Баян-Өлгий аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 16 төлөөлөгч аймгийн Засаг дарга А.Гылымханыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг ИТХ-ын дарга Д.Бауыржанд хүргүүлсэн байна.
Тэд огцруулах үндэслэлээ: "Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг тус тус зөрчсөн, аймгийн ЗДТГ-ын даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаагүй хүнийг томилсон, төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулаагүй, нэр бүхий хүмүүсийг ажлаас хууль бусаар халсан нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон..." зэргээр тайлбарлажээ.
Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 39 төлөөлөгчтэй бөгөөд "...төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх" хуулийн заалттай ажээ. Одоогоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс уг асуудалтай холбоотой ээлжит бус хуралдаан зарлаагүй гэнэ.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )