”Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Анх Уянгалянхуа бид хоёр нэгэндээ уньж туниад хэсэг юм болсон

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

"Зиндаа" сэтгүүлийн хоймор "Эрхэм зиндаа" буланд  Монгол улсын тод манлай уяач, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар уригдан оролцож байна.


ЗАСАГТ ХАНЫХНЫ ЗАН ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ

Хамгийн сайхан үр дүнг та хаанаас олж мэдэрч байв? 

“Ээж ээ, өлсөөд байна, хоол хийгээд өгөөч” гэхэд, манай ээж чинь их хурдан хоол хийнэ. Бараг хэлээд л дуусч байхад хоол болж байдаг /инээлдэв/.

Тийм хүмүүс байдаг шүү.  

Эхлээд бол ээжийн хоол сайхан. Дараа нь тодорхой хугацааны дараа эхнэрийн хоол сайхан болж байгаа юм даа.

Таны эхнэр сайхан хоол хийнэ биз?  

Сайхан хоол хийнэ шүү.

Таныг мисс эхнэртэй гэж л их бичдэг дээ /инээлдэв/.  

Хүн амьдралын ханиа сонгоно гэдэг хамгийн чухал. Хамгийн сайн зөвлөгч, амьдралын минь утга учир бол миний хайртай гэргий минь юм.

Та эхнэртээ анхны харцаар дурласан уу?  

Бараг тийм гэж хэлж болно доо. Нэг арга хэмжээн дээр харж байсан юм...

Гэрлэх саналаа яаж тавьсан бол гэдэг хүмүүст их сонирхолтой байж магадгүй ээ?  

Бид хоёр чинь бие биедээ уньж туниад хэсэг болсон юм. Их яаралтай шийдвэр гаргасан юмдаг /инээв/. Ойлгомжтой болдог шүү дээ. Учрах ёстой улсууд учирсан, жамаараа л болсон доо.

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?  

Одоо манайх таван хүүхэдтэй өнөр айл. Хоёр охин, гурван хүүтэй.

Дархан бэр болчихсон юм байна шүү дээ, мисс Уянгалянхуа маань. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна, нэлээд хөдөлмөрч маягаар уу?/инээлдэв/  

Сайн хүн болгохыг л хичээж байна. Мэдээж хөдөлмөрч байж, хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг болох нь сайн хүн болоход нэмэртэй л дээ.

Хөдөлмөрийн үнэ цэнийг та өөрөө яаж мэдэрч байв?  

Бид нар чинь хүүхэд байхдаа усаа зөөгөөд л, модоо хөрөөдөөд л. Худгаас ус авах гээд оочерлоод л зогсдог байлаа. Одооны гэр хорооллын хүүхдүүд бол бэлэн хагалсан түлээ авч байна. Гэтэл манайх чинь бараг л метрийн диаметртэй бүдүүн мод авна. Ах бид хоёр түлээгээ хөрөөдөж хагална. Тэр үедээ л том ажлын ард гардаг байлаа шүү дээ.

Таны хүүхэд насны хамгийн сайхан, огт мартагддаггүй ямар дурсамж байдаг вэ? 

 Хүүхэд байхад “Цагаан сараар нэг цадна” гэдэг шиг “Хүүхдийн мөнгө” авахад их гоё тансагладаг байлаа. Хүүхдийн мөнгө авсан гээд зурагтаа, хөргөгчөө аваад л, алим жимс, мандарин үнэртээд л /инээлдэв/. Хэд хоногтоо л их гоё. Энэ чинь жилдээ нэг удаа болж байгаа баяр. Тухайн үед дэлгүүрт орохоор алим, мандарины үнэр ямар ч сайхан байдаг байсан юм. Найр наадам шиг л юм болдог байлаа. Гоё л байсан юм даа.

Хүүхэд насны сайхан дурсамжийн нэг яах аргагүй мөн. Ямар ном унших дуртай байв?  

Зөндөө л ном уншиж байлаа. Одоо би хүүхдүүдээ аль болох номтой нөхөрлөөсэй л гэж бодох юм. Энэ сошиалд чинь хэт их орчих гээд хэцүү байна шүү дээ, хүүхдүүд. Хуудсыг нь эргүүлээд ном уншихын сайхныг мэдрүүлж амт шимтэнд нь оруулчих юмсан гэж боддог.

Таны амьдралыг үзэх үзэл бодолд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл юу байсан бэ?  

Хамгийн гол нөлөө үзүүлсэн зүйл бол гэр бүлийн хүмүүжил. Энэ бол үнэхээр том сургууль байгаа юм.

ЭЭЖИЙН ХООЛ БОЛ ХҮҮХДҮҮДДЭЭ ЯМАГТ Л АМТТАЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. НЭГ БУЦАЛГААД Л ХЭДЭН ГУРИЛ ХИЙГЭЭД ӨГӨХӨД ДЭЛХИЙН ЯМАР Ч ҮНЭТЭЙ РЕСТОРАНЫ ХООЛНООС ИЛҮҮ АМТТАЙ БОЛДОГ. ЭНЭ БОЛ “СЭТГЭЛИЙН АМТ” ГЭЖ БИ ОЙЛГОДОГ ЮМ

Ээж, аав тань юу хэлж сургадаг байв? Одоо ч гэсэн мөрдөж явдаг сургаалуудаас нь хэлбэл?  

Сайн хөдөлмөрлөх ёстой. Хүн хуурч болохгүй. Шударга бай гээд л сургадаг байлаа. Манай аав бол их шударга, хэлсэндээ заавал хүрдэг зантай. За л бол за. Энэ зан чанарыг авсан шиг байгаа юм.

Говь-Алтайн эрчүүдийг Засагт ханы хөх харчууд гэдэг байх аа?  

Их дайчин, хөдөлмөрч, нэг талаасаа жаахан ааш муутай ч юм уу гэмээр санагдаж мэднэ. Засагт ханыхны зан гэж байдаг юм шүү. Хөдөлмөрч, чигээрээ, аливаа юманд зорихоороо өөрийнхөөрөө байж чаддаг.

Таныг Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга боллоо гэж хэвлэлээр нэлээд шуугиж, голдуу улс төртэй хамаатуулж их бичсэн дээ.  

Тийм ээ. Намайг шууд л нутгийн зөвлөлийн дарга бол гэхэд нь “За тэгвэл өрсөлдөөд үзье” гэсэн чинь өрсөлдөх ч хүн гарсангүй. Ямар ч байсан хоёр жилдээ нутаг орныхоо төлөө ажиллая гээд нутгаа гэсэн сэтгэлтэй, бусдын төлөө хийж бүтээе гэсэн хэдэн хүнтэй нийлээд хамтраад зүтгэж л байна. Манай нутагт хөдөлмөрч, оюунлаг хүмүүс олон бий. Уул усны нөлөө байдаг юм уу. Их гоё энергитэй сайхан нутаг шүү.

БИ ХҮҮХДҮҮДЭЭ АЛЬ БОЛОХ НОМТОЙ НӨХӨРЛӨӨСЭЙ Л ГЭЖ БОДОХ ЮМ. ЭНЭ СОШИАЛД ЧИНЬ ХЭТ ИХ ОРЧИХ ГЭЭД ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ХҮҮХДҮҮД. ХУУДСЫГ НЬ ЭРГҮҮЛЭЭД НОМ УНШИХЫН САЙХНЫГ МЭДРҮҮЛЖ АМТ ШИМТЭНД НЬ ОРУУЛЧИХ ЮМСАН ГЭЖ БОДДОГ

Нутагтаа ямар ажлууд хийж эхлээд байна вэ?  

Нутгийн зөвлөлийн даргын ажлаа аваад 10 мянган мод тарих ажилд орсон. Модоо тарьсан, сайхан ургаж байгаа. Аймгийн төвд л голдуу мод тарьж байна. Цаашид олон зуун мянган мод тарих зорилготой. Бидний хүүхдүүд, үр ач нарын үед хангай шиг их модтой болгоно гэсэн том мөрөөдөлтэй байгаа. Бусдын төлөө сэтгэл гаргаад явах чинь бас гоё л доо.

Ямар мод тарьж байна?  

Ургаж болж байгаа модыг л тарьж байна даа. Олон төрлийн мод тарьсан, түрүүчээсээ ургалт нь нэлээд гайгүй байгаа. Бас арчилгааны асуудал гэж байна. Аймгийн нөхдүүдэд “Бид нар илүү гарсан мөнгөтэйдээ энд ирж байгаа юм биш ээ. Та нар арчилгаа тордолгоог нь сайн хийх ёстой шүү. Бид нар бас сэтгэл хөрчих юм бол дахин дахин ингэж ирээд байхгүй” гэж хэлж анхааруулж байгаа. Мөн нутгийн зөвлөлийн ажлынхаа хүрээнд бид нарын зорьсон нэг зорилт байгаа. Амьтны нялх үрсийг боловсон нойлд бие засуулчих юмсан гээд сум бүрийн сургуулийг боловсон нойлтой болгох гээд төлөвлөгөөнд оруулаад ажиллаж байгаа. Нэгдүгээр ангийн зургаан настай хүүхдүүд гадаа бие засах хүнд шүү дээ. Би гэр хороололд өссөн хүүхэд сайн мэдэж байгаа. Хийе бүтээе гээд хичээвэл боломжууд их байна. Цаг хугацаа бол мөнгөтэй зүйрлэмгүй үнэ цэнэтэй. Хөрөнгө мөнгө ч гэсэн хийсээд ирж байгаа биш. Хөдөлмөрлөж зовж олсон мөнгөө бусдын төлөө зарцуулж байна шүү дээ.

БИЗНЕС БОЛ ӨДӨР БҮР УРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙГААТАЙ Л АДИЛ

Говь-Алтайн байгаль их өвөрмөц юм билээ.  

Их сайхан нутаг. Ялангуяа Алтайн хязгаарын говь бол үнэхээр сайхан. Нутагт очоод ирэхээр сайхан энерги авдаг юм.

Та хэзээ хамгийн их баярлаж байсан санагддаг вэ?  

Морио дэлхийд түрүүлэхэд их сайхан баярлаж байлаа. Морин уралдаан үзсэн хүмүүс ирж баяр хүргэж, хамт зургаа авахуулаад дуусдаггүй. Хүн бүхэнтэй инээж зургаа авахуулсаар байгаад хацраа чилээсэн удаа бий шүү /инээв/. Баяртай үйл явдлууд олон л доо. Том том төслүүдээ нээгээд баярлана. Өөрт хэрэгтэй, өрөөлд хэрэгтэй юм хийгээд явахад түүнээсээ цэнэг авч, авсан цэнэг нь өөр шинэ юм хийж бүтээх хүсэл мөрөөдөл, том зориг гаргахыг бас өдөөж өгнө. Нэг амжилт дараагийн амжилтын үүдийг нээж өгнө гэдэг дээ.

Морин уралдаанаас гадна ямар спортыг дэмжиж Монголдоо хөгжүүлье гэж боддог вэ?  

Газрын теннис. Энэ чиглэлээр эхний ажлууд хийгдэж байгаа. Хэд хэдэн газар бэлтгэлийн заал түрээсэлж клуб ажиллуулж байна. Гайгүй сайн хүүхдүүд солонгос дасгалжуулагчтай хичээллэж байгаа. Бүгдээрээ од болохгүй ч гэсэн хүмүүжилтэй сайн хүн болоход нь нөлөөлнө. Монгол хүүхдүүд авьяастай. Саяхан л гэхэд Азийн аваргаас хоёр хүүхэд медаль хүртээд ирсэн шүү дээ. Хямрал гайгүй бол 2-3 заал барих санаатай. Яваандаа Монголын нэрийг гаргах тамирчид гарч ирэх байх аа гэж найдаж байгаа.

Нийгмийн хариуцлагын ажлуудыг бас нэлээд хийдэг юм байна гэж харагдсан. 2011 оноос эхэлсэн аяны хүрээнд бүтэн өнчин хүүхдүүдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж нээж өгсөн гээд л?  

Бүтэн өнчин хүүхдүүд насанд хүрээд асрамжийн төвөөс гарахад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болдог шүү дээ. 500 мянган төгрөг чинь хэдэн жилийн дараа ядаж нэг гэрийн мөнгө болчихно. Би ч одоо нэг гэр авах мөнгөтэй хүн шүү дээ гэж бодоход юмыг бас арай өөр өнцгөөс харна шүү дээ. Тэр хүүхэд “Би одоо эндээс гарахад яах вэ” гэж бодоход сэтгэлд нь жаахан ч гэсэн өег. Би гэр аваад амьдарчихна, эсвэл түрээс төлөөд ажил хийгээд явна гэх боломжийг хэдэн зуун хүүхдэд гаргачихсан л байж байгаа. Мөн Хараагүйчүүдийн нийгэмлэгтэй нэлээд хамтарч ажилладаг. Санаа байвч бас бүх юм руу оролцож ажиллаж чадахгүй шүү дээ. Ялангуяа энэ хямралын үед. Сайхан санаа байна. Зөв бодолтой, бодоод санаад явж байна гэдэг чинь бас л нэг эрхэм зүйлсийн нэг мөн гэж боддог. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.

Ажил олгогчийн хувьд, өнөөгийндээд боловсролын тогтолцооны талаар ямар бодолтой байдаг вэ?  

Сүүлийн 20-30 жил болж байгаа нь ч мэдэгдэхгүй, болохгүй байгаа нь ч мэдэгдэхгүй байдалтай л байна. Засаж залах юм их харагддаг шүү дээ. Дээд боловсрол бол хүнд хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хурдацтай хөгжиж байгаа өнөө үед монгол хүн дээд боловсрол эзэмших нь зөв. Дээд боловсрол эзэмшсэн залуучууд амьдралыг өөр өнцгөөс харж, шинийг санаачилж, ажлын бүтээмж нь дээшилнэ. Харин дээд боловсролын чанарын доголдол бодитоор үүсээд байна. Олон улсын стандартын шаардлага хангасан сургуулиуд үнэхээр хэрэгтэй байгаа.

Танай групп боловсон хүчний бодлогодоо хэр анхаардаг вэ?  

Аль болох цаг үеэсээ хоцрохгүй байхыг л эрмэлзэж байна. Бизнесийн салбар бол өдөр бүр л уралдаанд оролцож байгаатай адил. Байнга хөгжиж байхыг шаарддаг шүү дээ.

Ер нь бизнес хийнэ гэдэг амар зүйл биш. Үнэхээр л сэтгэлийн хаттай, хатуу зорилготой, туйлбартай хүн л бизнест амжилт гаргадаг байх гэж харагддаг. Оргүй хоосноос бий болгоод, олон хүнийг ажлын байраар хангаад аваад явна гэдэг чинь амаргүй биз дээ?  

Үүрэг л дээ. Бусдын төлөө ажилла гээд бурхан бүтээчихсэн байна. Бизнес хийж байгаа улсууд бол зарим нь үнэхээр шантарна гэгчээр чөмгөө дундартлаа яваад л байдаг. Баахан хүнд суртлын хана очоод мөргөчихдөг. Тийм тохиолдлууд зөндөө. Бүр их байсан. Одоо харьцангуй багасчихаад байна. Уг нь ийм зүйлийг байхгүй болгох л ёстой юм.

Хууль, журам, стандартаар уу?  

Төрийн нэрийн өмнөөс зөвшөөрөл өгсөн л бол төр хамгаалалтад авч байгаад ажлыг нь хийлгэж, үр шимээс нь татвар хураамжаараа дамжуулан хүртэх ёстой юм. Жишээлбэл, тэр гаднын компани, тэр дотоодын компани уурхай эрхлэх гээд зовж байгаа бол хамгаалалтад аваад ажлыг нь хийлгэхэд болохгүй зүйл үгүй шүү дээ. Гэнэт нэг их эх орондоо хайртай гээд хүн гарч ирдэг, эсвэл нэг улстөрч гарч ирдэг. Баахан үймүүлээд л ажил зогсоочихно. Уг нь хууль дүрмэндээ захирагдах ёстой биз дээ. Ихэнх нь шантаажны аргаар мөнгө олж сурчихаад, ингэж байж байгаад мөнгө авна даа гэдэг өнцгөөс нь хардаг юм уу гэмээр. Гаднын хөрөнгө оруулалттай компани өчнөөн олон сая доллар оруулчихсан байдаг. Лиценз өгсөн л бол хамгаалалтад аваад л ажлыг нь явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёрын хооронд хэдэн жилээр ч хамаагүй гацаагаад байхаар яаж дараагийн хүн орж ирэх юм. Хүнд сурталгүй, бүх юм нь ойлгомжтой, ийм асуудлыг ингэж шийддэг гэдэг нь тодорхой байх юм бол уул уурхайн төсөл хэрэгжүүлж, үйлдвэр цех байгуулахад өчнөөн олон ажлын байр бий болно. Гэтэл ямар их шат дамжлага, ямар их цаг хугацаа орж байна. Тэр хугацааг нь тооцож үзэх юм бол ямар тоо баримт гарах вэ гэдгийг одоогоор тооцоолж ил тод мэдээлсэн зүйл алга. Наад зах нь 30-50 хүний гарын үсэг шаардагдаж байна. Нэг албан хаагч дээр очоод гацчихдаг. Болж байгаа болов уу гэхэд болоогүй л байдаг. Хуулийн заалтуудад зарим талаар тусгагдсан боловч огт ойлгомжгүй юмнууд бас байна.

Танд үнэхээр шантармаар үе байсан уу?  

Зөндөө л тохиолдож байсан. Хүнд суртал харьцангуй багасч байгаа. Гэхдээ л энэ чинь 2000 он биш, 1990 он биш. Удаан байгаа байхгүй юу. Нэгэнт зах зээлийн нийгмийг сонгосон юм чинь нэг нэгнээ хүндэтгээд аль болох нарийн дүрэм журамтай, бүх юм нь зохицуулагдаад хэн нэгнээс хараат биш тийм нийгэмд аль хэдийн ирчих байтал дотоод, гадаадын ажил олгогчдыг нэг талаас нь л хараад байдаг. Тэгж болохгүй л дээ. Монгол Улс мөнгөтэй байж үзлээ. Мөнгө муутай байж бас үзэж байна. Гаднын хөрөнгө оруулагч хэрэгтэй юу, хэрэгтэй. Тэдэнд ашигтай, бидэнд ч ашигтай л байх ёстой. Харилцан ашигтай хамтран ажиллаад л явах ёстой юм.

Та гаднаас хэр их хөрөнгө оруулалт татаж чадсан бэ?  

Тэгж их татаагүй дээ. Ихэнхдээ л дотоодын өндөр хүүтэй банкнуудаас л зээл авч ажлаа явуулж байна даа.

Зээл төлөх амаргүй биз?  

Мэдээж хэцүү. Төлөөд л явж байна. Бусад улс оронд байдаг шиг санхүүгийн боломжууд байдаг бол зөвхөн манайх гэлтгүй компаниуд илүү олон ажлын байр бий болгож, илүү ихийг хийж бүтээнэ шүү дээ. Хүнд суртал, банк санхүүгийн нөхцөл байдал бол маш их ажлыг чөдөрлөж, хязгаарлаж байгаа юм л даа. Жишээ нь, өчнөөн олон ажлын байр бий болгох мөнгөөр банкинд хүү төлж байна.

БИД ХАМГИЙН БАТ БӨХ БАЙШИНГ БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Таны бизнестээ баримталдаг гол зарчим юу вэ?  

Шударга, монгол эр хүний жудагтай, бас нэг хэлсэндээ, хүн хуурахгүй, аль болохоор л зөв бодолтой байх нь чухал гэж боддог. Хуурмаг, хоёр гурван нүүртэй зан бол надад байдаггүй л дээ.

Та анх бизнесээ эхэлсэн тэр үеэс хойш өнөөг хүртэл хүрсэн амжилтаа харахаар ямар санагддаг вэ?  

Ийм олон салбар компанитай том групп болчихсон, энэ олон хүний амьдралыг аваад явж байна. Амжилтаараа бахархах сэтгэл төрдөг биз дээ? Олон жил хөдөлмөрлөлөө шүү дээ. Их ч хөлс хүчээ гаргалаа. Монголын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаад явж байгаа өөртөө, хамт олондоо баярлаж бахархалгүй яахав. Улам ихийг хийж бүтээх олон жил байгаа. Тэнгэр заяат монголчууд маань илүү сайхан амьдрах боломж байгаа гэж боддог доо. Тэр илүү сайхан амьдралдаа хурдан очих хэрэгтэй. Хэдэн жил, хэдэн хоногийн өмнө ч гэсэн очих ёстой л гэж бодож, хүсч явдаг.

Хамт олондоо хэлэх дуртай ямар үг байдаг вэ?

“Энэ бол бидний хамтын амжилт. Сайн хамт олон байж л амжилттай сайн ажиллаж байгаа. Нэг том ажлын ард гарахад энэ нь дараа дараагийн том ажлуудыг бий болгож байна. Энд ажиллаж байгаа бүх хүний л сэтгэл, хүч хөдөлмөр орж байж бид амжилттай явж байгаа. Та нар маань яах аргагүй энэ групп, энэ компанийнхаа багана нь юм шүү” гэж хэлдэг.

Энэ том группыг удирдаж байгаагийн хувьд таны амьдралын утга учир юугаар тодорхойлогдох вэ?  

Сэтгэл амар, өөрсдийн болон өрөөлийн төлөө багахан ч болтугай юм хийгээд зөв юманд нь зөв оролцоод явж байх, улсдаа татвар төлөөд, тэр нь олон хүний тэтгэвэр тэтгэмж өгөхөд нь хувь нэмрээ оруулаад явж байна гэдэг бол хүн болсны тодорхой хэмжээний үүрэг хариуцлага юм даа. Хийж бүтээж байгаа зүйлээсээ урам зориг аваад явж байх бас л сайхан.

Танайх саяхан шинэ стандартын барилга барьсан гэж сонслоо. Ямар шинэлэг давуу талтай юм бэ?  

Монголдоо Англи стандартын анхны байшинг барьж дуусгаад байна. Бат бөх гэхэд хэтэрхий бөх барьж болдог юм байна гэдгийг л харлаа даа. Евро стандарт, англи стандартын байшинд арматурын орц нь гэхэд 30 хувь илүү, бетоны марк нь 425 байдаг юм байна. Ихэнх байшингууд 325 маркаар хийж байгаа. Тэгээд энэ байшин маань цул цутгамал, маш их материал орсон барилга. Бид хамгийн бат бөх байшинг барьж чадлаа. Саяхан ашиглалтад орсон.

Танайх өөрийн барьж буй барилгадаа ашиглах материалыг өөрсдөө хийдэг гэж ойлгож болох уу?

Хийж чадах юмаа өөрсдөө хийе гэсэн бодлогоор барилгын материалаа хийдэг л дээ.

“Хийж чадах юмаа өөрсдөө хийе”. Таны философийг яг ингэж тодорхойлж болох нь ээ?  

Монголчууд хийж чадах юмаа өөрсдөө л хийх ёстой гэсэн тийм хүсэл эрмэлзэл байгаа юм. Чадах юмаа өөрсдөө хийж байж дараа нь чадахгүй юмаа хийж чаддаг болохын төлөө тэмүүлье л дээ.

Бизнест хөл тавьж байгаа залууст хандаж юу зөвлөх вэ?  

Боломжууд байгаа. Тэр боломжуудаа олж харах хэрэгтэй. Эхлээд өөрийгөө таних хэрэгтэй. Би яг юу хийж чадах юм бэ? Би үнэхээр мундаг инженер юм уу, эсвэл багш юм уу? Үнэхээр мундаг багш бол сургуулиа нээгээд ажиллах ёстой. Өөрийгөө таниад, би ийм байгалийн авьяастай, би ийм ажил хийж чадна гэдгээ олж харж таниад амжилт олох салбараа сонгох хэрэгтэй. Мэдээж сайн хөдөлмөрлөх хэрэгтэй, сайн тооцоолох хэрэгтэй. Ажил хийхэд тодорхой хэмжээний эрсдэл байна. Тэр эрсдэлээ бас харах хэрэгтэй. Бүх юмыг эрсдэлтэй гэж айгаад байх юм бол амжилтад хүрэхгүй. Тодорхой хэмжээний эрсдэл бол байна. Зоригтой байж сайн л хөдөлмөрлөх хэрэгтэй. Шударга байх ёстой. Шударга зөв бай, өөрийгөө тань, өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлж байж бусдыг хүндэлнэ шүү дээ. Өөрийгөө таниагүй, өөрийгөө хүндэлдэггүй хүн бусдыг хүндэлнэ гэж байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй л дээ.

Та Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм билээ?

Хөдөлмөр хийсэн хүнд зохих л юм даа /инээв/.

Таныг нэлээд баян цуглуулгатай гэж ярьдаг. Та юу цуглуулах дуртай вэ?

Сайхан хөөрөг, гоё эмээл гээд цуглуулга бол бий. Хүлэг морьд, монгол соёлтойгоо холбоотой эд өлгийн зүйлс л их сонирхдог доо. Цуглуулгаараа нэг катологи ном гаргадаг юм билүү гэж бодож байгаа.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

Үргэлжлэл бий...

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/

 

Ярилцлагын нэгдүгээр хэсэг:

“МАКС” Группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Монголчууд хийж чадах юмаа өөрсдөө хийх ёстой

 

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
solongo(66.181.160.78) 2023 оны 05 сарын 07

Mundag

1  |  0
гармаа(103.26.194.154) 2023 оны 05 сарын 07

Максынхан хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийн олшруулж сонголт сайтай болгомоор байх юм. Дэлгүүрийн дизайнаа шинэчлэж гоё болгомоор байх юм. Дэлгүүрт нь орохоор агуулах шиг санагддаг шүү.

1  |  0
G(66.181.188.233) 2017 оны 11 сарын 22

minii nuhurluj irsen erchuudees hamgiin judagtai,er zorigtoi,hun chanartai ni zasagt hanii huh harchuul baisan yum daa.Uneheer mundag

0  |  0
Өи(150.129.140.26) 2023 оны 05 сарын 07

Говьалтай аймгийн нутгиййн зөвлөлийн мах гэж юу гэсэн үг вэ

0  |  1
уншигч(103.229.121.86) 2023 оны 05 сарын 07

энэ сэтгүүлч нь гэж ёстой модноос модон хэлтэй амьтан бнаа ха ха ха. Эхлэхдээ тэр тавьсан асуултыг нь ээ, жаахнаах барахгүй сумтай асуултууд ямар модон огцом юм хэлж асууна вэ ёооё үхтэл инээлээ ха ха ха цаашаа уншаад ч хэрэгггүй бололтой, уг нь ийм хүнээс ядаж л зангарагтай биш юмаа гэхэд эвтэйхэн асуулт асууж болноо доо ха ха. Ямар ч сэтгүүл зүйн ур чадвар алгаа ха ха . Энэ лав сэтгүүлч бишээ, аягүй бол хөдөөний бас хөгшин мангар авгай байхаа ха ха. Нөгөө ногоон нүд бичдэн дорсгой хүүхний хамаатан байх хах ха

1  |  0
Зочин(122.201.24.62) 2023 оны 05 сарын 07

Манайх томоор нь мод авч түлмээр л байна. Арай хямд бж магад даанч сарын цалин маань хүрэлцдэггүй болохоор дандаа шуудайгаар нь нүүрс түлээ авдаг.

1  |  1
zochin(202.70.46.20) 2023 оны 05 сарын 07

yamar mundag hyn be unchin hyyhdyyded 500.000 iin devter neej ugsun gej bna shyy dee tegehed manai ih huraliin gishyyd geed bgaa 76 hynii sanaand iim sanaa orj ireegyi gehed .... hyyhdyydiig bayrluulj yavaa hynii ajil yils ni yandaa bytnee gedeg chini ene shyy dee eeee ajild ni ger byld ni sain saihniig hyseee.

0  |  1
Оюунаа(103.57.95.85) 2017 оны 11 сарын 21

Баярлалаа.Сайхан үйлс байна.Манай нутагт мод л дутаад байсан юм.Амжилт хүсье.

0  |  0
тэнэгүүдэд (202.9.40.29) 2023 оны 05 сарын 07

Чадаж байгаа юманд арга байхгүй шүү. Атаархаад байгаа хүмүүст

0  |  1
Zochin(124.58.123.241) 2020 оны 08 сарын 02

Uyangalyanhua ene odoo yamar yumaaraa miss boldog bnaa tsarai muutai l huuhen shd

1  |  0
Оогий(202.9.40.119) 2017 оны 11 сарын 21

Ер нь бол олон хүний амь амьдралыг авч явж байгаа өрхийн тэргүүн муу ч сайн ч шударга хөдөлмөрлөж амжилтанд хүрч байгаа энэ хүний алдаа оноог та нар шүүх эрхгүй хийдэг ээ хийцэн цаашдаа ч хийнэ мундаг хүн шдээ сайн яваа нэгнээ дэмжиж чаддаггүй яацан хүмүүс вэ?

0  |  0
30 ger bul(202.179.24.29) 2017 оны 11 сарын 21

mungu xuchte

0  |  0
Зочин(66.181.185.216) 2017 оны 11 сарын 20

Тэр бат бөх байшин нь 220к мөн бол нэг шатсан удаа бий шүү. Ккк

0  |  0
Zochin(222.128.223.2) 2017 оны 11 сарын 20

Hudalch hulgaich.. ymar ch bolovsrolgui...

0  |  0
172(103.57.94.112) 2017 оны 11 сарын 20

1998onoos ene kompani ene 2 ah dvvsiig medne. Barag mongold hugjij bgaa bizmesiin bvhii l salbart hurungi oruulj bgaa. Tvvnii neg ni shatahuunii salbar. 3 shine jileer hurungu oruulsan kompaniihaa shine jiliin arga hemjeend irj sugalaa sugaluulj shagnal garduulahad 3 udaa taarj mungu sugalj bsan. Ih l dotnii uuriin ahan dvvs shig sanagddag. Sain saihan yavaad ni bayarlaj yavdag daa. Sanaa saitai zaya saitai hvmvvs...

0  |  0
зочин(202.9.47.177) 2017 оны 11 сарын 20

Бүтэн өнчин хүүхдүүдэд 500000 төгрөгийн хадгаламж....Ямар ухаантай, сайхан сэтгэлтэй залуу вэ, манай бизнесменүүдээс хэн нь ч ийм биш шүү,харамч, шуналтай л амьтсууд байдаг,энэ өдрөөс эхлээд энэ хүнийг шүтэн биширнээ.

0  |  0
Zochin(202.9.43.12) 2017 оны 11 сарын 20

Hun muutai hundee muudaa deerelhuu gj yana

0  |  0
Око(66.181.190.10) 2017 оны 11 сарын 20

Олон хүнийг тэжээж яваа буянтай хүн шүү.Эхнэр нь ч гэсэн ухаалаг эмэгтэй Сайхан гэр бүлд аз жаргал хүсье

0  |  0
Zochin(66.181.184.20) 2017 оны 11 сарын 20

Ам ажил 2 нь зөрөх тийм сайхан байдаг юм байх даа. Хүмүүс мөрийтэй тоглоом их тоглодог гэдгийн байна лээ

0  |  0
Монгол хүн(182.160.32.79) 2017 оны 11 сарын 20

Таны хийсэн хамгийн муу зүйл Burger king оруулж ирсэн явдал шүү. Junk food

0  |  0
Soongo(139.5.216.144) 2017 оны 11 сарын 20

За яагаад л гэнэт ярилцга энэ тэр өгөөд эхлэв дээ, ингэхээрээ л эд нар наранхүү шиг их хурын гишүүн болдог шүү, ядаргаа

0  |  0
Zochin(103.212.118.14) 2017 оны 11 сарын 20

Neree l zasagt haanii erchuud jaahan aash muutai gehdee tsaanaa ih zuulun humuus shuu

0  |  0
Сонирхогч(103.212.119.173) 2017 оны 11 сарын 20

Тэр бөх бат байшин хаана баригдсан,,ямар нэртэй, орон сууцуу,офис уу. Зарагдах уу, метр квадратын үнэ ямар вэ?

0  |  0
Зочин(213.153.140.32) 2017 оны 11 сарын 20

пөөх.ийм олон хүүхэдтэй болчихсон юм уу

0  |  0
odon(139.5.219.39) 2017 оны 11 сарын 20

mini aavin nutag govi-altaihan geni ni uur hvmvvc shvv amjiltin tuluu.

0  |  0
Хэцүү эгч(66.181.191.245) 2017 оны 11 сарын 20

Засагт ханыхан хэцүү хэцүү гээд энэ хүн шиг олон хүн тэжээж олон айлын амьдарлыг хариуцаж бга нь цөөн шүү зарим нь муу эрд халдага дараа гэдэг шиг чүү ай л юмнууд зөндөө амжилт ганбаатар захирлаа

0  |  0
Zochin(66.181.176.142) 2017 оны 11 сарын 20

Zasagt hanii hoh harchuul hetsuu hetsuu unen hun muutai garuud shuu yahaaraa tegj onj helsen bnaa ertnees l udamshil bnda

0  |  0
Top