Оюутолгой ХХК-д зөвхөн Өмнөговь аймгаас ханган нийлүүлэлт хийх ажил, бараа үйлчилгээ тодорхой боллоо

Админ | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

Өмнөговь, Оюутолгойн хамтарсан хангамжийн ажлын хэсэг 5 дахь удаагийн хурлыг хийж 14 төрлийн 30 гаруй бараа ажил үйлчилгээг зөвхөн Өмнөговь аймагт хязгаарлагдмал тендер зарлахаар товлож хоёр талаас хугацааг харилцан тохиролцлоо.

Эдгээр ажлуудын зарим нь энэ оны 4 дүгээр улиралд зарлагдаж байна. Доорх жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

•Хамгаалалтын утааны маск, маскны шүүлтүүр нийлүүлэх ажлыг 2018 оны 1 дүгээр улирлаас зарлах ба эхний ээлжинд ОТ-ын нийт жилийн хэрэгцээний 20 хүртэлх хувийг Өмнөговиос хангах ба ханган нийлүүлэгчдийг үе шаттайгаар чадавхижуулснаар цаашид 100 хувьд хүргэх бодлого баримталж байна. ОТ-ын хамгаалалтын утааны маскны жилийн хэрэглээ нь 2,000-3,000 маскны шүүлтүүр 10,000-15,000 байна.

•Ажилчдын энгийн оймс нийлүүлэх цаашид Өмнөговьд үйлдвэрлэх ажлыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан зарлахаар боллоо. Харин гүний уурхайн усны гутлын оймс нийлүүлэх ажлыг 2018 оны 1 дүгээр улиралд зарлана. ОТ-ын усны гутлын оймсны жилийн хэрэгцээ 5,000-6,000 ширхэг байдаг байна.

•Баяжмалын уут үйлдвэрлэж нийлүүлэх ажлыг 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн зарлах ба жилийн хэрэгцээ нь 350,000-450,000 байдаг.

•Олон улсын тээвэр буюу ОТ-ын сайтаас Хятад улс руу баяжмалын тээвэр хийх ажил үйлчилгээ нь одоогийн байдлаар зөвхөн Өмнөговийн компаниудын дунд зарлагдаж байна.

•УБ-ОТ хоорондын тээврийн ажил үйлчилгээний тендерийг 2019 оны эхний улирлаас зарлах ба тус тээврийн онцлог нь УБ дахь агуулах болон Ханбогд суманд байрлах агуулахын үйлчилгээтэй уялдаж хийгддэг онцлогтой.

•Ганц модноос-Оюутолгой хүртэлх тээврийн ажил үйлчилгээний тендер 2017 оны 4 дүгээр улиралд багтаан зарлан эхлүүлнэ.

•Мах, сүү, хүнсний ногоо гэх мэт ОТ-ын сайтын үйлчилгээний бараа ажил үйлчилгээний тендерийн үйл ажиллагаа нь SSM компаниар дамжин явагдаж байна.
Эдгээр төрлийн ажлуудаас гадна ОТ-ын худалдан авах ажиллагааны хэлтсийн зүгээс бусад боломжтой ажлуудыг Өмнөговь аймгийн компаниудаар хийлгэхээр зорьж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Мөн 11 дүгээр сарын 7-нд Оюу толгой ХХК-аас Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд 14 цагаас мэдээллийн уулзалт хийх ба дээрх зөвхөн Өмнөговь аймагт зарлах тендерийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүдийг тус уулзалтад урьж байна. Уулзалтад оролцсоноор ханган нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top