Ш.Роза: Би Отгонтэнгэрийн ослыг урьдчилж мэдэрсэн ч хаана хандахаа мэдээгүй

2017 оны 11 сарын 01

 

Би ОХУ-д болдог Зөн билгийн тулаанд оролцоно 

Монголын Зөн билэгчдийн томоохон төлөөлөгч Ш.Розаг хөндлөнгөөс харсан хэн ч  “шулам” гэж эс бодохоор...  Учир нь бид шулмыг кино, үлгэрт гардагаар жишээлэн хорон санаат эмгэн гэж ойлгосоор ирсэн. Түүний зан үйл үйлддэг өрөөнд ороод харин тэрхүү бодлоос нэг мөсөн салав. Босгыг нь давуут олон этгээд чамин уран зургийг харахад зураач барималчийн  урлан ч гэмээр. Харин ширээн дээрх  асаалттай лаа, олон жижиг хохимой, том хар хөзөр зэргээс гадна жижиг хохимойгоор чимэглэсэн түшлэгтэй сандлыг харахад гэнэт жихүүдэс, эгэл бусын мэдрэмж төрөх аж. Түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй ч Зөн билэгчид дундаа өөрийн байр суурийг хэдийн олж, хүндлэгдсэн хүн юм. Бид шулам гэж чухам хэн болох, зэргэлдээ ертөнцийн тухай болон өнөөгийн Засаг төрийн тогтвортой байх  талаар хөөрөлдлөө...

-Оройн  мэнд  хүргэе... Ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Таны зөн билэгчийн авьяас хэзээ илэрч байв. Ер нь шулам гэж чухам хэн бэ?

-Оройн мэнд!... Шулам гэдэг бол үзэх, харах гэсэн утгатай нэр томьёо юм. Зэргэлдээ сүнсний ертөнцийг бодит ертөнцтэй холбодог хүмүүс ч гэж ойлгож болно. Манайд бол арай өөр ойлголттой л доо. Хүмүүс шулмыг Орос кинонд гардаг шигээр төсөөлж, ойлгоод байдаг. Тийм биш юм. Шашны үзэл бол өөр. Мэдээж шашин шүтэх эсэх нь хүний хувийн асуудал. Бурхны шашнаас эхлээд Христ, Лал.. гээд олон шашин байна. Гэвч хүн өөр өөр шашин шүтлээ гээд өөр өөр еөртөнцөд хуваарьлагдахгүй шүү дээ. Очих цэг нь ердөө л нэг. Шашнаас бол мэдээж шулмын хийдэг зан үйл өөр л дөө. Хууран мэхлэгдэхгүй үзэгдэл гэдэг бол шулам юм. Харин миний зөн билэгчийн авьяас чадвар хүүхэд байхаас минь илэрсэн...

-Харын талын зан үйл хийдэг хүн гэж ойлгож болох уу? Учир нь таны өмнөх ширээн дээрх зүйлс, сууж буй сандал зэргийг хараад тэгж санагдлаа...

-Харын талын хүн гэхээр муу зүйл хийдэг гэж огт ойлгож болохгүй. Цагааны талын зан үйл ч хийнэ.

Янз бүрийн цаг бусын үхлээс болоод төрлөө олоогүй сүнс тэнгэр газрын завсарт төөрсөн байдаг. Тэднийг төрлөө олоход туслана.

Хүний хувь заяа янз бүр. Хараал жатгаас болоод, эсвэл гэнэтийн ямар нэг байдлаас болоод өнгөрчихдөг. Тэр төөрсөн зовсон сүнстэй харилцан холбоотой байдаг хүн. Мөн харын талын зан үйл гэдэг хараал жатгад өртсөн хүн болоод, зовж зүдэрсэн хүмүүст тусладаг л хүн. Түүнээс хүнд хараал хийдэг хүмүүс биш.

Намайг зорьж ирдэг хүмүүсийн дийлэнх нь амьдрал нь болж бүтэхгүй, ямар нэг зовлон зүдгүүртэй дээ л ирдэг. Тиймээс миний ажил бол маш их адрмаатай, хүнд ажил. Тэглээ гээд бууж өгч болохгүй гэж боддог. Надад оногдуулсан хувь заяа үүрэг гэж ойлгодог. Зарим хүн ойлгохгүй байх.  

-Зэргэлдээ ертөнцийн тухай хүн бүр өөр өөрийн ойлголттой байх шиг. Зарим нь тэр ертөнцийг үгүйсгэж байхад нөгөө хэсэг нь бий гэдгийг ойлгуулж итгүүлэх гэж хичээдэг?

-Тэнгэрээс газар хүртэлх ертөнц бол бидний энэ ертөнц шүү дээ. Тэгвэл тэнгэр газрын гүн дэх гурван хэмжээст ертөнцийн тухай ойлголт юм. Харагдахгүй, ойлгогдохгүй байгаа ертөнц учраас зэргэлдээх ертөнцөө янз бүрээр хэлж ярих нь тэдний хувийн үзэл бодолтой холбоотой.  

МОНГОЛЫН УЛС ТӨР ОЙРЫН ҮЕД ТОГТВОРЖИХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ...

-Улс төрийн тухай асуумаар санагдаад л... Монгол Улсын Засгийн газар солигдчихлоо. Хэр тогтвортой ажиллах бол?

-/хэсэг хугацаанд чимээгүй суув/ -Унаж босоод, унаж босоод явах дүр зураг харагдаад байна. Үүнийг дагаад улс орны байдал их эмзэг болж байгаа юм. Ямар нэг зүйлээс хараат юм шиг... Яг мэдрэгдэж байгаагийн хувьд шүү дээ.

-Удахгүй солигдоно гэсэн үг үү. Тэгвэл дараагийн Засгийн газар ямар хүмүүсээс бүрдэх бол?

-Би  удахгүй гэж хэлээгүй... Дандаа залуу хүмүүс харагдаад байна. Араас нь түрж гарч ирэх хүмүүс шүү дээ.

-Монголын Төр засгийн энэ тогтворгүй байдал хэзээ болтол үргэлжлэх бол?

-Ойрын хугацаанд бол тогтворжихгүй. Байгалийг маш их ухаж байна. Байгаль эх түүний хариу үйлдлийг үзүүлж байна. Ер нь зөвхөн Монгол гэхгүйгээр дэлхий даяар байгалийн аймшигт үзэгдлүүд болж байна.  Байгальтай зүй бусаар харьцах явдлыг зогсоохгүйгээр, улс эх орон ард түмний байдал сайжрахгүй. Засаг  төр тогтвортой байхгүй л болов уу... Нэг зүйлийг нэмж хэлэхэд байгаль дэлхий хүнээс маш их хайр энхрийлэл хүсэж байдаг зүйл шүү дээ. Бид гал, ус, амьтан, ургамал... бүхий л зүйлтэй холбоотойгоор хүчээ сэлбэж зан үйл хийдэг учир байгальтай их уялдаатай байдаг.  

-Асуухад хэцүү нэг зүйл байна л даа. Отгонтэнгэр ууланд олон хүний амь эрсэдсэн. Зөн билэгч хүний хувьд танд энэ аюул болох нь урьдчилж мэдрэгдсэн болов уу?

-Харин тийм... Ямар нэг зүйл болох нь мэдрэгдсэн ч хэнд хандахаа мэдээгүй. Гэхдээ олон хүн зовлонтой байгаа учраас энэ тухай ярилгүй орхиё.

-Байгаль эхийн энэ их догшрол, гамшигууд гайгүй болох уу... Ямар арга байдаг бол?

-Би дээр хэлсэн шүү дээ. Уул усаа хөндөхөө больж, байгальдаа элэгсэгээр хандаж байж сайн сайхан ирнэ гэж. Харин далд ертөнцтэй харьцдаг хүмүүс нэгдэж нийлээд уул усаа аргадах зан үйл хийх нь хамгийн чухал. Бидэнд мөн тийм бодол зорилго бий. Хүмүүс байгалийн бүтээгдэхүүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Байгалийн хилэгнэл гэдэг хаана ямар уул ус хөндөж вэ гэж ялгадаггүй. Нилэнхүйд нь хариу барьдаг. Далай дээр болж байгаа цунами, хуй салхи, гэнэтийн гамшигууд бол байгальтай хүн буруу харьцсаны хариу үйлдэл.

МИНИЙ ТАНИХГҮЙ ХОЁР СҮНС ОРЖ ИРЛЭЭ. ЧАМАЙГ ТАНЬДАГ ГЭНЭ

-Таныг ОХУ-д болдог “Зөн билгийн тулаан”-д оролцох гэж байгаа тухай сонссон. Энэ үнэн үү?

-Үнэн. Би оролцоно гэж бодож байгаа.

-Чухам ямар зорилгоор оролцох гэж байгаа вэ?

- Хөндлөнгөөс анзаарч байхад хүн хүн өөр өөрийн зорилгоор оролцож байх шиг. Алдар хүндэд хүрэх гэж оролцож байгаа нэгэн байхад зүгээр л оролцоод үзэх гэсэн хүмүүс ч байна. Миний хувьд өөрийгөө сориод үзье гэсэн бодол байгаа...

-Оролцохын тулд ямар нэг бэлтгэл ажил хийдэг  үү?

-Өдөр бүр бясалгана... Бясалгал их чухал.  

- Монголын Зөн билгийн тулаанчдын нэвтүүлэгт таны шавь оролцоод дэд байрт шалгарч байгаа харагдсан?

-Миний хувьд зурагт радио, сошиал ертөнцөөс хол л доо. Гэхдээ оролцуулах, оролцохоо бид ярьж байгаад шийдсэн. Г.Анударийн маань хувьд сайн оролцсон. Ер нь анхнаас нь гадарлаж байсан гэх үү дээ. Хоёрт орно гэж өөрөө ч мэдэж байсан. Оролцох нь чухал байсан учраас оролцсон. Шулам гэж хэн бэ гэдгийг хүмүүст зөвөөр, үнэнээр нь таниулах шаардлагтай болоод л ороцсон.

Гадаад орны зөн билэгчдээс хэнийг илүүд үздэг вэ? Ираны хоёр зөн билэгч  гэхэд л олны гайхшралыг төрүүлж байсан. Ялангуяа Мехти...

-Тэгэхээр юу ч гэмээр юм бэ дээ.Тэдний хувьд тийм ч гойд биш. Харин өөр илүүд үздэг зөн билэгч бол бий. Хүмүүст гэрэл гэгээтэй зүйл хэлж ярьж өгдөг. Сайн сайхан руу хөтлөхийг зорьдог зөн билигчдийг хүндэтгэдэг. Мөн Ошог хүндэтгэдэг.  

-Уучлаарай саваагүй ч гэмээр нэг асуулт байна л даа. Яг одоо энэ өрөөнд сүнснүүд байна уу?

-Байна. Бид гурвыг тойроод 16 сүнс байна. Айх хэрэггүй шүү... Гэмгүй сүнснүүд... Миний  найзууд юм.

-Энгийн бид мэдэрч болох уу?

-Болно. Одоо хоёр нь гараад явчихлаа... Миний танихгүй хоёр сүнс орж ирж байна. Таныг таньдаг бололтой юм. “Миний хүү байна...” гээд байна. /нуруу, бие халуу оргих шиг болж өөрийн мэдэлгүй нулимс асгарч эхлэв.../ Ээж чинь бололтой. Эргээд явчихлаа. Харин бөгтөрдүү бор эмээ хэн бэ?

-Миний эмээ байх.

-Одоо танруу дөхөж байна. Битгий айгаарай гэнэ. Биед чинь хүрэх гэж байх шиг байна... Тайван суугаарай. Таны толгойд хүрээд, “миний ... яваа хүү” гэж хэлээд буцлаа. Танд юу мэдрэгдэв?

-Толгой хавьцаа сэрүү оргих шиг, хүн илэх шиг санагдлаа...

-Таны толгойг илж үнсчихээд буцлаа... /өөр олныг өгүүлсэн ч миний хувийн нууцад хамаарах тул үл нуршив. Тайвширч сэтгэл хөнгөрөх шиг боллоо./ Уг нь чамтай уулзуулж дүрийг нь харуулж болно л доо...

-Үгүй үгүй... Ярилцсанд баярлалаа

Ярилцсан Л.Ганзул

www.zindaa.mn


Top