Зочид буудлаас үүсэлтэй ЗОДООН

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

 

 ХХII их хурлын өмнөх дуулиан  

МҮЭХ-ны ХХII их хурал өнөөдөр эхэлж байна. Сүүлийн хоёр сар орчмын хугацаанд тус байгууллагыг тойрсон үнэн, худал нь үл мэдэгдэх дуулиан тасрахгүй байсаар Их хурал нь эхэллээ. Их хурлын гол үйл явдал дараагийн дөрвөн  жилд 230 мянган гишүүнтэй, хөдөлмөрчдийн төлөөлөл болж УИХ, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний  ард суудаг төрийн бус цор ганц том байгууллагыг хэн удирдах вэ гэдэг асуултын хариулт юм. Одоогийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,  Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны харьяа Үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гэрэлмаа нар өрсөлдөж байгаа. Их хурлын 285 гишүүн нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил хэнээр удирдуулахаа шийдэх аж. Гол өрсөлдөөн Х.Амгаланбаатар, Б.Мягмар нарын хооронд болно гэж таамаглаж байгаа юм. Гэтэл албан тушаалаа удирдлагууд нь ашиглаж хөрөнгө мөнгө завшсан мэдээллийг дотроосоо тарааж дуулиан тарив.

Ерөнхийлөгчийн  өрсөлдөөний цаана нам бий юу?   

Төрийн бус байгууллагын тэргүүн болохын тулд  хамт нэг тогооноос “хооллодог” эрхмүүд нэгийгээ хараар будахын цаад учир  шалтгаан юу вэ. Эл сэжүүрийг нягтлан бодогч Б.Гэрэлмаа олон нийтэд ил болгосноор дуулиан дэгдсэн. Байгууллагын орлого, зарлагыг гадарладаг хүний хувьд нягтлан бодогоч ор хоосон зүйл хэлээгүй л болов уу. Х.Амгаланбаатар “Их хурлын өмнө ийм зүйл гардаг”. Бараг л ийм “заншилтай” юм гэдэг.

Өрсөлдөгчид нэгнийгээ хардсаар. Хардсанаа ч бас нууж байгаа ч даравч далдайж булавч бултайхын үлгэрээр олонд ил болсоор. Хөрөнгө мөнгө завшсан, сүүлдээ рейтингийн судалгаа гаргаад Амгаланбаатарыгаа хамгийн сүүлд оруулчих жишээтэй. Хэн, хэрхэн явуулсан судалгаа нь тодорхойгүй. Холион бантан гэдэг л болж, энэ байгууллагын удирдлагад.  Б.Мягмарын цаана улстөрийн намынхан байгаа гэсэн хардлага гарсан. Энэ байгууллагын удирдлагыг  Баасанхүү гишүүн АТГ-т өгөөд байснаас үүдэлтэй хардлага ч байж болох юм.

 МҮЭХ ямар хөрөнгөтэй вэ?

36 салбар Хороотой эл байгууллага 230 мянган гишүүнээсээ гишүүнчлэлийн нэг хувийн татвар авахад жилдээ 100 сая төгрөг болдог байна.  Амгаланбаатар ерөнхийлөгч нь санхүүгийн асуудал, өмчлөл,  хөрөнгийн тухай мэдэхгүй, ярихгүй гэдэг. Санхүүгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч л мэддэг гэх тайлбарыг удаа дараа өгсөн. Нягтлан бодогч Гэрэлмаагийн  хэвлэлд өгсөн ярилцлагуудаас харахад малтай, хөрөнгөтэй байгаад “бараад” дууссан модоо барихад хүрсэн бололтой. Одоо албан ёсоор МҮЭХ-ны  мэдэлд МҮЭСТО байна. Хошин шогийнхон голчлон тоглолт зохион байгуулдаг эртний түүхтэй энэ ордон МҮЭХ-нд 300 сая төгрөгийн орлого жилд оруулдаг нь хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг байгууллагад тооцогдох аж. Сонгинын амралт гэж бий. Ахмадуудаа, үйлдвэрчний гишүүдээ амраах гээд үйлчилгээний чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг учраас бэлэн мөнгөөр орлого оруулдаггүй гэсэн. Хөдөлмөрийн дээд сургууль өөрийгөө  л болгодог. МҮЭХ-ндоо илүүчлэх чадал байхгүй гэв. Бусад гэсэн ангилалаас 30-40 сая төгрөг жилд төвлөрдөг байна.  Холбооны дансанд жилдээ дунджаар  тэрбум 300 сая төгрөгийн орлого, зарлага эргэлддэгээс 250-400 сая төгрөгийн алдагдалтай. Гишүүд нь татвараа бүрэн гүйцэд төлөхгүй, зарим байгууллагын өр төлбөр гээд багагүй л зовлонтой юм шиг. Холбооны Ерөнхийлөгч нь сард 930 мянга, дэд ерөнхийлөгч нь 900 мянган төгрөгийн цалинтай ийм нэгэн төрийн бус том байгууллагын ээлжит их хурал үргэлжилж байна.  АСЕМ-ын үеэр хувийнхны дэмжлэгээр “Альфа” гэдэг гурван одтой зочид буудалтай болсон нь Ерөнхийлөгчөө олон нийтэд “ОД” болгоод эхэлчихэж. Энэ буудалд зориулж “Эрдэнэт” хивсний үйлдвэрээс  180 сая төгрөгөөр хивс авснаа дэд ерөнхийлөгч нь хүлээн зөвшөөрч байсан. Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихийн хувьд дэмжжээ. Бас 150 саяын тавилга ч авсан гэсэн. Тэдний ярианаас  “Альфа” зочид буудлыг хэрхэн ашиглахаас л хагарал нь үүсчихсэн бололтой гэж ойлгогдоно. Дэд ерөнхийлөгч нь нягтлан бодогч Гэрэлмаа нар Альфа зочид буудлыг таван тэрбумаар тохижуулна. 15 хувийг нь авч үлдэе” гэж шахдаг байсан хэмээснээс ч ийм хардлагад хүрч болохоор байгаа юм.

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
Top