Баян-Өлгий аймагт Сингапур улсаас 14 жуулчин ирж, Алтай сумын бүргэдчидийн аж амьдрал, бүргэдээр ан хийх урлагтай танилцан зураг авалт хийж, казах зоны ахуй амьдралтай биечлэн танилцжээ .
Энэ үеэрээ тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангийн сурагч, бүргэдчин охин А.Айгеримийн гэрт зочилсон байна. Найман наснаасаа эхлэн бүргэдчин аавтайгаа хамт ан агнахад суралцсан А.Айгерим охин энэ жил 12 настай аж.
Тэрбээр саяхан Алтай суманд зохион байгуулсан "Алтан Алтайн бүргэд" тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан ажмилт үзээлсэн байна. Тэд А.Айгерим охины болон бусад авсан гэрэл зургуудаа олон улсын үзэсгэлэнд тавихаар зорьж байгаа аж. Түүнчлэн ирэх зургаадугаар сард 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин ирж А.Айгерим охины тухай кино хийхээр болсон тухайгаа уламжилжээ.
Харин түүнээс өмнө 2013 онд Н.Айшолпан охин 13 настайдаа «The Eagle Huntress» кинонд тоглож, бүргэдээр ан хийх урлагийг дэлхий дахинд таниулах үйлсэд гарамгай амжилт үзүүлсэн юм. Тэдний энэ үйлсийн харгуйгаар замнах охидын тоо жил бүр нэмэгдэх болж, Баян-Өлгий аймагт бүргэдчин охид олноор нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал Алтай, Алтанцөгц, Бугат, Сагсай, Толбо суманд 10 гаруй охин бүргэдээр ан хийж, уралдаан тэмцээнүүдэд оролцох болсон тухай мэдээ байна.
Сэтгэгдэл ( 0 )