Тойм: Хориг хор болох вий

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

Өнгөрсөн долоо хоног улстөрийн хүрээнд дуулиантай байлаа. Мөн Отгонтэнгэрт хальсан уулчдынхаа дурсгалыг хүндэтгэж, Монголын Улсын Төсвийг хэлэлцэхээр болж, дэлхийн дэвжээнд Монголынхоо төрийн далбааг намируулсан тамирчид төрийн тэргүүнээс шагналаа гардсан нэгэн долоо хоног өнгөрөв.  

Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаараа үлдэв

Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Хүрэлбаатарыг томилсон шийдвэрт хориг тавьсан нь улстөрийн хүрээнд багагүй шүүмжлэл, маргаан дагууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар хүлээж авах боломжгүй гэж үзэв. Ингэснээр Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын албан тушаалдаа үлдэж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болсон юм. Ерөнхийлөгчийн хоригт гишүүд янз бүрийн байр сууринаас хандсан. Зарим нь огцруулах, хориглох аль нь болохыг ойлгохгүй байгаагаа ч  шуудхан хэлсэн юм.

Төсвийн тодотголд хориг тавилаа

Ерөнхийлөгчийн хориг Сангийн сайдаар хязгаарлагдсангүй. Тамгын газрын даргынх нь хэлсний дагуу төсвийн тодотголд дахин хориг тавилаа. Ингэхдээ хэсэгчилсэн юм. УИХ 2017 оны төсвийг тодотгохдоо бүх шатны шүүх, прокурор, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас доошхи бүх албан тушаалтанд нэг удаа 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Санхүүжилтэд нь зориулж 55 тэрбум төгрөг тусгасан байсан. Төсвийн тодотголд хориг тавьснаар ойрын хугацаанд санхүүжилт хийх боломжгүй болж байгаа юм. УИХ-аар 2018 оны төсвийг хэлэлцэх боломжтой.  Хуульүйн байнгын хорооныдарга Ш.Раднаасэд “Хориг хор болох вий” гэж байр сууиа илэрхийллээ.

“Гэрэгэ” бондын санхүүжилт оров

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг гэгээтэй харагдуулж буй зүйлийн нэг нь “Гэрэгэ” бонд. Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд 800 сая ам.долларын бондыг амжилттай босгосон мэдээлэл шинээрээ байна. “Гэрэгэ” бондын  400 сая ам.доллар арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Монголбанкны дансанд шилжиж оржээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилт болох 100 сая ам.доллар төв банкны дансанд ирсэн. Төв банкны валютын нөөц хоёр тэрбум ам доллар давсаныг бахархалтайгаар зарлаж буй. “Гэрэгэ” бондын 400 сая ам.доллараар  2018 оны нэгдүгээр сард төлөх Чингис бондын 500 сая ам.долларын өрийг  төлж байгаа гэсэн үг. Нэг удаа амсхийх чөлөөг Гэрэгэ бонд Засгийн газарт олгов.  

Д.Урианхай “Азийн тэргүүн найрагч”-аар өргөмжлөгдөв

Нэгэнтээ “Ийм төрөөс шагнал авахгүй” хэмээн хэлсэн соён гэгээрүүлэгч, Болор цомын эзэн  яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон баярт мэдээ олонд түгэлээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчид өрсөлджээ. Шүүлт, зохион байгуулалт, шагналын сангаараа дээгүүрт тооцогдох уг  шагналыг Монгол найрагч хүртсэн байна. Фран­цын нэрт эрдэмтэн судлаачдын багаас эрхлэн гаргадаг “Дэлхийн нэг шүлгийн ном”-д түүнийг шүлгээс сонгон оруулж байсан юм. Д.Урианхай найрагч Азид, Дэлхийд бүтээлээрээ үнэлэгдэж эхэллээ.    

 Д.Сумъяа Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний шигээ багийн жүдогийн тамирчин Д.Сумьяаг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан.  Тухайн үед Д.Сумъяа Их дуулгын тэмцээнд оролцож байсан учраас  өнгөрсөн долоо хоногт шагналаа гардаж авлаа.  2017 оны Дэлхийн аварга, Рио-2016 олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл, багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Мөн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Одбаяр Гавьяат тамирчин цол хүртсэнийг гардуулсан юм.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(59.153.113.182) 2017 оны 11 сарын 05

jenco zail

0  |  0
zochin(66.181.160.86) 2017 оны 11 сарын 05

zov gehdeebattulgaamongol hokkechid h

0  |  0
Dukachuka(122.201.21.193) 2017 оны 11 сарын 05

Zuv shu dee

0  |  0
Top