Г.Ганбаяр: Хятадад авлигачдыг нууц амрагаар нь урхидаж баривчлах арга ч бий

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

 

АВЛИГАЧДЫГ ЯЛАА, ҮНЭГ, БАР ГЭЖ АНГИЛААД  ТЭМЦЭЖ БАЙНА

 

Ийгл телевизийн Гадаад мэдээний тоймч Г.Ганбаяртай ярилцлаа.

-Манай урд хөрш авлигатай эрчимтэй тэмцэж байгаа. Энэ талаар эхлээд ярих уу? 

- БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян нарыг орчин үеийн Хятадын тав дахь үеийн  удирдагчид гэдэг.  2012 онд Си Зиньпин  Хятадын Коммунист намын их хурлаас  БНХАУ-ын даргаар сонгогдоод 2013 оны хавар ажлаа авсан. Өнгөрсөн долоо хоногт болсон тус намын их хурлаар дахин таван жил ажиллах эрхээ баталгаажууллаа. Си Зиньпин засгийн эрхэнд гарч ирээд авлигын эсрэг  өргөн хүрээтэй тэмцэнэ гэсэн. Тухайн үед барууныхан Хятад улс авлигатай тэмцэнэ гэдэгт эргэлзэнгүй, итгэхгүй маягтай хандаж байв.

-Хятад үндэстэн бэлэг сэлт өгдөг эртний уламжлалтай шүү дээ?

-Тийм. Эртнээс бэлэг сэлт өгдөг, солилцдог уламжлалтай гэмээр тэр нь бараг соёл болсон үндэстэн. Энэ хандлагыг хүртэл өөрчлөх гээд байна. Си Зиньпин намынхаа томоохон хурал, уулзалтууд дээр ярьдаг. Нэг тэрбум 380 сая гаруй хүн амтай том гүрнийг удирдаж байгаа цорын ганц Коммунист нам, намын гишүүд өөрсдөө ёс зүйтэй байж ард түмэндээ  үнэлэгдэнэ. Ард түмэн биднийг үнэлж, хүндэлж байгаа цагт л удирдаад явж чадна гэдэг. Коммунист нам 89 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том улстөрийн хүчин. Хүндлэлийн тухай ярьж байна. Энэ бүхний цаана ёсзүйгүй байдал авлигатай холбогддог юм шүү гэсэн утга агуулга  яваад байгаа юм. Коммунист намын гишүүд өөрсдөө гэмт хэрэгт, авлигад холбогддог, ёс зүйн алдаа гаргадаг байвал Хятадыг удирдахгүй. Тиймээс Коммунист нам цэвэрших, гишүүд нь ёс зүйтэй байх ёстой гэж үзсэн.

-Таван жилийн хугацаанд авлигатай хамгийн сайн тэмцсэн улсаар Хятад нэрлэгдэж байсан?

-Таван жилд Хятадын коммунист намын 1.4 сая гишүүнд  авлигын хэргээр ямар нэгэн ял, шийтгэл хүлээлгэсэн байдаг. Хятадын Коммунист намын  Сахилгын хяналтын төв комисс гэж бий. Манайхаар авлигатай тэмцэх газар юм уу даа.

-Хятадууд авлигачдаа ангилаад нэрлэчихсэн тухай Та ярьдаг шүү дээ?

-Тийм. Том авлигачдаа “бар” гэдэг. Барыг бөөнөөрөө нийлж барьж аваад торонд хийчихнэ. Торонд байгаа бар аюулгүй. Нийгэмд хор учруулахгүй. Авлига авсан тосгоны дарга, жижиг түшмэдүүдийг  “ялаа” гэж нэрлэсэн. Ялааг бол сонин хуйлж байгаад цохиод алчихна. Авлига, мөнгө завшаад гадаад руу зугтаасан нөхдийг “үнэг” гэж нэрлээд байгаа юм. Зальжин гэдэг утгаар байх. Авлигатай тэмцэх тэмцлээ дээрээс эхэлж 5-6 “Бар” барьсан л даа. Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, улстөрийн товчооны гишүүн гэх мэт том албан тушаалтнууд байсан.  

Зөвхөн  барьж, хорьж тэмцлээ хязгаарлахгүй байна. Сахилга бат, ёсзүй давхар яригдаж хэрэгжээд явдаг. Авлигын гэмт хэрэгтнүүдийн шүүхийн танхимд өгсөн мэдүүлгүүд, хэргээ хүлээж уйлж, гэмшиж байгаа зэргийг нь баримтжуулж цуврал баримтат кино хийж олон нийтэд үзүүлж, нийгэмд жигшүүлж байна. Барууны хэвлэл мэдээлэлд авлигын эсрэг тэмцлийнхээ талаар мэдээлэл өгч байна. Одоо  барууныхан Хятадын авлигатай хийж байгаа тэмцлийг хүлээн зөвшөөрөөд эхэлчихлээ. 

 

ХЯТАДАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГОЛЬФ, МӨРИЙТЭЙ ТОГЛОХЫГ ХОРИГЛОСОН

-Авлигад өндөр албан тушаалтнууд холбогддог гэсэн ойлголт түгээмэл?

-2000-аад оны эхнээс авлига гэдэг үгийг манайхан эрчимтэй  хэрэглэсэн байх.Авлига, албан тушаалын хэрэгт зөвхөн өндөр албан тушаалтнууд холбогддог байсан бол одоо хамрах хүрээ өргөжсөн. Өмсөх зүүх, тоглож наадах, идэж, уух хүртэл “авлига”-аар илэрхийлэгдэх хэмжээнд оччихлоо.

-Хятадууд төрийн албан хаагчид, намын гишүүддээ авилгатай холбоотойгоор янз бүрийн хориг тавиад байх шиг байна?

-Намын гишүүн, төрийн албан хаагч гольф тоглохыг хориглосон. Макаод очиж мөрийтэй тоглож болохгүй. Брэндийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй, оршуулга, баяр ёслол, хурим, байрны угаалгад  зориулж мөнгө авах, хураахыг хориглолоо. Ийм цогц арга хэмжээнүүд авч байна.

-Энэ бүхний цаана нам, төр засгийн удирдлагууд нэр хүндтэй байх тухай агуулга хадгалагдсаар?

-Си Зиньпин хэлсэн. Намын гишүүд, төрийн удирдлага өөрсдөө ёс зүйтэй байж ард түмэндээ хүндлэгдэнэ. Ард түмнээ араасаа дагуулна гэдэг. Ёс зүйгүй байвал биднийг ард түмэн хүндэтгэхгүй гэж үздэг. Хятадад ард түмний хүндлэл байхгүй бол дотоод тогтвортой байдал нь  аюултай нөхцөлд хүрэх эрсдэлтэй. Сахилга баттай, ёс зүйтэй байя гэснийг нь барууныхан хүлээн зөвшөөрлөө.

-Монголчуудад ч хамаатай гэмээр зүйл байна даа?

-Эсрэгээрээ бид нар ч бодох ёстой асуудал. Манай улстөрийн намууд ямархуу байр байдалтай байгаа билээ. Улстөрчид ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээхээр үйл ажиллагаа явуулж байна уу. Парламентынхаа танхимд нэгнийхээ мөнгө завшсаныг ил тод зарладаг болсон. Бодууштай зүйл байгаа юм. Барууныхны авлигын зэрэглэл гаргасан судалгаагаар Монгол Улс авлигаараа Хятадын хойно орж байна. Барууныхан Монголыг, Хятадыг хэрхэн харж байна вэ гэдэг эндээс тодорхой байгаа.

-Хятад улс Интерпол буюу  олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад санхүүгийн болон техник технологийн дэмжлэг үзүүлнэ гэж амалсан. Цаагуураа авлигачдаа баривчлахыг лоббидож байгаа гэсэн үг үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. 2015 онд Хятад улс авлига аваад гадаад руу зугтсан “үнэг”-нүүд  болох 100 хүний нэрсийн жагсаалт гаргасан юм. Хохирол ихтэй, эзэн холбогдогч олонтой хэргүүд гэсэн үг. Интерполын хар дансанд  орсон нөхөд. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 100-гаас 47 хүнийг баривчилсан. Зарим нь өөрсдөө ирсэн. Интерполоор, гадаадын Элчин сайдын яамдаараа дамжуулж,  тусгай төлөөлөгч явуулах зэрэг олон сувгаар авлигачдаа авчраад байгаа юм. Нийтдээ 1600 хүн баривчилсан талаар  Синьхуа агентлаг албан ёсны мэдээ тавьсан.

-Олон улсад Хятадын оролцоо энэ хэрээрээ  нөлөөтэй болж эхэллээ?

- ОХУ, АНУ-тай харьцуулахад Хятад гадагшаа дайн байлдаан хийгээд байдаггүй улс. Эдийн засгийн бодлогоо тэлж байна. Даосын эдийн засгийн форумд Си Зиньпин очоод даяарчлал утгаа алдаагүй “Нэг бүс-Нэг зам” төслийг хэрэгжүүлнэ, Хятад улс манлайлна гэчихлээ. Гадагшаа хандсан бодлого явуулаад эхэллээ. Нөгөө талд Доналд Трамп буюу АНУ дотогшоо хандсан бодлого явуулж байна. Энэ хоёр улсын байр солигдсон. Энэ долоо хоногийн сүүлчээр Трампын Хятадад хийх айлчлал анхаарал татаж байгаа. Интерполыг дэмжсэнээр Хятад улс өөрийгөө харуулж байна.

СОЛОНГОСТ 30 МЯНГАН ВОНЫ ХУУЛЬ ГАРСАН

 -Өмнөд Солонгост Ерөнхийлөгч нь  авлигын хэргээр  хоригдлоо. Монголчууд яагаад  ингэж жагсч тэмцэж чаддаггүй юм бэ?

-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцорсон шалтгааныг барууныхан ч солонгосчууд ч Солонгосын улстөр, үндэсний компаниудын хоорондын нягт холбоотой холбон тайлбарлаж байна. Энэ холбоосны дотор, цаана юу нуугдаад байгааг ард түмэн мэдэх цаг болсон гэсэн. Үйл явдлын өрнөл ойлгомжтой. Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх, найз нь Солонгосын соёл, урлагийг дэмж гэж үндэсний компаниудаасаа мөнгө аваад өөрийн үүсгэн байгуулсан спортын сангаараа дамжуулаад хэрэглэчихсэн хэрэг.

-Ерөнхийлөгч асныг нөлөөлсөн гэж үзсэн шүү дээ?

-Ерөнхийлөгч хувийн том корпорацид, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад  шахалт үзүүлсэн болж таарсан. Самсунгын захирал мэдүүлэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд бидэн дээр ирээд хүсэлт тавихад татгалзах аргагүй байдаг гэж ярьсан.

-Ёс зүйн алдаа юу?

-Ерөнхийлөгч Пак Гын Хэ найзыгаа албан бус зөвлөхөөр авсан. Өнөөх нь Ерөнхийлөгчийн ордон болох Хөх Ордоны хамгаалалтын бүсээр чөлөөтэй нэвтэрдэг, албан ёсны илтгэлийнх нь үгийг хүртэл бичиж өгдөг байж таарсан. Ерөнхийлөгч хүн бусдад жирийн  бизнес эрхлэгчдэд  шахалт, дарамт үзүүлнэ, нөлөөлнө гэдэг нь авлигын нэг хэлбэр болж байгаа юм.

-Өмнөд Солонгост 30 мянган воны хууль гарсан талаар тодруулна уу?

-Боловсролын салбарын ажилтнууд, сургуулийн захирал, багш нар 30 мянган вонноос илүү мөнгөөр хоол идэх буюу дайлуулбал авлигад өртөх эрсдэл үүссэн, сэжигтэн гэж үзэх жишээтэй. Солонгост 5000-10000 вон-оор боломжийн хэмжээнд хоол идчихнэ гэдгийг та бүхэн мэдэх байх. Харин 30 мянган вонын хоол гэхээрээ авлигын шинжтэй болоод  явчих нь ээ. Дайлуулна гэдэг  цаанаа шалтаан бий гэсэн үг.

 

БРАЗИЛ, ХЯТАДАД ПРОКУРОР ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ХҮНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ

- Латин Америкийн Бразил улсад  бас авлигатай тэмцээд Ерөнхийлөгчөө хүртэл буруутгаж байна?

-Авлигын эсрэг “Машин угаалга” гэдэг ажиллагаа явуулаад 2-3 жил болсон. Латин Америкийн газрын тосны асартом корпароци Бразил улсад бий. Төрийн өмчийнх. Төрийн өндөр албан тушаалтнууд хувийн компаниас мөнгө авч, тендер зардаг байсан. Энэ сүлжээг Бразилийн прокурор илрүүлсэн. Бразилийн хоёр Ерөнхийлөгч авлигын хэрэгт холбогдож нэг нь огцорсон бол нөгөөх нь шалгагдаж байна. Одоогийн Ерөнхийлөгчийг ч авлигын хэргээр шалгах гээд үзэж байна. Прокурорууд нь асар их шахалт, дарамттай ажилладаг. Төрийн өмчийн, төрийн мэдлийн компани хяналтгүй, авлига их  байдгийг л харуулаад байна. Намын албан тушаалтнууд л төрийн компанид удирдах албан тушаалд очиж таарна шүү дээ.

-Бразил, Хятад улсад  авлигатай тэмцсэн ижилхэн арга барил байна уу?

-Бий. Авлигын хэрэгтнүүдийг прокурор нь шалгана. Олон хүн холбогдсон учраас хүнд ял авах нь тодорхой. Тэгэнгүүт сэжигтэнтэй тохиролцоо хийдэг. Хамтарч ажиллаж, хамсаатнуудаа илчилбэл ялыг нь хөнгөлнө гэдэг. Прокуроруудтай хамтарч ажиллаж, бусдыгаа илрүүлснээр ял хөнгөрч 20 жил шоронд хоригдох байсан бол 5, 10 жил болж хөнгөрнө. Бразил, Хятадын шоронд хоригдоно гэдэг хүсэх зүйл биш байх.  

-Хятадад авлигачдыг илрүүлэхэд нарийн арга хэрэглэдэг гэж байсан?

-Хятадууд авлига авсан том дарга нарыг нууц амрагаар нь дамжуулж баривчлах арга  хэрэглэдэг. Эхэлж нууц амрагийг нь баривчилж мэдүүлэг авна. Бүх зүйлийг нь яриулж, мэдээлэл баримт цуглуулаад баривчилна. Барууны улс орнуудад гэрчийг хамгаалах хөтөлбөр байдгийг та бүхэн мэднэ дээ. Гэрчийн амь насыг  хамгаалснаар бүр илүү, шинэ мэдээллүүд олж авна.  Авлига, албан тушаалын гэмт хэрэг илрүүлэхэд хэцүү. Дарамт шахалт ихтэй.

-Дундад Ази руу ороё.Саудын Арабын хунтайж авлигын хэргээр 11 хунтайжийг  баривчилсан. Баривчлагаа өргөжих бололтой?

-Хоёр гуравхан хоногийн өмнөөс Саудын Арабын авлигын сүлжээ олон нийтэд ил болж эхэллээ. Саудын Арабын хунтайж Мохаммед Бин Салман 1985 ондтөрсөн 32 настай. Өөрийгөө хааны угсаа залгамжлагч гэдгийг маш хүчтэй илэрхийлж байна. Арабын хаад олон эхнэрийн олон хүүхэдтэй байдаг учраас Саудын Араб улсад угсаа залгамжлах боломжтой хунтайж олон. Энэ хунтайж залуу хүн болохоор эрч хүчтэй шинэчлэл хийж байна.  Саудын Арабад ирэх жилээс эмэгтэй хүн машин жолоодох эрхтэй боллоо. Ийм шинэчлэлүүдээс гадна хааныгэр бүлийн болон улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэргийг илрүүлж эхэллээ. 40 гаруй хүн баривчлагдсанаас 11 нь хааны гэр бүлийн хунтайж нар. Дөрөв нь одоогийн Засгийн газрын сайд, 20 гаруй нь өмнөх Засгийн газрын үед сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс. Одоогийн эзэн хаан Салман 80 нас гарсан учраас залуу хунтайж эрх мэдлээ одооноос баталгаажуулж, цэвэрлэгээ хийж байж магадгүй гэсэн таамаг ч бий. Саудын Араб асар баян орон. Гадаад баялгийн сангийн хөрөнгө нь нэг их наяд ам.доллар давсан. Хаана их мөнгө, эрх мэдэл байна тэндээс авлига үнэртээд байдаг.

-Гадаадын улс орнууд авлигатай ингэж тэмцээд байна. Та цөөнгүй орны жишээ татаж ярилаа. Манайд АТГ байна. Авлигатай тэмцэхгүй гэж хэлдэг улстөрч алга. Гэтэл...?

-Зарим хүн монголын ардчилал болоогүй байна гэдэгтэй би санал нийлдэггүй. Манай улстай адилхан ЗХУ-ын нөлөөнд байсан орнуудаас гайхалтай хөгжсөн нь бий. Тэгэхээр цаг  хугацаандаа биш. Авлигатай тэмцэх зоригтой, ард түмнийхээ дэмжлэгийг авсан удирдагч, эсвэл удирдлагын баг шаардлагатай гэж харагддаг. Авлига, албан тушаалын хэрэгтэй нэг хүн тэмцээд амжилтад хүрэхгүй. Шинэчлэлийг зоригтой хийж төрийг ёс зүйтэй, сахилга баттай болгох ёстой. Улстөрчдийн эр зоригоос их зүйл шалтгаална. Өнөөдрийнх шиг найзан дундаа яваад байвал дахиад 20 жил болоход манай улс авлигаас ангижраагүй л байна.

-Манай улс авлигатай яаж тэмцээд байна вэ. Хувь хүний байр сууринаас хариулна уу?

-Авлигатай тэмцэх газар байгуулагдаад бараг 10 жил болсон. Энэ байгууллагаас тайлан гарах байх л даа. Олон улсаас гаргасан авлигын зэрэглэлээрээ Хятадын дараа орно гэдэг сайн зүйл биш. Авлигын эсрэг нийтээрээ тэмцдэг юм байна. Ард түмэнд авлигын тухай мэдээлэл өгч байхгүй бол дөжирдөг  бололтой. Би монголчуудаа авлига ярьсаар байгаад дөжирчихжээ  гэж хардаг.Нэг улстөрч хэвлэлийн бага хурал зарлаад баахан ярьдаг. Нөгөө талаас бас нэг улстөрч гарч ирээд бүр гоё итгэл, үнэмшилтэй ярьдаг. Хэн нь үнэн, худлаа яриад байгаа талаар АТГ, хуулийн байгууллага мэдээлэл өгдөггүй. Авлига байна гэж ярьдаг. Үүнийг шүүх байгууллага шалгадаг, нотолдог байх ёстой. Нэгнийгээ авлига авсан гэж хэлэхэд үндэслэлтэй гэж үзэхгүй, шалгахгүй байна шүү дээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sain .(66.181.185.66) 2017 оны 11 сарын 13

Margaadh dahiad sain unshina aa.,sonirholtoi baina.medlegtei,chadvarlag toimch shu.EAGLIiin ene zaluu togtuuhan tsaanaa l neg buuritai harsan hun taivshirmaar sain zaluu sanagddag

0  |  0
od(112.72.8.98) 2017 оны 11 сарын 13

Medeeg shalgaad l vnen xydliig togtoodog.shalgaxgvi b.gaa ni ix nootoi

0  |  0
obro(150.129.140.111) 2017 оны 11 сарын 11

Manaid abilgatai temcex zorigtoi es zvitei udirdagch bxgvi uchir n ted bvgd abilga ashiglajerx medel alban tushaald xvrcgeesen

0  |  0
Зочин(202.70.46.238) 2017 оны 11 сарын 10

Бид яагаад ядуу байгаад байгаагийн учир нь авилгал шүү дээ.

0  |  0
zochin(185.39.141.22) 2017 оны 11 сарын 09

boov oyunaagiin japan taund zalarsaniig tailbarluulah hvn bn uu ????? . gidhvvnii tsalingaasaa tatgalzaad .tegsen hernee boov chihej .ulsuud . yu bolood bn

0  |  0
Үнэн(27.123.214.82) 2017 оны 11 сарын 09

AТГ АВИЛГАЧДЫГ ТЭЖЭЭДЭГ ГАЗАР

0  |  0
зочин(122.201.21.193) 2017 оны 11 сарын 08

Манайд бол нууц амрагийнхаа компанитай гэрээ байгуулаад канон, компьютерээ авдаг төрийн байгууллага байдаг юм биш үү. Тэгэхээр төрийн байгууллагуудын гэрээ ба гүйлгээг сайн судлах хэрэгтэй. Ер нь нутаг усныхаа компанийг дэмжих хандлагатай байгаа. Тэгээд хамт мөнгөө хувааж авах эсвэл гадаадад уулзаж зугаалдаг зэрэг. Ийм байж сайтуудад ухаалаг юм яриад л, өөрийгөө рекламдаад л гэгээн хүн гэх аястай шүү

0  |  0
zochin(185.39.141.22) 2017 оны 11 сарын 08

mynganbayriig . purevsvren .ariuntsetseg geh ynhnuudaar ni . shalga . ard tvmnii alt uhaj . tednii . amand hiisen . . purevsvrengiin . amidarch bui baishin . uaj avsaniig .ni . tailbarluul

0  |  0
zochin(202.9.41.140) 2017 оны 11 сарын 08

manaid suljee bolood, mafiin hev mayagtai bolchihson, hud urag bololtsood MANAN uuschihsen uchraas hetsu bgan, ug n ih engiin oilgomjtoi zuil sh de, hen turuus terbumtan bolj turj bga, hen gazriin naimaa hiisen bolon hiij bga, hen turiin umchiin kompanid ajillaj bga, hen shaha hiij bga bugd shahuu nudend il, gantshan huuli prokuror, ATG zereg n bugd neg tal, hamtran zutgegch, karmand n orchihson bolohoor yaj ch chadahgui gululzuud bgan, jiriin engiin irgedde hargis hatuu, archaagui turtei ard tumen archaagui l bn, huchtei, zorigtoigoor sistemeer n uurchluh heregtei, hulchgar bnaa manaihan

0  |  0
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
Tsagdaa(97.126.30.64) 2017 оны 11 сарын 08

Manai avilgsch nar bugd todorhoishdee. Shuuh procuror tsagdaa uih

0  |  0
trtr(66.181.178.63) 2017 оны 11 сарын 08

ted uursduu avliga avdag bolood ajilaa hiihgui baigaa biz.

0  |  0
Zochin(122.201.22.42) 2017 оны 11 сарын 08

Eagliin ene uls turiin toimch mundag zaluu shu. Amjilt husie.

0  |  0
иргэн(202.179.27.207) 2017 оны 11 сарын 08

Манайд жижиг гаруудаар туг тахидаг.Акулууд ард нь суугаад өнгөрдөг.

0  |  0
0202(103.194.176.101) 2017 оны 11 сарын 08

Манайх яг эсэргээрээ.Эрх мэдэлтнүүд нь л гольф,казино тоглож үнэтэй машин унаж бренд бүхнийг өмсдөг.

0  |  0
АТГ бүрэн соль(66.181.184.72) 2017 оны 11 сарын 08

Баттулга ерөнхийлөгчөө дэмж тэр ганцаараа тэмцэх гээд ард түмнээсээ дэмжлэг харж байгаа. Юуны өмнө авилгалын сүлжээтэй холбогдсон АТГ удирдлагууд, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг зоригтой халж шинэ улс төрд бохирдоогүй хүмүүсээр солих хэрэгтэй байгаа юм үүнийг УИХ-д байгаа МАН-ын гишүүд эсэргүүцэнэ. Энэ үед л ард түмэн Ерөнхийлөгчийнхөө талд хатуу зогсох ёстой. АТГ чинь ажлаа ч мэдэхгүй эргүүтсэн шүү дээ. Баянхонгорт сумын засаг дарга дээд боловсролгүй ч гэх зөрчил илэрүүлсэн гэж байх шиг энэ чинь Төрийн албаны зөвлөийн ажил шүү дээ хахаха өөрсдөө боловсролгүйгээ л харуулж байгаа юм

0  |  0
бат(202.9.41.62) 2017 оны 11 сарын 08

АТГ 8 сард баянхонгор аймгийн нэг сумын засаг дарга дээд боловсролгүй, бас нэг яамны газрын дарга нэг аймгийн итх-ын гишүүн байсан 2 хэрэг илэрүүлсэн шүү

0  |  0
иргэн(202.179.27.207) 2017 оны 11 сарын 08

Яг гол авилгалчид нь өөрсдийгөө хамгаалсан хууль гаргачихаад сууж байхад хуулийнхан яаж ч чадахгүй шүү дээ.Манай АТГ нэрнээс цаашгүй байгуулга болсон.Нэрээ соливол таарна.

0  |  0
ламбаа(182.160.36.173) 2017 оны 11 сарын 08

авилга ярьсан элбэгдорж өөрөө хамгийн шуналтай авилгач гэдгээ өөрөө илчилсэн. эрдэнэтийн 49 жастин капла ...................................................

0  |  0
Top