Монголд элсэн чихэр үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд элсэн чихрийн үйлдвэр ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж дуусчээ. Тус үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, байрны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. Одоогоор зөвхөн түүхий эд бэлтгэх ажил үлджээ. Өнгөрсөн онд туршилт болгож элсэн чихрийн гол түүхий эд болох чихрийн манжинг бага хэмжээгээр тарьсан байна. Харин энэ хавраас үйлдвэрлэл явуулах хэмжээний чихрийн манжинг 90 га газарт тариалахаар төлөвлөөд байгаа. Өнгөрсөн долоо хоногт тариалалт эхлэх байсан ч цаг агаарын байдлаас болж хойшилжээ. Элсэн чихрийн үйлдвэрийг барих санхүүжилтийг Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд нутгийн зарим хүнсний ногоо тарьдаг иргэд болон үйлдвэрийн ажилтнууд чихрийн манжин тарих юм байна. Чихрийн манжинг сайн ургуулахын тулд сайн арчилгаа, усалгаа шаардлагатай байдаг аж. Монгол Улсын элсэн чихрийн түүхий эд болох чихрийн манжинг тарих таатай нөхцлийг тогтоон 1992-1996 онд элсэн чихрийн үйлдвэр байгуулах гэж гадны орнуудаас чихрийн манжин боловсруулах техник, тоног төхөөрөмжийг авч байсан боловч ашиглалгүй байсаар өдий хүрчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top