэргэн Цэцэг эгч маань “Одоо чи үлдээд байна, битгий уйл” гэж тайвшруулж байлаа. Тэр үед бид хоёрыг ёстой л алтан шар зурхай ивээсэн дээ. Түүхэнд тэр болгон давтагдаад байхааргүй гайхалтай үе тохиосон гэж боддог юм. Баяр наадмын үеэр гэр бүлийн хоёр зэрэг түрүүлнэ гэдэг маш ховор тохиолдол. Тэр утгаараа бахархаж омогшиж байсан.


Хамгийн анх ямар нум сум барьж байсан бэ, харваач хүний хамгийн чухал зүйл шүү дээ?

Уяачид морио дээдэлдэг шиг бид ч бас нум сумаа дээдэлдэг. Хүн нь хэчнээн сайн байсан ч эд хэрэглэл муутай тохиолдолд хэзээ ч амжилтад хүрдэггүй.

Бид хоёрын амжилтын 70-80 хувь нуманд 20- 30 хувь нь туршлагадаа байдаг гэж боддог. Хамгийн анх Мэргэн болсон нумыг Ядамсүрэн урлаж өгсөн бол Хошой мэргэний нумыг Баттөмөр гэдэг хүн урлаж өгсөн. Одоог хүртэл талархан дээдэлдэг дээ.

 Сурын спортын хүнд өгдөг өгөөж, сургамж нь юу байдаг юм бол?

Сурын харваа нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүхий л хүмүүсийг төлөв, цэгцтэй болгодог. Жил жилийн баяр наадмаар суралцаж явдаг гэхэд хилсдэхгүй. Шинээр орж ирж буй залуу үе нь өндөр цолтой хүмүүсээс суралцана. Манайхан сурыг сурж дуусдаггүй болохоор нь сур гэж нэрлэдэг хэмээн хошигноцгоодог юм.

 

Ярилцсан: Г.Энх-Уянга

"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
далай лам(202.9.41.246) 2017 оны 10 сарын 23

он гараад наранхүү дундговьчуудаа цус ойртолтоос аварна.

0  |  0
наранхүү дундговь(202.9.41.246) 2017 оны 10 сарын 23

манж харвааг харваад мэргэн цэцнээ гайхаж тэнэглэхээ боль. жинхэнэ монгол харваа хөлөнбуйрд байдаг юм . ядаж цогт тайж киног үз.

0  |  0
Top