Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон тус аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг дээрх байгууллагуудын удирдлагаас батлан гаргасан 3336 шийдвэртэй танилцах явцад зарим зөрчил, дутагдлыг илрүүлжээ. Тухайлбал, Төрийн албаны тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин нэр бүхий 4 албан тушаалтан аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр давхар ажиллаж байна. Мөн төрийн жинхэнэ албаны болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй нийт 26 иргэнийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг /8/-ийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал /14/, цэцэрлэгийн эрхлэгч /4/-ээр тус тус томилжээ.
Аймгийн хэмжээнд 2016-2017 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны баримт материалтай танилцахад нийт худалдан авалтын 20 орчим хувьд нь тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл үйлдэж хавсаргаагүй байх бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д хамруулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй байв.
Ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Шарга, Баян-Уул, Жаргалан суманд 2017 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )