ТҮМЭНДЭЭ ТӨРСӨН “УРАН ДАРХАН”

2017 оны 10 сарын 27

 

Жуулчны гудамж буюу олны нэрлэдгээр “Урт цагаан”-ы урд байрлах “ХӨӨРӨГ” үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалганы хонхыг дарахуй нүүр дүүрэн инээмсэглэсэн, намба төгс нэгэн эр үүд дэлгэн дэлгүүртээ урилаа. Өглөө эрт тул ийн дэлгүүрийнхээ хаалгыг нээгээгүй байсан бөгөөд ярилцлага авч, өгөхөө урьдчилж тохирсон учраас товлосон цагтаа бид уулзаж байгаа нь энэ юм. Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авч, урлангийнхаа “Урын сан”-гаас уншигчдын маань мэлмийг мялааж буй эл эрхэм болбоос “УРАН ПҮҮЖЭЭ” хэмээн олноо алдаршсан “Тэнгэрийн угалз” ХХК-ийн захирал, “ХӨӨРӨГ” дэлгүүрийг үндэслэгч Дашвандангийн Пүрэвсүрэн болой.

 

ҮНЭТ ЭДЛЭЛ УРЛАХДАА ЭНГҮЙ ИХ ТӨГС ТӨГӨЛДРИЙГ БҮТЭЭЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ

"ХӨӨРӨГ" дэлгүүр рүү оруут хананд өлгөөтэй жаазалсан уран зураг, хатгамал нүднээ тусаж, ур хийц өв тэгш олон төрлийн хөөрөг, зүүсгэл тэргүүтэнд өөрийн эрхгүй мэлмий баясах. Цаанаа л нэг найрсал зохицол, уран сайхны мэдрэмж төрүүлэм энэ олон уран бүтээлийг цогцлоосон Д.Пүрэвсүрэн дархны гараас хосгүй гэмээр үнэт эдлэлүүд “төржээ”. “Үнэт эдлэл гэдэг бол орц зардлаасаа харьцуулшгүй илүү үнэ цэнэтэй байхын нэр юм. Үнэ цэнийн хэмжүүр нь их, багадаа биш энгүй их сэтгэлд оршино” хэмээн ярих тэрбээр аливаа зүйлийг урлахдаа эн түрүүнд сэтгэлээ шингээдэг нь илт.

“XVII-XVIII зуунд Монголын өв соёл хамгийн өндөр түвшиндээ хүрч, дэлхийн түмнээ уран сэтгэмжээрээ гайхагдаж байсан гэдэг. Өндөр гэгээн Занабазар энэ үед гайхам үйл хэргийг бүтээсэн байдаг. Цагаан дарь эх, Ногоон дарь эх яагаад тийм дахин давтагдашгүй бүтээгдсэн нь дотоод сэтгэлийн илрэлийг гаргаж өгсөнд л оршиж байгаа юм. Төгс гэгээрэлд хүрсэн гэмээр амар амгалангийн төрх, шинж чанарыг цогцлоосноороо энэ бүтээлийн үнэ цэнэ буй болсон байх” гэж Д.Пүрэвсүрэн дархан ярих. Түүний өгүүлснээс үзвэл, Монголын өв соёл шавхагдашгүй оюунлаг, Монгол дархны бүтээлээс хүний дотоод сэтгэл мэдрэгддэг гэсэн олны яриа ор үндэсгүй зүйл биш ажээ. “Би үнэт зүйл урлахдаа “Энгүй их төгс төгөлдрийг бүтээж байна” хэмээн сэтгэж хийдэг. Сайхан бүтээл ингэж төрдөг юм” гэж тэрбээр хэлэв. Энэ үг “Сэтгэлээс гарсан үг зүрхэнд хүрдэг” гэдэгтэй агаар нэгэн аж.


 

БҮТЭЭХҮЙН УРАН УХААНЫГ ӨВ ДАМЖИН ӨВЛӨСӨН ДАРХАН

Д.Пүрэвсүрэн дархан Сайнноёнхан аймгийн Далайчойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төржээ. Түүний аав, ээж таван хүүхэд төрүүлж өсгөсний дундах нь Д.Пүрэвсүрэн юм. Нутаг усныхан нь “Ах, дүүсээрээ уран хүмүүс” гэж ярьдаг нь олон үе дамжуулан өвлөсөн авьяас билиг, уран мэдрэмж гэлтэй. Түүний төрсөн ах Д.Намнансүрэн ээмэг, бөгж, дээлийн товч тэргүүтэй зүүсгэлийн үнэт эдлэл урлахдаа гаргуун, харин төрсөн дүү Д.Баатарсүрэн нь алт, мөнгөн аяга тэргүүтнээр монгол дархчуудаа манлайлдаг гэх. Тэд эх орныхоо үнэт эдлэлийн урлалд өөрийн гэсэн орон зайг үүсгээд даруй 20 гаруй жил болжээ. Монгол дархны ур хийцийн нарийн нандин ухааныг уламжлан өвлөж, үндэснийхээ өв соёлыг улам баяжуулж, дэлхийн олноо таниулах нь тэдний зорилго. Энэ тухайд Д.Пүрэвсүрэн дархан: “Эрт дээр үеэс Монгол дархны ур хийц газар, газарт өөр өөрийн давтагдашгүй онцлогтой байсан байгаа юм. Бат бөхийн бэлгэдэл Батноров хийц, нүнжигтэй, мөнхөд оршихуйн бэлгэдэл Ноён сэврээ хийц, ихэмсэг оршихуйн бэлгэдэл Дарьганга хийц гэх мэтчилэн нутаг нутгийн хийц, ураар нэрлэж ирсэн түүхтэй. Монгол дархчуудынхаа энэ их өв соёлыг өдгөө дэлхий нийтэд таниулах нь чухал байгаа юм. Иймээс ч манай “Түмэн эрдэнэс” холбоо маань уран бүтээлээ гадаад зах зээлд гаргах гарцыг сэдэж байгаа” гэж яриа өрнүүлэв. Тэрбээр монгол дархчуудын нэгдсэн холбоо болох “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүнээр ажилладаг аж.

 

ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС

Д.Пүрэвсүрэн Монгол Улсын начин, улсын алдарт уяач Гарамжавын Ганхүү дархны гарын шавь ажээ. Дархан хүмүүс аливаа зүйлд тун хүндэтгэлтэй ханддаг учраас билигт сайн өдрийг хүлээн алд цэнхэр хадаг барин очиж байсан тухайгаа тэрбээр ийн өгүүллээ. “Миний хувьд 16 насандаа багшдаа хадаг барьж шавь орж байлаа. “Хадаг барьж” шавь орно гэдэг бол их учиртай. Эрт үеэс манай монголчууд “Шавь сургалт”-ыг ихэд эрхэмлэдэг байсан. Монгол дархны хувьд шавь сургалт хамгийн чухал. Манай багш шавь нартаа дархны ёс жаяг, эрэмбийг сайхан хэвшүүлдэг байсан. Багш маань дархан бас бөх. Бөхчүүд маань өөрсдөө маш их ёс жаяг, жудагтай хүмүүс. Дээрээс нь багшийн минь эцэг Монгол Улсын алдарт уяач хүн байсан. Ийм багшид шавь орж, дархан мэргэжилд суралцсан маань их хувь зохиол, завшаан” гэж багшаараа ихэд бахдаж байлаа.

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ТЭЭГЧ

“Эрийн гурван наадам, морио уралдуулах, үндэсний дээл хувцас, малгай зүүсгэл тэргүүтэн бол бидний өв соёл юм шүү дээ. Бидэнд хамгийн үнэтэй зүйл нь энэ. Өдгөө бид суурин соёл иргэншилд нэвт ороод нэг талдаа хөгжөөд байгаа мэт харагдавч нөгөө талдаа сулраад байгаа юм л даа. Иймээс л өв уламжлалаа үргэлж дээдлэх учиртай юм. Нүүдэлчдийн соёл иргэншлийн том өвийг өөртөө шингээсэн ард түмэн бол бид. Жишээ нь, манай өвөө бол гайхамшигтай сайхан хүн байсан. Ихэд нямбай, энгүй оюунлаг, нэг ёсондоо гэгээрэлд хүрсэн хүн байлаа. Бурхны шашны буян үйлдэх ухааныг дэлгэрүүлж, үр хойчийнхоо сайн сайхны төлөө их ч зүйлийг хийсэн байдаг. Биднийг багаас нь “Гэрийн хүмүүжил”-д сургасан хүн. Гэрээ яаж цэвэрлэх вэ, хувцас хунараа яаж цэвэр цэмцгэр өмсөж хэрэглэх вэ гэдгээсээ л эхэлнэ. Идээ будаагаа хэрхэн цэвэр ариун байлгах гэх мэт. Данх домбо, аяга халбагаа гялалзтал арччихдаг. Энэ бүх зүйл энгийн мэт боловч их чухал юм. Ийм л хүмүүжлээс монгол дархны ур чадвар эхлэлтэй гэж хэлж болно” хэмээн өгүүлэх Д.Пүрэвсүрэн дархны үйлдэл хийгээд өмссөн хувцас, өөрийгөө авч яваа байдлаас нь монгол ёс жаяг харагдана. Хүнтэй мэндэлж, хөөрөг зөрүүлэхээс эхлээд бидний монголчуудын баялаг соёлыг түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийг уран дархчууд үүрч явдаг гэлтэй. Энэ ч утгаараа уран дархан Д.Пүрэвсүрэнг “Үндэснийхээ өв соёлыг өөртөө тээгч” хэмээсэн билээ.

 

"Уран хатгамалчдын урлан"-гийнхан хөөрөгний даалин тэргүүтнийг урлаж байв. Өнгөц харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн, нягт ажиллагаа шаардсан урлал ажээ.

 

ДАРХАНЫ УРЛАН

Дархан хүн өөртөө ухааны, гарын, нүдний гэсэн гурван урыг цогцлоох хэрэгтэй аж. Энэ тухай Д.Пүрэвсүрэн: “Ухааны ур буюу сэтгэлийн ур. Аливааг урлахдаа чин сэтгэлээ зориулбаас уг бүтээл нь мөнхөд оршихуйн хүчийг олдог. Харин гарын ур сайтай байваас үнэт эдлэлийн өнгө үзэмж үлэмж төгс болно. Мэдээж дархан хүн аливаа эд зүйлийн сайн, мууг ялгадаг, сайхан зүйлийг нь олж хардаг нүдний уртай байх хэрэгтэй” гэж учирлав.

“ХӨӨРӨГ” дэлгүүр дөрвөн урлантай юм байна. Урлангуудаар зочилж, уран дархчуудынх нь бүтээх үйлийг нүдээр үзэв. “Чулууны урлан”-д чулууг үнэт эдлэл болгох үндсэн суурийг нь тавьдаг гэж хэлж болно. Чулуу бүхэн өөр, өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хөөрөгний талаар аваад үзэхэд арай өөр. Нэгдүгээрт, чулууны тогтоц, физик химийн шинж чанар, хоёрдугаарт, ур хийц нь чухал аж.


Чулууны дархчуудын тухайд анхаарлаа төвлөрүүлж, ур ухаанаа шингээх бүхий л арга ухааныг сэдэж ажилладгаа ярьж байв. Чулууны тухай маш сонирхолтой зүйлийг Д.Пүрэвсүрэн дархан энэ үеэр өгүүлсэн юм. Тэрбээр “Чулуу амьтай гэж гадаадын эрдэмтэд нотолсон байдаг аж. Чулуу жилд нэг удаа амьсгалдаг гэж ярьдаг. Энэ утгаараа маш удаан амьдардаг гэх. Яст мэлхий урт насалдаг нууц нь амьсгал авахдаа маш удаан. Чулууны ертөнц өөрөө аугаа их баялаг. Зөвхөн мана чулууг л гэхэд дотор нь 200 орчим төрлөөр ангилдаг байх жишээтэй. Тухайлбал, тархи мана, чуна мана, гартаам хүртэл энд багтана.


Эрдэнийн чулуу таван тивийн мөстлөгийн үед гарч байсан тухай эрдэмтэд сонирхолтой зүйл ярьдаг. Жишээ нь, “Арцны үндэс” гэдэг чулуу мөстлөгийн үед үүсэж байсан гэдэг. Мөстлөгийн яг тэр оргил үед нь “Хаш” чулуу үүссэн гээд олон зүйлийг ярьж болно. Цаашлаад чулуу бүхэн өөрийн гэсэн онцлог чанартай. Хаш чулууг язгууртан угсаатан хүмүүс барьдаг. Хүнд маш их тайвшралыг буй болгож, айл гэрт аз жаргалыг авчирдаг, чулууны дээд гэлцдэг. Гартаамыг л гэхэд эмчилгээнд хэрэглэдэг байсан аж.


Хан гарьдын ходоод гээд чулуу бий. Лусын хорлолыг Хан гарьдын ходоодоор домнож эдгээдэг гэдэг. Хонин гартаамыг эмэгтэй хүн түлхүү хэрэглэдэг уламжлал бий. Халтар мана бол оюун ухаан хүчийг өөртөө шингээсэн хэмээн үздэг. Хар өнгө бол өөрөө их хүчирхэг байдлын илрэл юм л даа. Чуна мана мөн адил оюун санааны хүчирхэг байдлын илэрхийлэл болдог хэмээн ярьж байлаа.

Маш гоё усан цэнхэр маныг харахад нүдийг амрааж, сэтгэлийг тайвшруулдаг жишээтэй. Оюу эрдэнэ байна. Оюуг монголчууд оюун ухааны бэлгэ тэмдэг болгон дээдэлдэг байсан. Оюу эрдэнийн үндсийг судлаад үзвэл зэс өөрөө сая жилийн туршид исэлдээд оюу болсон байдаг.

Шүр байна. Шүр бол далай тэнгист ургадаг гайхамшигтай эд. Шүрийг барихад хүний цусны эргэлт сайжирдаг гэсэн домог бий. Маш сайхан эрдэнийн чулуу юм л даа. Манай монголчууд эрдэнийн зүйлийг ес хуваасан байдаг. Ес гэдэг бол тооны хувьд хамгийн том тоо юм.

П.Бадарч гуай “Есөн эрдэнийн орон” шүлгэн дээр маш гайхалтай хэлсэн байдаг. Энэ мэтчилэн эрдэнийн чулуу хийгээд үнэт эдлэлүүд өөрийн гэсэн баялаг түүх, бас утга учиртай юм. Тухайлбал, Мөнгө эрдэнэ аливааг ариусгаж байдаг. Мөнгө өөрөө нянг устгадаг гайхамшигтай бүтэцтэй” хэмээн яриа өрнүүллээ. Чулууны үүсэл гарал, утга учрын тухай Д.Пүрэвсүрэн дархан олон зүйлийг ярих шинжтэй. Ийн яриа өрнөснөөр “Чулууны урлан”-гаас гарч “Мөнгөн аяганы урлан”-д зочлов.

Энд түр саатах агшинд алдар цолтой уяач, бөхчүүд хэдэнтээ орж, гарч харагдав. Урлангийн хойморт Д.Баатарсүрэн дархан тухалжээ. Тэрбээр бидэнд өөрийн урлаж буй бага, дунд, их гарын мөнгөн аягануудаа сонирхуулсан юм.

Харин дараагийн зочилсон урлан бол үнэхээр гайхалтай. “Уран хатгамалчдын урлан”-гийнхан хөөрөгний даалин тэргүүтнийг урлаж байв. Өнгөц харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн нягт ажиллагаа шаардсан урлал ажээ. “Хөөрөгний нуух халбаганы урлан”- гаар орлоо. Уран дархны ур хийц, нарийн нандин зүйлийг чухам эндээс л харж болно.

 

Түүний төрсөн дүү уран дархан Д.Баатарсүрэн өөрийн урласан их гарын мөнгөн аягаа бидэнд сонирхууллаа.

 

ЭРДЭНИЙН ЧУЛУУГААР МЭНДЭЛДЭГ ЭРХЭМ ЁС

Д.Пүрэвсүрэн дархан ярихдаа “Эрдэнийн чулуугаар мэндлэх хүндлэх ёсон гэж өөрөө аугаа зүйл. Манай монголчууд чинь мэндлэх хүндлэх сайхан ёс заншилтай. “Дэлхийн соёлын өв”-д зүй ёсоор багтах зүйл” гэв.

“Та нэрд гарсан олон алдартны үнэт эдлэлийг урласан гэдэг. Тухайлаад яривал...” гэж асуухад: “Миний хувьд 20-иод жил “Уран дархан”-ы үйлстэй холбоотой амьдарч байна. Энэ хугацаанд олон сайхан хүний үнэт эдлэлийг урлажээ. Төрийн өндөрлөгүүдээс эхлээд алдар цолтой аварга бөхчүүд, уяачид, эрдэмтэд гээд надад итгэж, маш олон хүн эдзүйлээ хийлгэсэн. Тухайлбал, Хакухо аваргад зориулан хийсэн аяга байна. Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо Хөдөлмөрийн баатар цол хүртэхэд Ч.Санжаадамба аварга тэргүүтэй найзууд нь хаш аяга хийлгэсэн юм. Энэ аяганд Их наран улсын бэлгэ тэмдэг Нарыг бадмаараг эрдэнийн чулуугаар төлөөлүүлж, 69 дэх аварга болсон бэлгэдэлт тоог нь арга, билгээр хослуулан танаар бүтээж, Монгол төрийнхөө алтан соёмбыг алтан дээр суулган, мөнхөд тэргүүлэхийн бэлгэдэлтэй Ноён сэврээ хийц оруулж, чин сэтгэл, анд нөхдийн бэлгэдэл болсон эрдэнийн хаш чулуугаар урласан. Түүнчлэн Х.Баянаа аварга аймгийнхаа 90 жилийн ойг угтаж, дөрвөн хүчтэнтэй, том титэмтэй малгай бүтээлгэж байсан” гэлээ.

Нийтлэлч: С.Өлзийбаяр

Гэрэл зургийг: Ц.Баярбаатар

"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goti(150.129.143.83) 2017 оны 10 сарын 28

ene yostoi hudlaa garshdee, um damaldag l gar bhgyui yu

0  |  0
baagi(203.91.112.194) 2017 оны 10 сарын 28

энэ худлаа гараа өөрөө аяга аятайхан хиидэггүй зөвхөн ченж хийдэг хүмүүсийн хийсэн юмыг л зардаг уран панаалтай гар тэр чулуу мэднэ гэж бүр худлаа сайн ченж гэвэл болно

0  |  0
Амжилт(183.81.171.150) 2024 оны 03 сарын 11

Баяр хүргэе! Өнгөтэй өөдтэй ажиллаж яваа нэгэндээ манайхан сайныг санаж, урмын үгээр мялаадаг байгаасай. Амжилт бүрийн цаана тухайн хүний шаргуу хөдөлмөр явж байдгийг мэдээсэй, ойлгоосой. Дархандаа амжилт хүсье.

1  |  0
Түмэн(202.70.46.209) 2017 оны 10 сарын 27

Мунхан түмэндээ золоор төрсөн муухай луйварчидын нэг л байна ...кк

0  |  0
ё(202.72.245.122) 2017 оны 10 сарын 27

хэрэглээний зүйлийг л зөьхөн хийдэг юм уу

0  |  0
зочин(58.179.54.192) 2017 оны 10 сарын 27

Пүүжээ дархан ч үнэхээр төрцөн уран дархандаа сэтгэл зөвтэй олоон жилийн өмнө л сийлбэртэй алтан ээмэгнүүдийг нь авч борлуулдаг байлаа Дүүдээ амжилт хүсье сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж энэ дээ

0  |  0
Зочин(202.70.42.126) 2017 оны 10 сарын 27

Өөрөө бүгдийг хийнэ гэвэл энэ насных нь өдрүүд хүрэхгүй. Харин сайхан х юм хийдэг залуусыг цуглуулсаны хүчинд энэ их ажлын ард гарч байгаа юм. Гаруй ур дүй бий л байх хариэ гайгүй сайн ярьдагын хүчинд хүмүүст танигдаж олон түмэн орж гардаг нь үнэ байх. Яг нарийндаа наад хүний чинь гараар гарсан барааны 90 хувь нь өөр дарханы хийц . Хөөрөг гэхэд сайхан чулуу сайн хийгээд шүрэн толгой авах мөнгөгүй улсууд боломжын үнээр мөнгөтэй ченж нарт зарж байгаа. Тийм ченж нарын л нэг дээ.

0  |  0
Сугар(66.181.177.39) 2017 оны 10 сарын 27

Маш гайхамшигтай мундаг залуу шүү Ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхныг хүсье Пүүжээгээр хийлгэсэн хөөрөгдөнө маш их сэтгэл хангалуун байдаг шүү

0  |  0
xczcz(103.11.195.2) 2019 оны 01 сарын 30

1t. ene hoorog moorog bol mongol bish majin um. 2t. hodoo osson umnud l hamgin untie um n hoorog gej boddog bh zailul. oor saihan um horvo delhiger duren bn.

0  |  1
zochin(43.228.130.224) 2017 оны 10 сарын 27

Mundag zaluu shu Bayar hurgie,amjilt husie

0  |  0
zochin(43.228.130.224) 2017 оны 10 сарын 27

Mundag zaluu shu Bayar hurgie,amjilt husie

0  |  0
Top