Нөөц хөрөнгөө эндүүрч зарцуулдаг Засаг “НОЁД”
Дэлхий нийтийг хамаарсан дулаарал, байгалийн гамшиг болон хувирсаар байгаа. Улс орон бүр гамшигт бэлэн байх.Үгүй ядаж эхний удаа зарцуулах хөрөнгө мөнгөний бага боловч нөөцтэй байдаг. Манай улсын Засгийн газарт нөөц хөрөнгө гэж бий. Гамшиг осол, зуд, гал түймэр. Ийм үед л зарцуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг. Аймгуудын Засаг дарга нар ч ялгаагүй. Хүн амын бараг тал нь амьдардаг нийслэлийн Улаанбаатар хот том, жижиг нийлсэн есөн дүүрэгтэй. Есөн Засаг НОЁНТОЙ. Тэд өөр, өөр намынх ч гэлээ адилхан зүйл нэг байна. Хуулийн дагуу зарцуулах мөнгийг хууль бусаар зарцуулдаг ГЭМТЭЙ. Тэд Авлигатай тэмцэх газрын шалгалтад гайхалтай сайхнаар зэрэг бүдэрчээ. Засаг дарга нар төсвийнхөө 30 хувийг нөөцөд үлдээдэг. Үүнийгээ байгалийн гамшиг болон техникийн холбогдолтой томоохон осол гарч тухайн аймаг, дүүрэг, суманд хохирол гарвал түүнийг арилгахад зориулах журамтай. Багадаа 400-500 сая төгрөг. Хагас тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулаад байвал юу болох вэ.
Эх нь булингартай бол адаг нь булингартай
Иргэдэд гай зовлон учруулсан гамшиг, ослын хохирлыг арилгахад зориулах ёстой хөрөнгийг зарим Засаг дарга найр наадам, уралдаан тэмцээн, шагнал, урамшуулалд хувиасаа өгч байгаа мэт тараасныг авлигатай тэмцэгчид илрүүлжээ.
Энэ аргыг хотын дарга С.Батболд нь заагаад өгчихсөн гэмээр. Үнэндээ бол есөн дүүргийн Засаг даргыг улаанбаатарчууд бүү хэл дүүргийнх нь иргэд танихгүй шахам байгаа нь үнэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд есөн хүнийг ажлаас нь халж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж нийт 74.6 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөсөө гаргажээ. Ингээд цаашаа жагсаалт хөвөрчээ.
-Багахангай дүүрэг, “Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 4.6 сая төгрөг, “Санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шагнахад 5.1 сая төгрөг,
-Баянзүрх дүүрэг, Волейболын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулахад 1.7 сая төгрөг, Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулахад 27.3 сая төгрөг,
-Чингэлтэй дүүрэг, Шагнал, урамшуулалд 132 сая төгрөг,
-Налайх дүүрэг, буцалтгүй тусламжид 2015 онд 1.9 сая төгрөг,2016 онд найман сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд найман сая төгрөг, Уралдаан тэмцээнд 2015 онд 59.4 сая төгрөг, 2016 онд 40 сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд долоон сая төгрөг,баяр наадамд 2016 онд 26.7 сая төгрөг,2017 оны нэгдүгээр улиралд 2.6 сая төгрөг
-Сүхбаатар дүүрэг, 2015 онд Одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэхэд 18.7 сая төгрөг, 2016 онд 32 сая төгрөг, 2017 онд 69.2 сая төгрөг
Ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд 2016 онд 75.3 сая төгрөг, 2017 онд 121.9 сая төгрөг, Цагаан сараар, 84.5 сая төгрөг
-Сонгинохайрхан дүүрэг, Шагналд 2015 онд 9.9 сая төгрөг, Тэмцээн уралдаан, наадам, туршлага солилцох аялалд 2016 онд 18.6 сая төгрөг, Хүндэтгэл үзүүлэх, баяр тэмдэглэх, мэндчилгээ хүргэхэд 25.3 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Эх нь булингартай бол адаг нь булингартайн үлгэрийг Улаанбаатар хотын удирдлага, есөн дүүргийн Засаг дарга нь үйлдлээрээ өгүүлэв. Харин Баянгол дүүрэгт төр, захиргааны байгууллага нь орон нутгийн өмчит газруудыг олноор үйлдвэрлэжээ. Хуулиар зөвшөөрөгдсөн учраас энэ гэнэ. “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”, “Баянгол Агропарк” нь 11-12 хүний орон тоотой байтал дарга, дэд дарга гэсэн хоёрхон орон тоотой байхаар бүтэцтэй баталсаныг АТГ-ын илрүүлжээ. Ихэнх орон нутгийн өмчит байгууллагын хувьд алдагдалтай ажиллаж байгаад дүгнэлт хийх шаардлагатайг аАТГ-аас анхааруулжээ. Төрийн өмчийн компаниудын багасгасан хувилбар юм уу даа.
Засаг дарга нар хууль, журмын цоорхой ашигладаг уу?
Тийм гэсэн хариулт гарахаар байна. Засаг дарга нар хуулиа, нөөц хөрөнгийг хэрхэн, юунд зарцуулахыг хэн хүнээс илүү мэдэж байгаа. Онцгой байдлын үеэр зарцуулах мөнгийг шагнал, урамшуулал, баяр цэнгэлд тараахад шалтгаан байх ёстой.
Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.3-т “энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана” гэсэн заалт бий. Үүнийг л Засаг ноёд хэлэлцсэн мэт зөрчжээ. Мэдэхгүй, санамсаргүй зөрсөн гэвэл худлаа. Нөөц хөрөнгөөсөө иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр гэр аваарай гээд өгдөг дүүргийн Засаг дарга ч бийг сайн мэдэх юм. Зарим иргэн нь амтшсан хэрээ 13 дахихын үлгэрээр жил бүр өргөдөл өгдөг байх жишээтэй. Засаг даргын нөөц хөрөнгийг иймэрхүү байдлаар Тунгалаг тамир киноны Итгэлт баян “Эвийг нь олоод сэмхэн гулгуулаад байдаг хэрэг ээ хө” гэдэг шиг л аашилж зарцуулдаг юм.
Авлигатай тэмцэх газар Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т заасан “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг цаашид нарийвчлан тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэх, өөрчлөн засах шаардлагатай гэж үзжээ. Зөв гаргалгаа. Эс бөгөөс Засаг ноёд энэ ганцхан өгүүлбэр дээр улстөрийн тоглолт хийж нөөц хөрөнгийг гамшигт биш гавьяа байгуулсан мэт найр наадам, уралдаан, тэмцээнд урсгаж, иргэндээ хувиасаа өгч байгаа юм бэлэглэсээр байх болно. Тэд үүнийгээ мэдэхтэйгээ хүмүүс. Засаг дарга нар журмын энэ хэсгийг “ашиглаж” хууль бусаар нөөц хөрөнгийг зарцуулдаг байна. Тэд НИТХ-д дүүргийнхээ иргэдийг төлөөлдөг Төлөөлөгч нар шүү дээ. Дараагийн сонгуулиа бодож байхыг ч үгүйсгэхгүй. Зориулалтын мөнгө зориулалтаараа л зарцуулагдах учиртайсан. Татвар төлөгчийн төлсөн нэг төгрөгийг ч хууль бусаар зарцуулахад хайран баймаар.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
Meregchid olon bolloo