"Зиндаа" сэтгүүлийн хоймор "Эрхэм зиндаа" буланд Монгол улсын тод манлай уяач, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар уригдан оролцож байна.
Чингисийн удмын морьтон монголчуудын бахархал болсон онцлох үйл явдал гэвэл таны хүлэг морь дэлхийн аваргад түрүүлсэн онцгой баярт мөч. Монгол түмнийхээ бахархал хүндэтгэлийг хүлээсэн эрхэм таныг уншигчидтайгаа уулзуулъя хэмээн бид зорилоо. Монгол ёс байна, удам судрыг тань асууж ярилцлагаа эхэлье. Ингэхэд таны дээд удамд уяачид байдаг уу?
Аав, ээжийн талын аль алинд нь сайн уяач нар бий.
Тийм учраас л дэлхийд монгол уяачийн нэрийг дуурсгаад явж байгаа юм байна шүү дээ, та чинь?
Манай хоёр талын өвөө, мөн дээд үедээ ч уяач нар байсан гэдэг. Удам судар байгаа учраас л тэр нь бидний үед үргэлжлээд явж байгаа гэж ойлгодог. Дэлхийд морь түрүүлүүлнэ гэдэг бол миний хувьд том мөрөөдөл байлаа. Мөрөөдөл маань биелж монголчуудаа баярлуулж бахдуулаад, огшоогоод ямар сайхан үйл явдал болов. Тав арван жилийн өмнө намайг энэ тухай ярихад улсууд “Энэ нөхөр тийм амархан гэж бодоод байгаа юм байх даа” гээд, зарим нь бараг л эрүүл байна уу, үгүй юу гэсэн байдлаар сайн итгэж өгөхгүй л байсан. Хүн том мөрөөдөлтэй байж, хөдөлмөрлөөд, мөрөөдлийнхөө төлөө тэмцээд, тэр нь биелээд явж байна гэдэг бол маш сайхан. Хүн гоё мэдрэмж авч болох дээд хязгаар гэж байдаг бол тэр л дээд хязгаар нь болсон юм даа. Mongolian Saturday хүлэг маань дэлхийд түрүүлэхэд өөрийнх нь морь түрүүлсэн юм шиг л баярласан хүмүүс бол монголчууд маань байлаа. Монгол даяараа ямар их баярлав. Үнэхээр их бахархсан. “Монголчууд чадлаа” гэж бодогдож байсан шүү.
ЧИНГИСИЙН МОРЬТОН МОНГОЛЧУУД МОРИНЫ СОЁЛ ӨНДӨРТЭЙ УЛС. МОРИЙГ ЯАЖ ЭДЭЛЖ, ЯАЖ УЯДАГ БОЛОХОО ХАРУУЛЖ ЧАДСАН
Хүн өөрөөрөө бахархах мөч гэж байдаг бол тэр нь болсон байх. Тийм хэмжээнд гарамгай амжилт гаргасан улсууд бол яриад, онгироод өөрийгөө хурцалж байхад буруудах юмгүй гэж боддог. Улсын наадамд морь түрүүлэхэд хэдэн үеэрээ яригддаг бол дэлхийд монголчуудынхаа нэрийг гаргаад, Монголоо сурталчлаад, морио түрүүлүүлээд ирсэн шүү дээ. Монголчууд дахиад зөндөө амжилт гаргана. Гэхдээ энэ амжилт маань үнэхээр анхны сайхан амжилт байсан болохоор олон арван үеэрээ яригдах байх. Дараа дараагийн амжилтууд ч яригдана. Том үүд хаалга нээсэн шүү.
Одоо бол Монголчуудын өмнө тэр хаалга нээлттэй гэсэн үг.
Монголчууд морины соёл өндөртэй, хүмүүс нь үнэхээр авьяаслаг юм байна гэж үнэлэгдэх тэр үүд хаалгыг нээж өгнө гэдэг бол сайхан л даа. Тэгэхээр тэр том зах зээлд өөр ямар том байр суурь эзлэх вэ гэдэг нь биднээс л хамаарна. Ямар ч байсан боломж байгааг харуулж чадсан.
СУМОГ МОНГОЛЧУУД НЭЭЖ БАЙСАН ШИГЭЭ Л ДЭЛХИЙН МОРИН УРАЛДААН ГЭДЭГ ТОМ ХОББИ, ТОМ БИЗНЕСТ МОНГОЛЧУУД ТАНИГДСАН. ТЭР БИЗНЕСТ “МОНГОЛЧУУД ТА БҮХЭН ТАВТАЙ МОРИЛ” ГЭЭД ТОМ ХААЛГАА НЭЭСЭН
Энэ бизнест арван жилийн хөдөлмөр орсон юм байна гэж би ойлгосон. 2005 онд анхны морио худалдаж авсан гэж уншиж байсан юм байна. 10 жилийн дараа дэлхийн аварга болж байна гэдэг чинь бас л их хүч хөдөлмөр шүү?
Ер нь аливаа бизнест цаг хугацаа хэрэгтэй. 2005 онд авдаг морь бол өөр морь байсан л даа. Арван жилийн өмнө анх оролдлого хийгээд, “За бидэнд бол ахадсан тоглоом байна аа. Их үнэтэй юм байна. Бас эдийн засгийн хувьд жаахан бэхжиж байж орж ирэхгүй бол болохгүй нь гэж шийдээд, ахиж 6-7 жилийн өмнө очиж байгаа юм. Шантрахгүй явсан байгаа биз дээ.
Тийм ээ. Шантрахгүй явсан хүн л амжилтад хүрдэг юм байна гэдгийг таны жишээ харуулж байна.
Эхний үед 2-3 морь аваад, за бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол болохгүй нь гээд түр завсарласан. Тэгээд дахиж ороод энэ амжилтад хүрлээ. “Монголчууд та бүхэн морины соёлд мундаг болохоо, адуу малтайгаа ойр байдгаа харуул” гээд магадгүй бурхнаас илгээсэн хишиг л байх гэж бодож байгаа . Энэ бүхнийг найзуудтайгаа олж хараад, ямар ч байсан дэлхий дээр морь түрүүлгэх морины бизнест том тоглогчийн нэг байх боломжийг олж харна гэдэг чинь бас агуу зүйл гэхээр арай томдчих юм болов уу? Ер нь бол аливаа юмыг олж харна, нээж олно, амжилт гаргана гэдэг бол гайхалтай, тийм ээ.
МОНГОЛЧУУД ТА БҮХЭН МОРИНЫ СОЁЛД МУНДАГ БОЛОХОО, АДУУ МАЛТАЙГАА ОЙР БАЙДГАА “ХАРУУЛ” ГЭЭД МАГАДГҮЙ БУРХНААС ИЛГЭЭСЭН ХИШИГ Л БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙГАА
Манайх шиг хүүхдүүд нь хүртэл морь унаж уралддаг улсын онцлог гэж болохоор юм биш үү?
Монгол шиг бага насны хүүхдүүд 40-50 км газар морь унаад уралддаг ийм улс дэлхий дээр өөр хаана ч байхгүй. Ийм жаахан хүүхдүүдээр морь унуулж байгаа нь бусад улсын хувьд бол төсөөлшгүй зүйл. Бидний генид байна л даа. Монгол хүүхдүүд адуу малтайгаа ямар ойр өсөж торниж байна. Ярихаас бусдаар л адуу малтайгаа харьцаж, хайрлаж байна шүү дээ.
Та хэдэн настайдаа морь унаж сурав?
6-7 настайгаасаа л морь унаж байсан даа.
Хурдны морь унаж байв уу?
За, хурдны морь гэвэл сунгаа, үсэргээнээс нэг их хэтрээгүй дээ /инээв/.
Хэзээнээс морь уяж эхлэв?
Морь анх аваад, том наадамд түрүүлүүлээд 18 жил болж байгаа юм байна.
Анхны морио түрүүлэхэд хөл газар хүрэхгүй баярласан биз дээ?
Улсын наадмын анхны түрүүг их насны Ухаа хонгор морь маань авч байлаа. Явж байгаа машин дээрээс нэг мэдэхэд л үсрээд буучихсан байсан. Яаж бууснаа огт санадаггүй юм /инээв/. Дараа нь Босоо хээр азаргаа түрүүлэхэд ч яг адил.
Та морьдоо өөрөө уядаг уу?
Эхний үед бол уяачаар уяулж байсан. Сүүлийн үед өөрсдөө нэлээд оролцоод л явж байгаа даа. Морь уяхад бол хотын залуучуудын тэргүүн эгнээнд нь л явсан. Монгол соёл, морин уралдаан, монгол наадам ямар гоё юм бэ гэдгийг хотын залуучуудад мэдрүүлж, яах аргагүй л уруу татсан хүмүүсийн нэг.
ХУРДАН ХҮЛЭГ ЭЗЭН ХОЁР БИЕ БИЕНЭЭ ХАЙЖ ЯВДАГ
Монгол соёлоо авч үлдэх чухал алхмын нэг болсон шүү.
Энэ хүн морь уяж байхад би бас болох юм байна гээд бизнес, ажил үйлс нь амжилттай явж байгаа хүмүүсийн дийлэнх нь л морь луу орж байгаа юм. Тэр хүмүүс морь худалдаж авна. Морь худалдаж авахаар нэг малчинд хөрөнгө оруулж байгаа юм. Сүхбаатар, Хэнтийн чиглэл рүү морь худалдаж авахад банкаар орж ирж байгаа мөнгө нь хямралаас өмнө бол их олон тэрбум төгрөг байсан гээд байгаа шүү дээ. 10-20 тэрбумаар яригддаг байлаа. Тэр бол малчдад хийгдэж байгаа боломжийн хөрөнгө оруулалт юм.
Та битүү морьд авдаг уу, эсвэл давхисан морьд авдаг уу?
Анхнаасаа морь авахдаа “Давхивал сайхан давхина биз дээ. Давхихгүй бол яахав, энэ айлд хөрөнгө оруулалт, жаахан ч гэсэн нэмэр болоо л биз” гэдэг бодлоор наймаа хийдэг байсан. Ер нь ах бид хоёр нэрд гарчихсан, тодорчихсон морьд бараг авч байгаагүй дээ. Битүү голдуу л морьд авч байсан. даа.
Морьдоо яаж шинжиж авдаг вэ?
Хүнээр шинжүүлэхийг нь шинжүүлнэ. Заримыг нь бол харахгүй ч авна. Сайхан давхина. Зүгээр өрөөнд ярьж сууж байгаад л их сайхан морь байна, авъя гээд, эсвэл эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна, зарчихъя гээд л ийм яриа өрнөж байгаад авдаг даа. Манай ахын саарал азарга байна. Саарал азарга бол эзэн нь эмчилгээнд ирчихсэн “Мөнгө хэрэгтэй байна. Энэ хоёр үрээ байна, аль нэгийг нь заръя” гэхэд, үнэхээр хэрэгтэй байгаа бол авъя гээд л авч байлаа.
АСГАТ СААРАЛ, ХУРДАН ШАРГА, ЖИГҮҮР ХУЛ, ЗАНДАН ХҮРЭН ГЭЭД ОЛОН САЙХАН ХУРДАН ХҮЛГҮҮД БИДЭНД ЗАЯАСАН. УЛС, БҮСИЙН НААДАМД ГУРВАН ТҮРҮҮ, ХОЁР ТҮРҮҮ АВСАН УДАА ХЭД ХЭД БИЙ
Тэгэхээр цаанаас нь бас харж байна аа даа?
Ер нь хурдан хүлэг эзэн хоёр бие биенээ хайж байдаг гэж монголчууд ярьдаг шүү дээ. Олон сайхан хурдан хүлэг заяасаан. Монгол наадам маань хишиг буянаа харамгүй хайрладаг юм.
Монгол наадам үнэхээр ижилгүй сайхан наадам шүү. Харин морин тойруулгын спортыг Монголд хөгжүүлэх боломж бий юу?
Мэдээж байгаа. Саяхандаа ч гэсэн Морин тойруулгын тухай хууль яригдаж байсан. Боломжууд бол байгаа. Гэхдээ баруунд, тэр олон сая хүнтэй газарт морин тойруулгын спорт бол том бизнес байдаг. Манайд эрхзүйн орчин бий болгох хэрэгтэй л дээ. Тэгж байж нөхцөл бүрэлдэх юм.
БИЗНЕС ХИЙДЭГ ХҮМҮҮС УЛС ТӨРД ОРОХ НЬ ЗӨВ ГЭЖ БИ БОДДОГ
Бизнес рүү орох анхны алхмаа хэрхэн хийж байв?
Ер нь бизнес, хөдөлмөр бол хүүхэд байхын л эхэлсэн гэж ойлгож болно. Хүүхэд байхаасаа л форм, ном дэвтрийнхээ мөнгийг олох гээд самар, жимсэнд явдаг байсан. Аав ээждээ загнуулна. Та нар модонд дүүжлэгдэж үхэх нь үү гээд л. Тэгээд хулгайгаар явна. Гялгар уутанд өөхөн тос боогоод кармандаа хийчихнэ. Давирхайгаа арилгах гээд тэр. Манай гудамжны хүүхдүүд Сонгинын эх рүү гудамжныхаа эгчийг дагаад л жимсэнд явдаг байлаа. Багаасаа л хөдөлмөрийн амт шимтийг үзсэн дээ. Хөдөлмөр хийгээд хамгийн наад зах нь хуушуураа аваад идчихнэ. Квас аваад уучихна. Бондойгоод л явчихаж байгаа юм /инээв/. Түүсэн жимсээ зараад, хөдөлмөр хийвэл сайхан амьдарч болох юм байна гэдгийг их эрт ойлгосон.
Аав ээжээсээ хэдүүлээ вэ?
Долуулаа.
Олон хүүхэдтэй айлын хүүхэд бол хөдөлмөрлөнө л дөө.
Тэгэлгүй яахав. Манай аав, ээж хоёр нормын ажил хийдэг. Цалин тийм их биш. Манай ээж Урт цагаанд гутал хийдэг байсан. Аав Эмийн үйлдвэрт ажилладаг. Хоёулаа л хөдөлмөрч хүмүүс. Аав, ээж хоёр маань өглөө эрт гараад л ажилдаа явна. Автобус унаа яваагүй байхад аав бол гараад л алхчихдаг байсан. Нэг талаас сайхан гимнастик хийчихэж байна. Магадгүй бас олон хүүхэд тэжээхэд чинь автобусанд мөнгө зарцуулахгүй байна гэдэг нь хэмнэлт болдог байсан байхыг үгүйсгэхгүй
“Би автобусаар явж байхаар хэдэн хүүхдэдээ талх авсан нь илүү нэмэртэй” гэж боддог байсан ч юм билүү. Аав ер нь үүрээр босоод л явчихдаг байсан. Ажил дээрээ хамгийн эрт очдог байсан гэж байгаа.
Хаанаас хаа хүртэл алхаж байна гэсэн үг вэ?
Тэр үеийн 500 айл, одоогийн Бичил хорооллоос Саруул захын дэргэдэх Эмийн үйлдвэр хүртэл. Ямар ч байсан 5-6 км байгаа байх аа. Олон хүүхэдтэй социализмын үеийн айл чинь ёстой л хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарна шүү дээ. Цалингаас цалингийн хооронд олон хүүхэд тэжээх амаргүй л байсан байх даа.
ГОВЬ-АЛТАЙ РУУ ӨВӨӨ, ЭМЭЭ ДЭЭРЭЭ ОЧНО. ХӨДӨӨ БОЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ. ХОНЬ МАЛАА ХАРИУЛААД Л, АДУУ МАЛТАЙГАА ОЙРХОН. ХУРДХАН ШИГ СУРГУУЛЬ АМРААСАЙ, ХӨДӨӨ ЯВАХ ЮМСАН ГЭЖ Л БОДДОГ БАЙЛАА
Зуны амралтаараа хөдөө явдаг байв уу?
Жаахан том болохоороо хөдөө яваад ирэхээр нөгөө самар жимс маань болж байгаа. Сургуулийнхаа юмыг бэлдэнэ гээд л яарна. Дараа нь юм оёж, сүүлд нь ганзагын наймаа хийгээд л бизнес эхэлсэн дээ. Монголчуудын гайгүй бизнес хийж байгаа улсуудын нэлээд нь Орос, Хятад хоёр гүрний дунд бизнес хийж байж гарааны мөнгөө олж нэлээд сайн хөлжсөн дөө.
Таны ах Цэрэнжигмэд бизнесээ эхлүүлэхэд тань их дэм болсон гэж бичсэнийг уншиж байлаа.
Тийм шүү. Ах дүү нар маань хамтдаа л бизнес хийж ирсэн. Манай компани ер нь тендер авч үзээгүй дээ. Сүүлийн үед том зээл авч ажлын байр бий болгоод л, хэдэн хүн ажилтай амьдралтай байлгаад явж байна. Өөрсдөө болж яваа улсуудын хийх ёстой ажлыг хийх гээд л үзэж байна даа.
Танай группын түүхийг харж байхад 1992 оноос эхлэлтэй юм билээ. Юуны түрүүнд “Макс” гэдэг нэрийн тайллыг сонирхъё?
Бид чинь эхлээд “Дөргөнэ” ХЭАА гэж байгуулж байлаа. Дараа нь “Ган гурав” гэж компани бий болгоод, хожим шинэ бүртгэлээр нэр давхцаж байна гээд нэрээ солих болсон. Тэгээд оргил дээд хэмжээг билэгдээд “Макс” гэдэг нэр өгсөн дөө.
“Максимум” гэсэн л агуулгатай юм байна, тийм үү?
Тийм ээ.
Анхны үед бусдын адил наймаанд хоёр улсын хооронд явж байв уу? Юм оёх ажилтайгаа давхцаад л малгай, шуба хийж гаргаад байтал хил жаахан тавигдаад гадаад паспорт олгогдлоо. Сүүлийн үеийн хүүхдүүд бол тэрийг мэдэхгүй. Паспорт авах гэж бөөн юм болдог. Тэгээд л гадаад паспорт аваад хил гарч үзэж байлаа шүү дээ /инээв/. Гадагшаа явж наймаа хийхээр чинь арай л том цар хүрээтэй болж эхэлсэн. Орос, Хятад хоёрын хооронд худалдаа хийхэд илүү их ашиг олж байгаа юм л даа.
Тэгнэ шүү дээ, юун Монголдоо зарах /инээлдэв/.
Өмнө нь польшууд энэ замаар их явсан байдаг. Хятадаас юм аваад Монгол, Орост зардаг байсан шүү дээ.
Польшуудыг чинь монголоор “наймаачин” гэж нэрлэдэг байсан байх аа?
Дамын наймаачин уу. /инээв/ Манайд тэр үеийн дамын наймаачин буюу одоогийн бизнесүүдээ үл ойшоосон байдалтай байсан үе бий шүү. Наймаа хийхээр цагдаа хураагаад л авчихна. Цагдаад бараагаа хураалгаад зогсож байсан үе зөндөө бий.
Берлин ресторан, Берлинбургер Монголд шинэлэг үйлчилгээ болон орж ирж байсан. Тэр үед хүүхдүүдтэйгээ хамт хооллож болох «тамхигүй орчин» ганц тэнд л байлаа. Энэ үйлчилгээг оруулж ирэх санаагаа хаанаас олж байв?
Анх ганзагын наймаа хийж явахдаа хоолны газрын үйлчилгээг олж хараад, иймэрхүү л зүйл хийх юм байна гэж ойлгоод, гадаадад харж байснаасаа баримжаалаад л хийсэн. Аливаа юмыг сэтгэлээсээ хийж чадвал өөр л дөө. Аль болох амттай хоолоор үйлчлэх ёстой гэдэг зарчмыг барьдаг байлаа. Нэг ч удаа шулсан мах хэрэглэж байгаагүй. Ер нь хүмүүсийн мөнгийг хулгай хийх шаардлага байхгүй. Амт муутай хоол хийнэ гэдэг чинь хүний мөнгийг хулгайлж байгаатай адил гэж үздэг. Магадгүй хэдэн сард нэг удаа хүүхдүүдтэйгээ хамт хооллож байгаа улсууд ч байгаа шүү дээ.
Берлинбургер бол өнөөгийн залуусын хувьд хүүхэд насных нь сайхан дурсамжид үлдсэн байх. Дараахан нь Макс супермаркет сүлжээг оруулж ирсэн. Хараад байхад дандаа л анхдагч үйлчилгээнүүд. Ингэж анхдагч байх амаргүй биз? Төрийн дарамт шахалтаас эхлээд л ...
Амаргүй л дээ. Өнөөдөр ч явдалтай л байна. Ажил хийхэд хүнд суртал, авлигын асуудал их саад тээг болдог. Гаднын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гээд 20-30 жил ярьж байна. Гэхдээ эхлээд дотоодынх нь хүмүүс сэтгэл хангалуун байх ёстой л доо. Дүрэм журмаа сайжруулаад бизнес хийхэд төвөг чирэгдэлгүй болгож өгч, үнэхээр өөрсдөө сэтгэл хангалуун байж л сая гадныхныг ажиллуулахаар оруулах ёстой. Бид нар өөрсдөө хүртэл “Ямар ядаргаатай юм бэ? Яах вэ” гээд залхах хэмжээнд байхад гадныхныг ирээд хөрөнгө оруулалт хий гэж хэлэхэд хэцүү. Бизнесийн орчны хууль, дүрэм журам нь ойлгомжтой, тодорхой байх ёстой юм. Гэтэл тоть шиг л ярьдаг юмаа яриад, хий эргэчихсэн дугуй шиг л яваад байна.
Та өөрөө улс төрд оръё гэж боддог уу?
Үгүй. Огт боддоггүй.
Та бизнес, улс төр хоёр тусдаа байх ёстой гэж үздэг юм уу?
Ер нь бол бизнес хийдэг хүмүүс улс төрд орох нь зөв гэж би боддог. Гэхдээ миний өөрийн сонирхол гэж байна шүү дээ. Ажлын байр бий болгож татвар төлөөд үзчихсэн, юм үзэж нүд тайлсан хүмүүс асуудлыг арай өөр өнцгөөс харна л даа. Тэр талаасаа бол бизнесмэнүүд улс төрд байх ёстой юм. Байх байхдаа ахиухан байсан ч болохгүй юм байхгүй гэж би боддог. Тийм хүмүүс арай том харж, илүү томоор сэтгэнэ шүү дээ.
МИНИЙ ХАМГИЙН ИХ БАХАРХАЖ ЯРИХ ДУРТАЙ АЖИЛ МААНЬ ЯАХ АРГАГҮЙ ЭНЭ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР
Анх энэ үйлдвэрийг авч байхад нэлээд хүнд байдалд байсан биз?
Өчнөөн их өртэй, цалингаа ч тавьж чадахаа больчихсон л компани 6 Монгол үндэстний эрхэм дээд орь хүслэнд тэмүүлэх галын дөл мөнхөд дүрэлзэж байх учиртай йсан. Үйлдвэрлэл нь ч бага. Одоо бол сайхан болж байгаа. Сүүний үйлдвэрт маань 400 гаруй хүн ажиллаж байна шүү дээ. Бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер 2000 гаруй хүн ажилтай орлоготой болж байна. Тэднийг орлоготой байлгадаг нь миний хамгийн дуртай ажлын нэг.
“Макс агро” эрчимжсэн МАА-н цогцолбор сүүний чиглэлийнх үү?
Тийм ээ. Хэдэн сая малтай мөртлөө гаднаас сүү авч байгаа гэдэг асуудлаар хийж байгаа эх оронч төслүүдийн маань нэг хэсэг нь л дээ.
Хэр олон үнээтэй вэ?
Эхлээд 300 гаруй үнээтэй энэ төслөө эхлүүлж байлаа. Одоо 600 гаруй үнээтэй болоод байна. Яваандаа бол тав, арван мянга болгох санаатай. Ер нь арван мянган үнээ сааж үйлдвэрлэлдээ оруулж хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна. Сүүнийхээ зарим хэсгийг хуурай сүү болгож, цаашлаад экспортлоно.
Сүүний үйлдвэрийн хувьд 100 хувь сүүгээр үйлдвэрлэл явуулж хүчин чадлаа нэмэгдүүлье гэвэл ийм ферм зайлшгүй хэрэгцээтэй юм байна. Одоо танай сүүгээ авдаг фермерүүд цөөн үнээтэй учраас ийм хэмжээнд хүрч чадахгүй байна гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Малчид байна, фермерүүд ч байна. Гучаад машинаар таван аймгаас сүүгээ татаж авч байгаа. Үйлдвэр маань бүрэн автомат системтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх л болж байна даа.
Миний хувьд “Сүү” компанийн бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгчдийн нэг л дээ.
Баярлалаа. Манай сүүний үйлдвэрт итгэж болно. Дээр би ярьсан шүү дээ, хэрэглэгчийг гомдоож болохгүй, хэрэглэгчийн мөнгөнөөс хулгай хийж болохгүй гэж. Тэр зарчим энд ч нэгэн адил үйлчилж байгаа.
Сүүний үйлдвэр дахин сэргээд шинэ менежментээр гараад ирэхэд их баярласан шүү.
Тэгвэл нэг ноогдол ашиг хуваах хэрэг гарах юм байна даа /инээлдэв/.
Монголдоо үйлдвэрлэсэн сүү, цагаан идээг хүнсэндээ хэрэглэх сайхан шүү дээ. “50 жилийн чанар” гэдэг үг шууд л анхаарал татаж байлаа. Цаг хугацааны шалгуурыг давна гэдэг тийм ч амар юм биш. Удахгүй 60 жил нь болох гэж байгаа биз дээ?
Ирэх онд 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам улс орон маань хөгжиж байна. Импортыг орлох бүтээгдэхүүнүүд ч нэмэгдэж байна.
Тийм шүү?
Цаашлаад томоохон төслүүдийг эзэмшээд, монгол хүн хурдхан шиг тэр тэрбумтных нь жагсаалтад ороод, олон зуун мянган ажлын байр бий болгоод өгөөсэй дээ, тийм биз. Үүнийг л манай төрийн нөхдүүд дэмжих ёстой юм. Бодлогоор дэмжээд 5-10 компанийг гаргаад ирэх ёстой байхгүй юу
Ярилцсан: Ц.Оюунчимэг
Үргэлжлэл бий...
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Ярилцлагын хорёдугаар хэсэг:
Сэтгэгдэл ( 5 )
Монгол оронг хөгжүүлэх ямарч арга хэмжээ Авахгүй зөвхөн гадаад зээлд дулдуйдаад л Байхм даа.
Jinhene eh oronch biznesmen gj boddog. Amjilt husie!
Монгол хүний үнэлэмжийг уландаа гишгэлсэн төрийн эрхийг гартаа атгасан цөөөөхөн хэдэн хувалзнуудаас салах цаг удахгүй ирэх байхаа. Дэндэж байна.Харийнхан хаданд гарч халхчууд шаварт хутгалдах ёсгүй.
Монголоо гэсэн сэтгэлтэй ажилсаг залуучууд дүү нартаа ажлын ажмжилт хүсье. Ийм л хүмүүс Монголын нэр хүнд, Монгол улсаа авч яваагийн тод жишээ шүү дээ. Урагшаа.
amjilt amjilt amjil