Хэнтий аймаг дахь Олон нийтийн дэд зөвлөлийн ажлыг эхлүүллээ

2017 оны 11 сарын 01

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хэнтий аймаг дахь “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Х.Гонгор, Ц.Базаррагчаа, Ц.Чинзориг нартай аймгийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх нар “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн Х.Гонгор, Ц.Базаррагчаа, Ц.Чинзориг нар нь Хэнтий аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллана.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон бусад хууль, тогтоомжид заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих чиг үүрэг  бүхий “Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд”-ийг аймаг бүрт сонгон шалгаруулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top