Бүтэн өнчин 22 хүүхдэд тус бүрт нь хадгаламж нээж өгчээ

2017 оны 11 сарын 03

Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс зэрэг албан байгууллагууд хамтран тус сумын иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагаа болоод шинэчлэн гарсан хууль тогтоомжуудыг сурталчилах ажлын хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг 2 өдрийн хугацаанд зохион байгуулжээ. Тус өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагууд иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах, яриа таниулга хийх, зөвлөгөө өгөх, санал, хүсэлт, гомдол хүлээн авах талаар ойлголт мэдэгдэхүүн өгсөн байна.  

Өдөрлөгийн үйл ажиллагааны явцад, хуулийн байгууллагууд хамтарсан "Тусгай алба-2017” урлагийн тоглолтыг зохион байгуулж тоглолтын орлого болох 1.500.000 төгрөгийг "Бүтэн зүрх” хандивын аянд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бүртгэлтэй байдаг бүтэн өнчин 22 хүүхэд тус бүрт 50,000 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр нээлгэн, мөн хичээлийн хэрэгсэл худалдан авч өгсөн нь иргэдийн талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болжээ.

Өдөрлөгт тус суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчдын төлөөллөөс гадна нийт 500 гаруй иргэд оролцож хуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, яриа таниулгад хамрагдаж, үр дүнтэй ажил болж байгаа талаар өөрсдийн санал, дүгнэлтийг илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top